Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” (rat-hole) гэгдэх нарийн хонгил бүхий хууль бус уурхайд энэ сарын 6-нд осол гарч, 25 хүн амиа алджээ. Урьдчилсан таамаглалаар уурхайн гүнд тэсрэх бодис ашиглах үед осол гарсан байж болзошгүй гэнэ. Албаныхан өдгөө нурсан хонгилуудыг цэвэрлэж, сураггүй болсон иргэдийг эрэн хайж байгаа юм.
Тус улсын эрх баригчдын мэдээлснээр эл уурхай нь аюулгүй ажиллагааны ямар ч стандарт хангаагүй, хууль бус хэлбэрээр олон жил үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ. Одоогоор тус уурхайтай холбоотой хэд хэдэн этгээдийг саатуулан байцааж буй бөгөөд хууль бус олборлолтод хяналт тавиагүй орон нутгийн захиргааны албан тушаалтнуудыг ч шалгаж эхэлсэн байна.
Мегхалая мужид rat-hole төрлийн олборлолтыг Үндэсний ногоон шүүхээс (NGT) 2014 онд албан ёсоор хориглосон аж. Гэвч аюултай нөхцөлд, нууцаар олборлолт явуулсаар буйг олон улсын болон дотоодын хэвлэлүүд удаа дараа сануулсаар байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд болон төрийн дээд албан тушаалтнууд амиа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, нөхөн олговор олгохоо мэдэгдсэн юм. Мөн Засгийн газраас нь ижил төрлийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, уурхайн аюулгүй байдлын хяналтыг улсын хэмжээнд чангатгах үүргийг холбогдох байгууллагуудад өгөөд байна.
Э.Сүйлэн
https://www.unuudur.mn/a/280225


Сэтгэгдэл