Сүүлийн өдрүүдэд улс төр халахтай зэрэгцэн Төрийн өмчит компаниудын тоог цөөлөх, тэдний удирдлагуудыг халах солих тухай асуудал хэвлэлээр гарч эхлээд байна. Тэдгээрээс дурдвал Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн удирдлагыг солих “тохироо” намын байранд явагдаж байна гэх мэдээлэл бий.
Тодруулбал, "Монголын Зүүний хүчний холбоо" ТББ-ын нарийн бичгийн дарга, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Гадаад харилцааны бодлогын газрын даргаар ажиллаж байсан Г.Тэнгэр ойрын өдрүүдэд тус газрын даргаар томилогдохоор нэр бүхий хүмүүстэй уулзалт хийх болсон тухай намынхан нь ярьж байна.
Г.Тэнгэрийн нэр өмнө нь Элчин сайдын томилгоонд хэд хэдэн удаа яригдаж байсан ч гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан тул шалгуур хангаагүй гэсэн үндэслэлээр нэр нь буцсан байдаг. Тэрбээр Элчин сайдын суудал горилж, хоёр, гурван удаа нэр нь буцсан ч энэ удаа төрийн өмчит МИАТ компанийн захирлын суудалд очихоор хөөцөлдөж байгаа нь энэ аж.
Үүнтэй зэрэгцэн цахим орчинд МИАТ-ийн одоогийн удирдлагын нэр хүндийг зохион байгуулалтайгаар харлуулах, унагах агуулгатай мэдээлэл түгэх болсон нь албан тушаалын томилгооны төлөөх зохион байгуулалттай шахалт байж болзошгүй гэх хардлагыг дагуулж байгаа юм.
Ийнхүү улс төрийн томилгоо хийлгэхээр зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэх Г.Тэнгэрийн өнгөрөгч 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг сонирхуулж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
- Өөрийн орлого: ₮175сая
- Гэр бүлийн орлого: ₮156 сая
- Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
- Орон сууц барилга байгууламж: ₮1,7 тэрбум /Орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
- Тээврийн хэрэгсэл: ₮195 сая / Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
- Мал аж ахуй: ₮0 сая
- Газар: ₮10 сая /Эзэмших-0.07га-1/
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮101 сая
- Хадгаламж: ₮252 сая
- Авлага: ₮0 сая
- Зээл: ₮1,8 сая гэж мэдүүлжээ.
Дашрамд дурдахад, 2026 оны хоёрдугаар сард тэрбээр Монголбанкны дотоод аудитын газрын захирал албан тушаалтай эхнэр А.Шижирмаагийн биед халдаж, гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байсан түүхтэй юм.
https://news.zindaa.mn/5e1t


Сэтгэгдэл