Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Газрын тосны бүтээгдэхүүний шаардлагатай нөөц бүрдүүлэх, хангамжийг тогтворжуулах зорилгоор “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэнэ.
Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, хомстол үүсэхээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ нь төрийн өмчит компанийн өмчлөлийн зорилго, төрийн оролцооны үндэслэл, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зарчмыг тодорхойлон, төрийн өмчийн үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн суурь бодлогын баримт бичиг юм.
Өмчлөлийн бодлогоор төрийн өмчит компани тус бүрийн төрийн өмчлөлд байх үндэслэл, хувьцаа эзэмших зорилго, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлж, өмчлөгчийн чиг үүргийг нэгдсэн бодлого, нэгдмэл зарчмын хүрээнд хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ. Бодлогыг 2027-2030 онд гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Бодлогын хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 101 хуулийн этгээдийг өмчлөлийн зорилго, чиг үүргээр нь ангилж, 47 компанийг арилжааны, 54 компанийг нийтийн үйлчилгээний ангилалд хамруулахаар төлөвлөсөн. Мөн давхардсан чиг үүрэгтэй, үр ашиг багатай бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлснээр төрийн өмчит компанийн тоог 2030 он гэхэд 85 болгон бууруулахаар тусгажээ.
Түүнчлэн, төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах боломжтой 34 компанид бүтцийн болон өмчлөлийн шинэчлэл хийж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцааг нийтэд санал болгох, стратегийн хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын багцын механизмыг ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
Бодлогын хэрэгжилтийн үр дүнд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, төрийн өмчийн ашиглалт, үр өгөөж мэдэгдэхүйц сайжирна гэж үзэж байна.
Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 1.4 сая тонн ургац хураан авсан бөгөөд 574.7 мянган тонн үр тариа, үүнээс 519.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 204.8 мянган тонн хүнсний ногоо, 394.3 мянган тонн тэжээлийн ургамал, 57.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авлаа.
“Энэ жил байгаль, цаг уурын таатай нөхцөл бүрдэж, тариаланчид агротехнологийн арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай хэрэгжүүлсний үр дүнд өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ургац хураан авлаа” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэллээ.
Засгийн газраас “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тариалан эрхлэгчдэд хүүгийн дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.
Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 910 иргэн, аж ахуйн нэгжид нийт 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгааллын арга хэмжээг технологийн хугацаанд хэрэгжүүлэх, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах санхүүгийн боломжийг бүрдүүлжээ. Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 1,245 иргэн, аж ахуйн нэгжид дизель түлшийг литр тутмыг нь 3,400 төгрөгөөр нийлүүлжээ.
Ирэх оны тариалалтын бэлтгэл ажлыг эртнээс хангаж, шатахуун, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын үрийн нөөцийг бүрдүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна. Цаашид тариалангийн үйлдвэрлэлд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, технологийн шинэчлэлийг дэмжихэд чиглэсэн, үйлдвэрлэлийн орц, хэрэглээг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэлээ.


Сэтгэгдэл