Авлигатай тэмцэх газар (АТГ) явган хүний зам барих ажлын тендерт хууль бус давуу байдал олгож, байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
Тодруулбал, нийтийн албан тушаалтан Г.С нь явган хүний зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа хуульд заасан ерөнхий нөхцөл хангаагүй аж ахуйн нэгжийг дэмжиж, тендерт оролцох эрх олгуулан хууль бус давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогджээ. Үүний улмаас байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны арваннэгдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 16-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13-т нь хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн бол 78-ыг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Мөн эрүүгийн 1011 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлж, таван хэргийг нэгтгэн шалгажээ. Одоогоор 975 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна.
Тус хугацаанд мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллагуудад дөрвөн мэдэгдэл хүргүүлсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үедээ төлбөр авагчаас зээл нэрээр мөнгө шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, зөрчил гаргасан жолоочийг буруугүй мэтээр тодорхойлолт хийж өгсний улмаас хуулийн этгээдэд 12,6 сая төгрөгийн хохирол учруулсан, худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохдоо нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Сэтгэгдэл