Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг.
Тэгвэл анхдугаар Үндсэн хуулиа баталсан 95 жилийн ойн энэ өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулах ёслол боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулж гарын үсэг зурсан юм.
Үүний дараа баталгаажуулсан өөрчлөлтийг Үндсэн хуулийн уг эхийн хамт байршуулав.
Ерөнхийлөгч ёслолын үеэр хэлсэн үгэндээ "Монголчууд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын дарга аа,
Ерөнхий сайд аа Анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажууллаа.
1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг Монголын олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн зүгээс дөрвөн удаа төсөл өргөн барьж байв.
Миний бие УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлт дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох болон улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр шийдэх, эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй байх.
Энэ удаагийн Улсын Их Хурал эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш хагас алхлаа.
Уг нь нэг мөр шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан боловч олигархи цөөнхийн эрхшээлд багтсан бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй. Бид сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож чадсангүй. Жалга довны төлөөлөл хэвээр байх үзэл санаа амь бөхтэй зуурч үлдлээ.
Гэхдээ л чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид дахиад 8 жил хүлээхэд хүрнэ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаас хоцрон сугарч үлдэх болно. Төр улс орныг удирдах, зохицуулах чадвараа бүрэн алдах, энэ нь олон зүйлийн эрсдлийг дагуулах уршигтай байхаар нөхцөл бүрджээ.
Учир иймд улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ.
Бүхний түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхан эрэмбэлэгдэх учиртайг хэн ч, хэрхэвч мартаж болохгүй.
Монголчууд бид сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн тул ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулж байна.
Иргэн бүр унштугай, ухаартугай, дагатугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяарт хууль ёс тэгш үйлчилж, зон олон шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтугай" гэсэн юм.
Энэ удаагийн парламент 1992 оны Үндсэн хуулийн 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулаад байна.
Сэтгэгдэл