Мөнгийг нь авсан юм чинь саналаа өгнө л гэнэ


“Сонгууль ба олигархиуд” цуврал-1

Шинэ он гармагц монголчууд үндсэндээ сонгуулиар амьсгалж эхлэв. Ирэх сонгуульд аз туршихаар зэхэж буй улс төрийн намууд болон нэрээ дэвшүүлэхийг хүсэмжлэн горилогчид хот, хөдөөгүй “бэлчсэн”, өнөөх юухан хээхнээ сонгогчиддоо түгээсэн, тэр тухай нь гайхшаа баран бичсэн, шүүмжилсэн улс болж хувирав. Саяхан хуульч Б.Гүнбилэг өөрийн твиттер хуудсанд “Нутаг яваад ирлээ. Сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүн мөнгийг найгүй цацжээ. Түүнд хайр заралчихаж. Сум бүрд мотоциклтой сугалаа, концерт, багийн засаг дарга нарт мотоцикл, шинэ жил тэмдэглээрэй гээд 500К, 20-иод мянган хүнд 20К-тай бензиний арт. Мөнгийг нь авсан юм чинь саналаа өгнө л гэнэ” хэмээн бичсэн нь  дээрх байдлыг батлах бодит жишээ, нотолгоо юм. Ийм гаж үзэгдлийг зарим судлаачид олигархи дэглэмийн нэг үндсэн шинж чанар хэмээх ажээ.

УИХ-ын өнөөгийн гишүүдэд давуу эрх олгож, сонгуулиас өмнө сонгогчдынхоо дунд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах, тайлангаа тавих зэргийг урьдын адил албан ёсны сонгуулийн сурталчилгаа гэж үзэхгүй байхаар хуульчлав. Ингээд  битон сав, гутал хувцас, хэвлэмэл материал, өөрсдийнхөө том зураг бүхий календарь, аяга таваг мэтийгээ тарааж, “Та нар минь намайгаа л дэмжиж үзээрэй” гээд алга хавсран  залбираад шогшиж байна. Энэ нь  сонгуулийн тэгш байдлыг алдагдуулж буйг тоох ч хүн алга. Дээр дооргүй нэгэнт ийм дүлий, сохор мэт болчихсон  нийгмийн  ёс зүйн  доройтол нь  зарим гишүүдэд их л таалагдаж байгаа бололтой.  Нөгөө парламентийн тавиад ЖДҮ-чин, 60 тэрбумчин, концессчин олигархиуд  нь гэмгүй царайлаад л парламентад суудалгүй жижиг намуудынхаа төлөөллүүдээс өрсөн сонгогчдоо “усалж”, улам илүү ихээр таалагдахын тулд юугаа ч хайрлахгүй юм шиг байна.  Сонгогчиддоо мөнгө сэлт тараагаад саналыг нь худалдаад  авчихна гэж урьдынх шигээ маш их горьдож буй шинжтэй. Гэхдээ өмнөх сонгуулиудаас сургамж аван хал үзэж, хашир сууж, хэрсүүжсэн сонгогчид маань иймэрхүү хөгийн олигархиудад санал өгөхгүйгээ дотроо бас хатуу тооцчихсон яваа ажээ.

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад авлигын хэргээр ял эдэлсэн этгээд улс төрийн сонгуульд оролцон өрсөлдөх эрхгүй байхаар хуульчилсан нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон түүний намынхныг ихэд бухимдуулав. Тэр бүү хэл, Н.Энхбаярыг бараг өрөөсөн нүдээрээ ч харж чадахаа больтлоо “ардчилсан хувьсгалжсан” Э.Бат-Үүл хүртэл хуулийн уг заалтыг хэмх шүүмжилж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэлээ. Гэвч үнэндээ сүүлийн жилүүдэд манай олигархиудын улс төрийн авлига гаарч, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болсон тул ийм заалтыг хуулиндаа оруулсан нь харин ч илүү дэвшилттэй болжээ. Ингэж хуульчилсны цаад гол учир шалтгаан гэвэл  манай улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдэж орсонд л байгаа юм. Тиймээс энэ конвенцын 7 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд нэр дэвших, сонгогдох шалгуурыг нийтийн эрх ашгийг хамгаалах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор дотоодын хуульдаа хязгаарлалт тогтоож ажиллах ёстой. Урьд нь олон улсын хэмжээнд хүлээсэн энэхүү журамт үүргээ үл ойшоож ирсэнээр олигархиудын авлига албан тушаалын гэмт хэрэг улам задгайрсанд дүгнэлт хийж, авлигын хэргээр ял эдэлсэн хүний сонгогдох эрхийг хязгаарлаж өгсөн байна. Олон улсын түвшинд зарим судлаачид авлигын хэргийг хүн төрөлхтөний эсрэг гэмт гэж үздэг учраас ингэж онцгойлон авч үзэхээс аргагүй. Энэ мэт энгийн зүйлсийг ойлгох ухаан санаа уг нь Н.Энхбаяр, Э.Бат-Үүл нарт байх л учиртай. Түүнчлэн сонгогдох эрхийг хязгаарласан уг заалттай хамт харин хүний амь хороосон, хүчингийн хэрэг үйлдсэн гэх мэт хүнд хэргээр ял эдэлсэн хүмүүсийг бас төр рүү зүглүүлэхгүйн тулд нэр дэвшүүлэхгүйгээр зааглаж өгсөн бол болох байсан юм. Гай болоод ийм булай олигархи нь баахан хөрөнгө мөнгөө ил далдуур тараасаар УИХ-д ороод ирвэл  бид чинь “Хүн алсан манай гишүүн”,  эсвэл “Хүүхэн хүчиндсэн эрхэм гишүүн” гээд  сууж байлтай ч биш дээ. Ёс зүйн талаасаа ч энэ арай дэндүү жудаггүй юм болно. 

Мөн энэ дашрамт хэлэхэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд “нэр дэвшигч нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл байх” гэсэн шалгуур шаардлага тавьж, түүнийгээ мэргэжлийн эмчийн тодорхойлолтоор нотлох үүрэг бүхий заалт байсныг хэлэлцүүлгийн явцад хассан байна лээ. Харамсалтай юм. Үнэндээ сэтгэцийн эрүүл мэндийн байдалд нь эргэлзэхээр УИХ-ын гишүүд ч байна шүү дээ. Хэрвээ ирэх сонгуульд санал худалдаж авсаар гэнэт “салхи” нь таараад тийм “сэргэлэн баагий” нь парламентад ороод суучихвал  МАНАН, мафийн бүлэглэл буюу олигархи дэглэмийнхэн дээр бас нэг гайтай эргүү нэмэгдээд бүүр ч баларсан юм болж таарна. Ер нь манай улсын хүн ам чинь сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд цус ойртолт, архинд донтолт, бэлгийн замын өвчлөлт зэргээсээ болоод  тийм ч таатай бус байгаа шүү дээ. Ийм эмзэг байдлыг өнөөх олигархиуд нь янз бүрийн хүсэл тачаалаар бас овжин ашиглах гээд тийчлэхийг яана...

Үргэлжлэл бий.

О.Баяр

Шуурхай.м


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.