Эх орноосоо дайжсан экс ерөнхийлөгч


Үе үе зугаа цэнгэл голдуу газраар орж яваа зураг бичлэг нь гарах болсон экс Ерөнхийлөгч шинийн 2-ны өдөр гадаад улсад тоймч Болдтой ярилцлага хийж парламент телевизээр гаргав. Тэрээр хил даваад гурван сар болсноо дуулгалаа. Нэг уулзалтаас нөгөө уулзалт руу их завгүй яваагаа ярилцлагынхаа эхэнд дурдав. Түүнд Монгол Улсын хуулийн шүүхийн байгууллагын хэн нэгний харьяат болсон мэт доог тохуу хийж, өөрийгөө энхийн цагаан тагтаан дүрээр гадаад улсуудаар хэрэн хэсэж яваагаа яриандаа их л бардам хүүрнэв.
Түүнийг АТГ-аас  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компани болох “Ти Ди Би Капитал” ХХК болон тэдгээрийн хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д давуу байдал олгосон үйлдэлд НПГ-ын хяналтын прокурорын тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. Мөн оффшортой холбоотой болон улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг доройтолд оруулсан гэх үйлдэлтэй хэргүүдэд давхар шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хилээр гарсан бүртгэлтэй тул 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төвд товчооны ажлын албанд гэмт хэрэг мөрдөхтэй холбоотойгоор тодорхой хүний талаар мэдээлэл авах, биеийн байцаалт тогтоолгох, байгаа газрыг тогтоолгох “Хөх булант” зар мэдээ байршуулах хүсэлт хүргүүлээд байгаагаа мэдэгдсэн. Гэвч Ерөнхийлөгч энэ зуур хэдэн лайв хийж, твиттерээ удахгүй очно гэж мэдэлдэл хийсэн.  

Тэгвэл шинийн 2-нд өгсөн ярилцлагадаа ““Би эх орондоо очно гэж бодож байсан. Очно гэж хэлээд л байгаа. Гэхдээ яг Х.Баттулгын урилгаар очих нь зөв үү. Тэр хүн хуулийн байгууллагынхныг өдөр ч ажлыг нь хийлгэхгүй шөнө ч унтуулахгүй байгаа. Тэгэхээр би хуулийнхны дуудлагаар очих уу. Х.Баттулгын зохиох жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээс сонгох хэрэгтэй болчихоод байна ” хэмээлээ. Гэхдээ экс Ерөнхийлөгч өө, та хэрэг хийгээгүй юм ингэж улс дамжин хэсэж, зугтаж яана. Ярьж хэлсэн шигээ гутлаа тослоод зангиагаа зүүгээд хуулийн өмнө оч л доо. Худал үнэн, зөв бурууг хуулийнхны өмнө очоод ярих, мэдүүлэхдээ яагаад ингэтлээ айна вэ?
 
О.Онон

Эх сурвалж: Olloo.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.