Монголчууд цөөхөн ч гэсэн Том үндэстэн! Том үндэстний ерөнхийлөгч мөн л Том байх ёстой. Юмсын барилдлага гэж нэг тийм... "Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Зоригтой эр чонын үүрэнд ордог” гэдэг дээ!
Их Хан үндэстэн, Их Хятадын ард түмэн Азидаа ч, бүр дэлхийд ч нөлөө, хаялга ихтэй нь нэгэн үнэн. Энэ үнэний хүч улам л өргөжиж, тэлсээр байна. Энэ их хүч нэмэх тэмдэгтэй ч байж болно, бас хасах тэмдэгтэй ч байж чадна. Тэрбум хол илүү хүмүүсийн дунд хөнөөлт тахал гарч өдрөөс өдөрт улам л олон хүнийг өвчлүүлж, үхүүлж эхэлбэл түүний муу нөлөө, сөрөг хаялга орчноо ч бас хамах л болно...
"Халдвал хар халзанд нь” гэдэг дээ. Ши тэргүүнтэй нь шууд л уулзаж хэрэг явдлын учрыг тодруулах, хэрхэхээ ойлгох нь мөн ч зөв шийдэл юм шүү. "Бэрхшээлийг даван гарахад хамтрагч чинь байя, хажууд чинь зогсъё” гэж амласан ч яадаг юм. Хэн хэндээ л тустай, өгөөжтэй. Хамтын ажиллагаа хэзээ ч гэсэн хаяа сайтай, хаялга ихтэй нь бас нэгэн үнэн билээ.
Баттулга Ерөнхийлөгчийн энэ гэнэтийн, ухаалаг, богинохон айлчлал эрүүл мэнд-эдийн засаг-улстөрийн хувьд мөн ч хол явах үр дагавартай, мөн ч цагаа олсон алхам боллоо. Шуудхан хэлэхэд энэ айлчлал нь өнөөдрийн Монголын 300.000 орчим сул дорой иргэдийг "мөдхөн золгож болзошгүй” их эрсдэлээс хамгаалах гэсэн нэгэн эрсхэн, шийдсэн алхам юм. Ковид-19 нэн эмзэгт тооцогдох энэ 300.000 иргэний маань нэг хэсгийг нь арчаад явчихаж чадах л аюул юм. Ингэж тооцож, урьдчилан сэргийлж, наадах цаадахаа эргэцүүлэн бодох, лавлуулан сэтгэх хэрэгтэй!
Их Хүннү гүрэн, Их Хан гүрэн хоёр "их цас зуд, аюулт тахлын үед” хэн хэндээ нэг бус удаа гар сунгаж байсан түүх ч бас буй...
Мөнхийн хөршүүд хөршүүдээрээ л хоцордог нь эс зайлах тавилан заяа юм даа!
ТАЙЛБАР: 300.000 гэсэн тооны учир, задаргаа:
400.000 – өндөр настан
350.000 – архаг хууч өвчтэй хүмүүс
16.000 – хорт хавдартай хүмүүс
4.000 – сүрьеэгээр өвчлөгчид
1.000 – бөөр орлуулах эмчилгээ хийлгэдэг хүмүүс
524 – эрхтэн шилжүүлэн суулгасан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй иргэд
281 – Дох-ын халдвар авсан иргэд
(Энэ тоо, баримтанд бага бус давхардал буйг анхаарна уу)
Хоёр ард түмэн хоёулаа л аюулд учраад байна шүү дээ!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл