2020 онд Монгол Улс УИХ-ын ээлжит сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулна.
Сонгогч тухайн тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдээс зөвхөн нэгийг бус мандатын тооноос хамаарч 2-3 хүнд саналаа өгнө. Тойргийн сонгогчдоос хамгийн олон санал авсан мандатын тооны нэр дэвшигчид УИХ-д сонгогдоно.
Аймаг дангаараа болон хамтран, дүүрэг дангаараа, хамтдаа, хувааж сонгуулийн нутаг дэвсгэр болно. Үүнийг сонгуулийн олон мандаттай том тойрог гэх бөгөөд мажоритар (олонхийн) тогтолцооны нэг төрөл юм.
Дэлхий дахинаа парламентын сонгуульдаа олон мандаттай мажоритар тогтолцоог хэрэглэдэг улс цөөхөн. Канад, АНУ, Франц зэрэг зарим улсад1 зөвхөн муж, орон нутгийн сонгуульд энэ тогтолцоог ашиглаж байна. Тиймээс өөр улсын туршлагатай шууд харьцуулан дүгнэх бололцоо багатай. Харин зарим нийтлэг тохиолддог бэрхшээл, давуу талуудыг нь харгалзан үзэх хэрэгтэй. Сонгуулийн энэ тогтолцоо нь сонгогчид олон саналын эрхтэй учир парламентад сонгогчийн санал тодорхой хэмжээгээ тусгалаа олдог гэж үздэг. Гэхдээ санал гээгдэх, сонгогчдын оролцоо буурах, намын дотоод хагарлыг нэмэгдүүлэх, популист улс төрчид сонгогдох хандлага ажиглагддаг.
Өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуульд мажоритар тогтолцоог хэрэглэж ирсний хувьд дээрх бэрхшээлүүд бидэнд ч бас тулгарсаар байна. Сонгуулийн тогтолцоо бол дан ганц эрх баригч улс төрийн намын шийддэг асуудал биш. Гэвч нэгэнт олон нийтийн хэлэлцүүлэг, улс төрийн зөвшилцөлгүйгээр шийдсэн олон мандаттай том тойргийн мажоритар тогтолцооны сөрөг нөлөөг урьдчилж харах, өнгөрснөөсөө суралцах боломж байгаа гэж итгэж энэ нийтлэлийг бичлээ.
Бид 1992, 2008 онд олон мандаттай томсгосон тойргийн тогтолцоог бүтнээр нь, 2012 онд 48 тойрогт хэсэгчлэн хэрэглэсэн.
1992 оны УИХ-ын сонгууль анхны, намууд шинэхэн, улс төрийн өрсөлдөөн бага, улс төрчид туршлагагүй, сонгогчид мэдлэг нимгэн байсан. Нийт 1,085,129 сонгогчоос 1,037,392 (95.6%) оролцсон. Сонгуулийн 26 тойрогт найм нам, хоёр эвсэл, бие даагч нийт 293 нэр дэвшигчид өрсөлдөж МАХН (одоогийн МАН) нийт 51.72 хувийн саналаар УИХ-д 70 (92%) суудал авсан. Сонгогчид нэр дэвшигчдийг багаар нь сонгох хандлага давамгайлж байсан юм.
2012 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан бөгөөд 48 мандатыг мажоритар тойргоос, 28 мандатыг намын жагсаалтаар сонгосон. Мажоритар тойрог нь нэг мандаттай зургаа, олон мандаттай 20 тойрог байсан. Тиймээс сонгуулийн үйл явц, үр дүн туршлага сургамжийн хувьд ач холбогдол харьцангуй багатай.
Харин 2008 оны УИХ-ын сонгууль нь 2020 оны УИХ-ын сонгуультай ижил олон мандаттай том тойрог бүхий тогтолцоог ашигласан тул уг сонгуулийн үйл явц, үр дүнг судлах нь илүү ач холбогдолтой юм.
2008 онд нийт 1,542,617 сонгогчоос 1,179,448 (76.5%) оролцсон. Сонгуулийн 26 тойрогт 12 нам, нэг эвсэл, бие даагч нийт 356 нэр дэвшигчид өрсөлдөж МАХН (одоогийн МАН) нийт 433 хувийн саналаар УИХ-д 45 (59%) суудлыг авсан. Сонгогчид нэр дэвшигчдийг багаар нь сонгох хандлага мөн л давамгайлж байсан юм.
Хүснэгт 1. Олон мандаттай тойрог, мандатын хуваарилалт
Сонгуулийн жил |
Нийслэл |
Орон нутаг |
Олон мандаттай тойрог |
||
Тойрог |
Мандат |
Тойрог |
Мандат |
||
1992 он |
6 |
20 |
20 |
56 |
26/76 |
2008 он |
6 |
20 |
20 |
56 |
26/76 |
2012 он |
6 |
14 |
14/20 |
28/34 |
20/424 |
2008 оны УИХ-ын сонгуулийн тогтолцоо, тойрог, мандатын хуваарилалт нь 2020 оны УИХ-ын сонгуультай тун төстэй байжээ.
2008 оны УИХ-ын сонгуулийн зургаан тойрог (Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд болон Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд) тус бүр 4 мандаттай. 12 тойрог (Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий, Дархан-Уул аймгууд болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд) тус бүр гурван мандаттай. Найман тойрог (Булган, Говь-Алтай, Говьсүмбэр-Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Орхон аймгууд болон Хан-Уул дүүрэг) тус бүр хоёр мандаттай байсан.
Сонгуульд нийт 356 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 311 нь нам, эвслээс, 45 нь бие даагч байв. МАХН, АН мандатын тоогоор тус бүр 76 (нийт нэр дэвшигчдийн 48.9 хувь), бусад 10 нам, эсвэл 159 нэр дэвшигч буюу нийт нам эвслийн нэр дэвшигчдийн 51.1 хувийг нэр дэвшүүлжээ. Энэ бол МАХН, АН-уудаас бусад намууд тойрог бүрт бүтэн мандатыг ашиглаж чадаагүй гэсэн үг. 2008 оны УИХ-ын сонгуулийн гол өрсөлдөөн МАХН, АН-уудын хооронд явагдсан. Бусад нам, эвсэл, бие даагчид үндэсний хэмжээнд биш тойргийн төвшинд өрсөлдөж байжээ. Мөн Нийслэлийн зургаан тойрогт 146, орон нутгийн 20 тойрогт 210 нэр дэвшигчид тус тус өрсөлджээ. Нийт нэр дэвшигчдийн 665 (18.5%) эмэгтэй байсан.
Сонгогчдын оролцоо, төлөөлөл
1992-2012 онд сонгогчдын оролцоо тогтмол буурч ирсэн байна. Харин 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын оролцоо 74.4 хувь болж өссөн байдаг. Үе үеийн сонгуулийн түүхийг харахад олон мандаттай том тойрог бүхий мажоритар тогтолцоо сонгогчдын оролцоог нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлж байгаагүй. 1996, 2000, 2004, 2016 онуудад УИХ-ын сонгуульд нэг мандаттай жижиг тойргийн тогтолцоог хэрэглэсэн бөгөөд түүний нэг онцлог нь сонгогчдод харьцангуй ойлгомжтой, тодорхой байсан. Жижиг тойрогт улс төрийн өрсөлдөөн ширүүн байдаг. Сонгогч намаас нэр дэвшигчийг л намын бодлого гэж харж сонгодог. Тийм ч учраас сонгуульд оролцогчийн идэвх огцом буурдаггүй байж болох юм.
Зураг 1. Сонгуулийн ирц
Сонгуулийн оролцооны хувьд нэжгээд онцлог ажиглагдаж байна.
- 2008 оны олон мандаттай том тойрог бүхий сонгуульд сонгогчдын оролцоо өмнөх сонгуулиас огцом буурсан. 2012 онд мөн адил. Үүнийг сонгогч дан ганц дэмждэг намын нэр дэвшигчээс гадна, дэмждэггүй намын итгэж болох нэр дэвшигчийг давхар сонгох боломж олгож байгаатай холбож ойлгож болно. Улс төрийн намын үнэнч дэмжигчийн хувьд энэ асуудал биш, тэд саналаа багцалж өгнө. Харин сонгогч мандатын тоондоо багтааж олон нэр дэвшигчийг сонгох боломжтой байгаа нь сонгогчийн улс төрийн чиг баримжаа бүдгэрэх, улмаар сонгуулийн ирц огцом буурахад нөлөөлдөг байж болох юм.
- Сонгогчдын оролцоог нийслэл болон орон нутгаар ялгаж харахад 2008, 2012 онд 6 хувиар зөрүү байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн сонгогчид орон нутгийн сонгогчдоос сонгуульд оролцох идэвх сул байна. Нийслэлийн сонгогчид идэвхгүй оролцоход олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд сонгуулийн үеэр ажил, амралтын зорилгоор орон нутаг руу явдаг, улс төрийн нам болон сонгуульд үл итгэх хандлага өндөр, мэдээллийг олон эх сурвалжаар авдаг.
Хүснэгт 2. Сонгогчдын оролцоо (нийслэл, орон нутгаар)
Сонгуулийн жил |
Улсын дундаж6 |
Орон нутгийн дундаж |
Нийслэлийн дундаж |
2008 он |
76.46 |
79.00 |
73.82 |
2012 он |
67.28 |
70.03 |
64.02 |
- Олон мандаттай том тойргийн тогтолцооны хувьд нийт сонгогчдын саналыг 100 гэж үзвэл хэдэн хувь нь УИХ-д туссан эсэх нь хууль тогтоох байгууллагын легитим шинжийг тодорхойлоход чухал үзүүлэлт. Сонгуулийн мажоритар тогтолцоо энэ үзүүлэлтээр хангалтгүй байдаг. Учир нь 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн гишүүд сонгогчдын 41-49 хувийн дэмжлэг авч сонгогджээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их хурал сонгогчдын энгийн олонхийн саналыг ч авч чадахгүй байна. 2008 онд зөвхөн орон нутгийн сонгогчдын 51 хувийн санал УИХ-д тусгалаа олж байжээ.
- Сонгогчдын саналыг намаар нь багцлан үзвэл 2008 онд МАХН сонгогчдын 43 хувийн дэмжлэгтэйгээр УИХ-ын 45 суудлыг авч байсан бол АН сонгогчдын 39 хувийн дэмжлэгтэйгээр УИХ-ын 28 суудлыг тус тус авч байжээ. Сонгуулийн дүнгээр МАХН дангаараа засгийн газраа байгуулах боломж бүрдсэн боловч сонгуулийн дараах улс төрийн нөхцөл, эдийн засгийн сонирхол уялдан эвслийн засгийн газар байгуулсан.
Хүснэгт 4. УИХ-д туссан сонгогчдын дэмжлэг
Сонгуулийн жил |
Улсын хэмжээнд |
Орон нутаг |
Нийслэл |
2008 он |
49.56 |
51.24 |
43.93 |
2012 он |
41.10 |
43.20 |
|
- Сонгогчдын 43 хувийн дэмжлэг авсан МАХН УИХ-д 45 суудал авч байгаа нь нийт суудлын 59 хувь юм. Харин 39 хувийн дэмжлэг авсан АН УИХ-д 28 суудал авсан нь нийт суудлын 36.8 хувь болж байна. МАХН, АН-ын авсан сонгогчдын дэмжлэгийг УИХ дахь суудалтай нь харьцуулахад МАХН нь АН-аас 3 хувь, бусад нам, бие даан нэр дэвшигчдийн саналуудаас 16 хувийн саналыг өөртөө шилжүүлж төлөөлсөн байна.
- Олон мандаттай том тойргийн сонгогчид мандатын тоогоор санал өгч байгаа эсэх нь сонгогчдын оролцооны чухал үзүүлэлт. 2008 оны УИХ-ын сонгуульд 1,160,326 сонгогч 3,561,155 санал өгсөн. Энэ нь тойргуудад сонгогчдын 97-100 хувь, улсын дунджаар 98 хувь нь саналаа мандатын тоогоор өгсөн байдаг.
Хүснэгт 5. УИХ дахь намуудын төлөөлөл, бие даагчдын тоо7
Сонгуулийн Жил |
МАН |
АН |
МАХН |
ИЗНН |
Бусад нам, бие даагчид |
Нийт |
2008-2012 он |
458 |
28 |
|
2 |
1 |
76 |
2012-2016 он |
17 |
25 |
3 |
|
3 |
48 |
- УИХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл чухал асуудал. Монгол улс түүхэндээ анх удаа 2005 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28.2-т“нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь эмэгтэй байх" 9 заалт амжилттай баталсан. Гэвч хуулийн энэ заалтыг огт хэрэглэхгүйгээр 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуульд өөрчлөлт оруулж, хүчингүй болсон. Үр дүнд нь УИХ-д зөвхөн гурван эмэгтэй сонгогдсон. 1992 онд мөн л гурван эмэгтэй УИХ-д сонгогдож байсан.
Хүснэгт 6. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн, сонгогдсон эмэгтэйчүүд,
Тойрог |
Нэр дэвшсэн эмэгтэйчүүд |
Сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо |
Нийт |
|||
АН |
МАН |
ИЗНН |
МАХН |
|
||
2008-2012 |
66/290 (18.5%) |
0 |
2 |
1 |
0 |
3/76 (3.9%) |
2012-2016 |
174/370 (32%) |
4 |
2 |
0 |
0 |
6/48 (12.5%) |
- 2012 онд нийт 174 эмэгтэй нэр дэвшсэн бөгөөд дээрх тоо нь 48 мандаттай мажоритар 26 тойрогт нэр дэвшсэн, сонгогдсон эмэгтэйчүүдийн тоог харуулав.
2011 онд УИХ “УИХ-ын сонгуулийн тухай хууль”-ийг шинэчлэн баталсан бөгөөд хуулийн 27.2-т “Сонгуульд оролцож байгаа нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна”10 гэдэг заалт орсноор 2012 онд 11 эмэгтэй УИХ-д сонгогдсон.
Тэдний зургаа нь мажоритар тойргоос, тав нь намын жагсаалтаас сонгогдсон байдаг. Гэвч хуулиар зөвхөн квотыг л зааж, нэр дэвшүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт хийгээгүй учраасолонхи эмэгтэй нэр дэвшигчдэд сонгогдох магадлал бага байсан. Тухайлбал, намын жагсаалтад эмэгтэй нэр дэвшигчдийн ихэнхийг нь жагсаалтын талаас хойш бичсэн, сонгуулийн тойргийн зөвхөн 30 орчим хувьд л эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдөж байсан.11
Сонгуулийн өрсөлдөөн, үр дүн
Сонгуулийн мажоритар тогтолцоо нөлөө бүхий хоёр намын системийг төлөвшүүлэхэд нөлөөлдөг. Энэ ч утгаар МАХН, АН-ууд сонгогдож ээлжлэн болон эвсэж засгийн эрхийг хэрэгжүүлж байсан. 2008 оны УИХ-ын сонгууль ч мөн адил МАХН, АН-ууд хооронд өрсөлдсөн. Гуравдагч хүчний орон зай байсан ч намууд хүчтэй, том эвсэл байгуулж оролцож чадаагүй.
Хүснэгт 7. УИХ-д сонгогдсон нам, суудлын тоо
Сонгуулийн жил |
МАН /хуучин нэр МАХН/ |
Ардчилсан нам |
Бусад |
Нийт |
1992 он |
70 |
5 |
1 |
76 |
1996 он |
25 |
50 |
1 |
76 |
2000 он |
72 |
1 |
3 |
76 |
2004 он |
36 |
36 |
4 |
76 |
2008 он |
45 |
28 |
3 |
76 |
2012 он |
26 |
34 |
16 |
76 |
2016 он |
65 |
9 |
2 |
76 |
Сонгуулийн өрсөлдөөн, үр дүнгийн тухайд:
-
Сонгуулийн олон мандаттай том тойргийн тогтолцооны сул тал нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх явдал. 2008 оны УИХ-ын сонгуульд оролцогч нам эвслүүд сонгуулийн сурталчилгаандаа багаар нь сонгохыг уриалж байсан. Гэвч эцсийн мөчид нэр дэвшигчид мандатын тоонд багтахын тулд нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх тохиолдол нэлээдгүй гарсан. Энэ нь сонгууль намын мөрийн хөтөлбөрийг биш, харин тойрогт танигдсан нөлөө бүхий улс төрчдийг сонгоход нөлөөлсөн.Өөрөөр хэлбэл сонгогчдод бодлогыг бус, нэр дэвшигчийг харсан сонголт руу шахдаг гэсэн үг.
- 1992, 2008 оны УИХ-ын сонгуульд эрх барьж байсан МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан байдаг. Энэ нь засгийн эрхийг барьж байгаа үндэсний хэмжээний бүтэцтэй, эрх баригч намын олны танил улс төрчдөд сонгогдох давуу байдал өгдгийг нотолж байна.
- Гуравдагч хүчнийг төлөөлж УИХ-ын 25-р тойрогт Иргэний эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат, УИХ-ын 26-р тойрогт ИЗН-аас нэр дэвшсэн С.Оюун, УИХ-ын 22-р тойрогт бие дааж нэр дэвшсэн Д.Алтай нар ялалт байгуулсан. Эдгээр нэр дэвшигчид нь олон танил байсан нь сонгогдох томоохон түлхэц болсон. Иргэний эвслээс УИХ-ын 22-р тойрогт нэр дэвшигч Ж.Батзандан 35.373 (33.39%) сонгогчдын саналаар 6 эрэмбэлэгдсэн. 26-р тойрогт нэр дэвшсэн О.Магнай 19.689 (21.13%) сонгогчдын саналаар 10-т эрэмбэлэгдсэн байдаг.
- Зарим нэр дэвшигчид сонгуулийн өдөр12 Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчих, эмх замбараагүй байдал бий болгохыг санаархах, саналын хайрцгийг авч зугтаах үйлдэл гаргаж байсан. Сонгуулиас 2 хоногийн дараа нэр бүхий улс төрчид сонгогчдыг уриалан жагсаал, цуглаан зохион байгуулсан, эцэстээ жагсаал хяналтгүй болж “7 сарын 1” гэж нэрлэсэн эмгэнэлт үйл явдал болсон. Энэ нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, саналаа хулгайд алдсан гэж гомдсон улс төрчид болон сонгогчид эрх баригч МАХН-ыг сонгууль луйвардсан, санал тоолох үйл ажиллагааг будлиантуулсан гэж буруутгасан явдал. Учир нь хэд хэдэн тойрогт маш цөөхөн саналын илүүгээр нэр дэвшигчид ялж, ялагдсан байдаг. Үүнд сонгуулийн 21-р тойрогт 5 санал, 6-р тойрогт 49 санал, 25-р тойрогт 122 санал, 2-р тойрогт 217 санал, 1-р тойрогт 260 саналын илүүгээр ялалт байгуулсан байдаг.
- 2008 оны УИХ-ын сонгуульд МАХН, АН-ууд мөнгөн амлалтаар уралдсан нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн мөн чанарыг гуйвуулсан юм. Тодруулбал, МАХН иргэн бүрт 1,500,000 төгрөг, шинэ гэр бүлд 500,000 төгрөг, шинэ хүүхдэд 100,000 төгрөгийг амласан бол АН байгалийн баялгаас иргэн бүрт 1,000,000 төгрөг өгнө гэж амласан.
- 2008 онд орон нутгийн 10 тойрогт нэг намын нэр дэвшигчдийг багаар нь сонгосон бол 2012 онд орон нутгийн 3, нийслэлийн 4 тойрогт сонгогчид нэр дэвшигчдийг багаар нь сонгосон байна.
Ингээд гол үр дүн, сургамжуудыг товчлон сийрүүлье.
2008 оны олон мандаттай том тойрог бүхий сонгуульд сонгогчдын оролцоо өмнөх сонгуулиас огцом буурсан. Ялангуяа нийслэлийн сонгогчдын оролцоо тааруу байжээ. Тийм учраас сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа залуучуудын оролцоог сайжруулах олон талын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй.
2008 оны УИХ-ын сонгуулийн гол өрсөлдөөн МАХН, АН-ын хооронд явагдсан. Хэдийгээр иргэний нийгмийн байгууллага, хөдөлгөөнүүд маш их идэвхжиж дангаар ба эвсэж сонгуульд өрсөлдсөн боловч нэгдмэл стратеги, зохион байгуулалттай хүчтэй эвсэл байгуулан өрсөлдөж чадаагүй. Гуравдагч хүчний хувьд үндэсний хэмжээнд биш тойргийн төвшинд өрсөлдөж байжээ.
2008 оны сонгуульд эрх барьж байсан МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан бол гуравдагч хүчнээс Иргэний эвслийн Д.Энхбат, ИЗН-ын С.Оюун, бие даагч Д.Алтай нар л ялалт байгуулсан. Иргэний эвслийн Ж.Батзандан 33.39 хувийн саналтай тойрогтой зургаад. О.Магнай 21.13 хувиар аравт орсон. Гуравдагч хүчнийг төлөөлж буй нам, эвсэл, бүлгүүдийн хувьд тойргийн сонголт, багийн бүрэлдэхүүн зэргээр харилцан саналаа хуваахгүй байх, хамтран ажиллах боломж хувилбарууд чухал болно.
Томсгосон тойргийн сонгуульд сонгогчид нэр дэвшигчдийг тойрогт нэр дэвшсэн багаар нь сонгох хандлага давамгайлж иржээ. Ялангуяа орон нутгийн хэмжээнд ийм хандлага хүчтэй байна. Нам эвслүүд сонгуулийн сурталчилгаандаа багаар нь сонгохыг уриалж байсан. Нөгөөтээгүүр, нэг нам, эвслийн нэр дэвшигчид мандатын тоонд багтахын тулд хоорондоо өрсөлдөх тохиолдол нэлээдгүй гарсан.
Эцэст нь зайлшгүй анхаарах асуудал бол 2008 онд нэжгээд тойрогт маш цөөхөн буюу 5-100 саналын илүүгээр нэр дэвшигчид ялж, ялагдсан байдаг. Энэ нь санал тооллоготой холбоотой гомдол маргааны томоохон шалтгаан болсон.
2020 онд саналыг гараар биш цахимаар тоолох давуу талтай ч ойролцоо саналын зөрүүгээр ялах, ялагдах магадлалтай учраас холбогдох маргаан зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлсэн арга хэмжээг авах хэрэгтэй.
Нийтэлсэн: Улс төр судлаач Э.Гэрэлт-Од, Д.Бямбажав
[1] ACE project: Electoral knowledge network. http://aceproject.org/main/english/es/esd02.htm
[2]ТАНИЛЦ: 1992-2016 он хүртэл УИХ-ын сонгуулийн тойрог хуваалт ба үр дүн https://ikon.mn/n/1ra9
[3]ТАНИЛЦ: 1992-2016 он хүртэл УИХ-ын сонгуулийн тойрог хуваалт ба үр дүн https://ikon.mn/n/1ra9
[4]2012 оны УИХ-ын сонгуулийн 48 мандатыг олон мандаттай 20 тойрог, нэг мандаттай 6 тойргоос сонгосон.
[5] Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн (1992-2016) СЕХ. Улаанбаатар.,2017 он. тал 177.
[6] Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн (1992-2016) СЕХ. Улаанбаатар.,2017 он. тал 6.
[7] Sumati Luvsandendev, (2018) Voters ‘voices II. Ulaanbaatar.
[8]МАН нь 2008 онд нэрээ солиогүй байсан бөгөөд УИХ-ын сонгуульд хуучин МАХН нэрээр оролцож 45 суудал авсан.
[9] Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай. 2005 он. https://www.gec.gov.mn/post/2484n=%D0%A5%D1%83%D1%83%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B0%D1%80%D1%85%D0%B8%D0%B2
[10] Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль. (2011 он) https://www.legalinfo.mn/law/details/351?lawid=351
[11] ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилогдсон Сонгуулийн ажиглах хорооны Тайлан. (2016 он) https://www.osce.org/mn/odihr/elections/mongolia/284941?download=true
[12] УИХ-ын сонгуулийн санал хураалт 2008 оны 6 сарын 29-ны өдөр байсан
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл