Тэтгэврийн тогтолцоог “тэтгэвэрт гаргая”


2040 он гэхэд тэтгэврийн насныхан ажиллах хүчнээсээ илүү гарна

Гадаадын улс орны иргэд улс орнуудаар аялж, бусдад хандив өгч, хүссэн зүйлээ хийж байхад монголчууд тэтгэвэрт гарахдаа нийгмийн эмзэг давхарга руу шилждэг нь бодит үнэн. Энэ нь тэтгэврийн тогтолцооны ялгаа хийгээд манай улсын систем өөрөө "тэтгэвэр”-т гарсантай холбоотой. Харин дэлхийн улс орнууд 3-4 төрлийн даатгалаас тэтгэвэр тогтоож, иргэдийнхээ нийгмийн баталгааг хангаж байна. Эрдэмтдийн судалгаанд улс орнууд төрийн даатгалаас олгох суурь тэтгэвэр, заавал даатгалаас олгох хуримтлалын тэтгэвэр, сайн дурын нэмэлт тэтгэвэр, ажил олгогчоос олгох тэтгэвэр гэсэн үндсэн дөрвөн төрлийг түгээмэл ашиглаж байгааг дурджээ.

Харин манай улс одоо ажиллаж буй хүмүүсийн шимтгэлээр өндөр настнуудын тэтгэврийг өгдөг хувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжээд 25 жил болж байна. Энэ тогтолцоог XIX зуунд Германд анх нэвтрүүлсэн гэдэг. Үүнээс хойш Герман улс системдээ гурван удаа шинэчлэл хийсэн бол манай улс хэвээр нь хадгалж буй. Цаашид энэхүү тогтолцоог үргэлжлүүлэх боломжгүй нь жилээс жилд тодорхой болж байна.

Өөрөөр хэлбэл, Тэтгэврийн даатгалын сан 2012 оноос хойш жил бүр 500 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, тэтгэвэр маш бага хэмжээгээр тогтоож буйгаас гадна 2040 он гэхэд тэтгэврийн насныхан ажиллах хүчнээсээ илүү гарах судалгаа гарсан нь үүний илрэл билээ.

Уг нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдэл, жирэмсний амралт, хөдөлмөрийн чадваргүй болсны тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээ, өндөр настны тэтгэвэр авч, төлсөн шимтгэлээ бүрэн авах боломжтой. Гэсэн ч иргэд бүх үйлчилгээг авч, төлсөн шимтгэлээ бүрэн хүртэж чадахгүй байгаа юм. Тиймээс тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярилаа. Тэгвэл манай улс удахгүй хувийн буюу хуримтлалын тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх нь. Тодруулбал, УИХ-ын даргын захирамжийн дагуу тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх, одоогийн системд үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн хуримтлалын тогтолцоог бий болгох үүднээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна эдийн засагчид нэгдэж, тэтгэврийн шинэчлэл хийх хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Тэдний зүгээс ч одоогийн нөхцөл байдлаас гарах хамгийн оновчтой гарц нь хувийн хуримтлалын тогтолцоо гэж тооцож буй.

УИХ-ын гишүүн Н.Учрал

Тэтгэврийн тогтолцоог

УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгийнхэн холбогдох мэдээллийг цуглуулж, анализ хийж байгаа.1995 оноос хойш манайх шимтгэлд суурилсан тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш өнөөдөр ямар нөхцөл байдалд хүрснийг бүгд л харж байгаа. Үе үеийн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг ярьсан. Гэвч Тэтгэврийн сангийн алдагдлыг улсын төсвөөс нөхөх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх эсвэл тэтгэврийн насыг хойшлуулахаас өөр ямар ч дорвитой арга хэмжээ авсангүй. Тэтгэврийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн. Тэтгэврийн тогтолцоо нь өөрөө "тэтгэвэр”-т гарсныг иргэд олон нийт, судлаачид хэлдэг. Тиймээс ажлын хэсэг ирэх хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг батлуулахаар зэхэж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барина. Энэ хуулиар тэтгэвэрт гарсан иргэн төрийн болон хувийн тэтгэврийн сангаас зэрэг тэтгэвэр авах зохицуулалттай болох юм. Ингэснээр хөрөнгийн зах зээл өргөжиж, төгрөгийн ханшийг тогтвортой барих зэрэг олон давуу тал бий болно.

Улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авах бололцоо бүрдүүлдэг хувийн тэтгэврийн санг ашиглаж, өндөр настнуудынхаанийгмийн баталгааг хангаж байна. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй, хөгжингүй бүх улс оронд төрөөс гадна хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгож иргэдийг нэмэлт тэтгэврээр ханган, өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед нь хэвийн амьдрах баталгааг олгож, төрийн нийгмийн өмнө хүлээх чиг үүргээс хуваалцаж байна. Үүний зэрэгцээ ихээхэн хэмжээний хуримтлал үүсгэн, хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлсээр байгаа юм. Гэхдээ манай улс хувийн тэтгэврийн санд шууд шилжих боломжгүй бөгөөд эхний ээлжид нийгмийн даатгалын шимтгэлийн 1-2 хувийг хуримтлалд шилжүүлэх нь зүйтэй гэдгийг эдийн засагчид хэлж буй.

Эдийн засагч Г.Батзориг

Тэтгэврийн тогтолцоог

Одоогийн систем ихдээ 50- 60 жил үргэлжлээд нуран унана. Удахгүй манайд хүн амын цонх үе хаагдах гэж байна. Хамгийн их ажиллах хүчтэй үе. Энэ залуучууд 30, 40 жилийн дараа нэгэн зэрэг тэтгэвэрт гарна. Харамсалтай нь, тухайн үеийн ажиллах хүч нь зөвхөн шимтгэлээр энэ их тэтгэврийг төлж чадахгүй. Төсвөөс авах татаас нь нэмэгдэж, тэтгэвэр тогтоолгохдоо орлогынх нь 18-40 хувиар л тогтоно. Тэтгэвэрт авах орлого нь гурав дахин багасаж, хэрэглээгээ хангахын тулд зээл авна. Бүр хэцүүдвэл үр хүүхдийнхээ орлогоос хуваалцаж эхэлнэ. Тэгэхээр бид одоогийн системд зайлшгүй шинэчлэл хийх хэрэгтэй. Хувийн тэтгэврийн сан руу шилжүүлбэл богино хугацаанд ДНБ- ны алдагдал таван хувь хүрэх ч 2069 оноос эхлэн ашигтай гарч ирж байна. Мэдээж бид шууд нийгмийн даатгалын шимтгэлийг хувийн сан руу шилжүүлж чадахгүй учир бусад улс орнуудын адил шимтгэлийн 1-2 хувийг шилжүүлэх байдлаар явах нь зүйтэй. Хувийн тэтгэврийн санг нийгмийн даатгалын шимтгэлийн 1-2 хувиар бүрдүүлбэл хөрөнгийн зах зээл дээрх компаниуд хямд, урт хугацаатай эх үүсвэртэй болох юм. Улмаар хөрөнгийн зах зээл хөгжиж, улсын төсөв түүхий эдийн үнээс хамаарах хамаарал ч багасна.

Иргэдийн мөнгийг урт хугацаанд найдвартай хадгалах аж ахуйн нэгжүүд бий юу? 

Гучин жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ өөртөө болон үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээхийг хэн хүнгүй хүсэх нь мэдээжийн хэрэг. Харин хуримтлал үүсгэж, иргэдийн мөнгийг урт хугацаанд хадгалж, эргэлдүүлэх найдвартай аж ахуйн нэгж бэлэн үү гэдэг нь эргэлзээтэй. Хэдийгээр манай улсад хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүд бий болсон ч урт хугацаандаа хэрхэх нь эргэлзээтэй. Иргэдээс шимтгэл авч хуримтлал үүсгэн, эдийн засгийн эргэлтэд оруулж, ирээдүйд их хэмжээний мөнгө өгч чадах эсэх нь ч эргэлзээтэй. Аж ахуйн нэгж, иргэд хуулиар зохицуулсан найдвартай үйл ажиллагаанд л итгэнэ. Тиймээс зөвхөн хувийн тэтгэврийн сангийн хуулийг батлаад зогсохгүй үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид ногдох үүрэг, хариуцлагыг тодорхой болгох нь зүй билээ.

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан

Тэтгэврийн тогтолцоог

Өндөр хөгжилтэй, тэтгэврийн даатгалын систем нь сайн хөгжсөн орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоон дээр бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийх боломжоор хангасан байдаг. Харин манайд ямар эргэлзээтэй болохыг Капитал банкны хэрэг харуулсан.

Б.Цэнд-Аюуш

Эх сурвалж: eagle.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.