Суут тамирчин, тулааны урлагийн мастер, гайхалтай жүжигчин Жет Лиг энэ удаагийн "Дэлхийн хүн” нүүрт онцолж байна. Өдгөө 57 настай түүний амьдрал тийм ч дардан байгаагүй гэдэг. Бээжин хотын ядуусын нэгэн хороололд ядуу өрхийн бага хүү болон мэндэлсэн түүний жинхэнэ нэр нь Ли Ляньцзе. Тэрбээр нэгдүгээр анги төгсөөд бусад олон хүүхдийн нэгэн адилаар спортын зусланд у-шу сурч эхэлжээ. Хоёр настай байхад аав нь нас барж, автобусны кондуктор хийдэг ээж нь хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн байна. Энэ гэр бүлд мөнгө хүрэлцээгүй байсан учир Жет Ли болон түүний ах, эгч нар өлсөхийн зовлонг утгаар нь үзсэн гэдэг. Багаасаа тайван, дөлгөөн бас дуулгавартай хүүхэд байсан тул багш нар нь түүнд их хайртай байжээ. Хожим нь Жет Ли у-шугийн секцэнд огт санаандгүй орсон тухайгаа ярьсан байдаг. Амралт дууссаны дараа хүүхдүүдийг явуулсан боловч түүнийг тусгайлан авч энэхүү тулааны урлагаар үргэлжлүүлэн хичээллэхийг зөвлөсөн байна. Урам орсон хүү ч дасгал сургуулилтаа эрчимжүүлсэн түүхтэй. Түүний ур чадвар богино хугацаанд дээшилж, 11 настайдаа у-шугийн аваргын таван алтан медалийг авчихсан байжээ. Улмаар засаг төрөөс түүнийг 45 орны тамирчид оролцсон тулааны урлагийн том тэмцээнд оролцуулахаар сонгосон байна. Энэ тэмцээн түүний дэлхийд танигдах эхлэл болсон гэхэд хилсдэхгүй. 11 настай хүү "Сэм авга”-ын нутгийг зорьсон бөгөөд түүнийг дэлхий даяар хэвлэлийн баатар болно гэж хэн ч төсөөлөөгүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Никсон өөрийн биеэр Лигийн тоглолтыг үзэн ихэд магтсан байна. Энэхүү үйл явдлыг товчхон сийрүүлье. 1974 он. АНУ-ын Вашингтон хот. Цагаан ордны өмнөх талбай дээр дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн өмнөө зогсох ази царайтай жаалхүү рүү тонгойн гар барьж, толгойг нь илснээ "Залуу минь, чиний үзүүлбэр үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Том болохоороо миний бие хамгаалагчдын нэг болох уу” гэж асуулаа. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон байжээ. Харин Жет Ли "Үгүй. Би тодорхой ганц хүнийг хамгаалмааргүй байна. Би том болоод эх орныхоо тэрбум хятад хүнийг хамгаална” гэж хариулсан нь дэлхий даяар шуугиан тарьжээ. Тухайн үеийн Америкийн хэвлэл мэдээлэлд "Коммунистууд жаал хөвгүүний тархийг угаасанд гайхах зүйлгүй” хэмээж байсан бол Хятадын ард түмэн хүүгийн эх оронч үзлийг шүтэн биширсэн ажээ. Багаасаа л ядуу амьдралыг туулсан Жет Лид барууны тансаг амьдрал мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд америкчуудтай харилцах явцдаа тэдний нөхөрсөг занг ойлгон мэдэрч, дайсагналцах шаардлагагүйг ойлгосноо хожим нь дурсан ярьжээ. АНУ-д өнгөрүүлсэн хэдэн өдөр түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд тэр цагаас хойш түүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж эхэлсэн байна. Тэрбээр Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 1976-1977 онд дэлхийг тойрсон аялан тоглолтод оролцож, 1979 онд Их Британд үзүүлэх тоглолт хийсэн байна.
ЖЕТ ЛИ ЖҮЖИГЧИН БОЛСОН НЬ
Тэр у-шугийн спортоо орхино гэж зүүдлээ ч үгүй явсан. Гэвч ийм үйл явдал болсон юм. Жет Ли 17 настай байлаа. Энэ бол түүний жүжигчний замнал эхэлсэн цаг хугацаа. У-шугийн тэмцээний үеэр Жет Ли найруулагчдын хараанд өртсөн бөгөөд 1982 онд анхны дэлгэцийн бүтээлдээ тоглосон нь "Шаолины сүм” байлаа. Түүнд туршлага байгаагүй ч шууд л гол дүрийг бүтээх эрх авчээ. Кино ч амжилттай болж, Азийн зах зээлд шуугиан тарьсан юм. Улмаар "Шаолины сүм-2”, Шаолины хүүхдүүд” (1983 он), "Шаолины сүм-3: Умард ба Өмнөд Шаолин” (1986 он) кинонууд гарчээ. Шаолины гурамсан кинонд тоглосны дараа Ли "Жет” (англи. Jet) буюу "Тийрэлтэт” хочтой болжээ. Жет Лигийн дараачийн гайхалтай кинонууд бол "Хятадад нэг удаа” (1991 он), "Хятадад нэг удаа2” (1992 он), "Хятадад нэг удаа-3” (1993 он) юм. Энэ удаа Ли Хятадын ардын баатар, кунг-фугийн мастер, эмч Вонг Фей Хуны дүрийг бүтээсэн билээ. Түүний нэр хүнд Ази тивд асар хурдтайгаар өссөн бөгөөд дэлгэцэд дүрээ мөнхөлснөөс хойш 16 жилийн дараа "Үхлийн зэвсэг-4” кинонд "муу залуу”-гийн дүрд тоглуулахаар урьснаар түүний өмнө Холливудад хөл тавих үүд хаалга нээгджээ. 2000 оноос түүний амжилтын оргил үе эхэлсэн бөгөөд "Ромео үхэх ёстой” (2000), "Луугийн үнсэлт” (2001), "Цорын ганц” (2001), "Баатар” (2002), "Төрөхөөс үхэх хүртлээ” (2003), "Нохой Дэнни” (2005), "Аймшиггүй” (2006), "Дайн” (2007), "Хориотой хаант улс” (2008-Жет Ли энэ кинонд анх удаа Жеки Чантай хамт тоглосон) юм. Түүнчлэн "Муми 3: Луугийн эзэн хааны бунхан” адал явдалт кино гарчээ. Тэрбээр 47 насандаа "Тэнгисийн диваажин”, "Дийлдэшгүй” гэсэн хоёр киноны гол дүрийг бүтээжээ. Харин 2011 онд гарсан "Луугийн хаалга”, 2012 онд үзэгчдийн хүртээл болсон "Дийлдэшгүй-2” кино нь хамгийн их ашиг орлоготой киногоор тодорсон байна. Харин жүжигчин өөрөө "Ромео үхэх ёстой” кинонд сэтгэл дундуур байдаг аж. Учир нь, энэ кинонд компьютер график ашигласан нь уран бүтээлчийг зарчмаасаа ухрахад хүргэжээ. Уг кинонд тоглосныхоо дараа тэр дахин хэзээ ч тусгай эффект ашиглахгүй гэж амласан байна. Холливуд Жет Лиг "Матрикс” болон "Гэтэж буй бар, хүрхрэх луу” хоёр кинонд тоглуулах санал тавьсан ч жүжигчин зөвшөөрөөгүй гэдэг. Жет Ли эхнэрээ төрөх хүртэл ажлаа хийхгүй дэргэд нь байхаар амласан учир "Гэтэж буй бар, хүрхрэх луу”-д тоглож чадаагүй байна. Харин "Матрикс” киноны хувьд бүх зүйлийг компьютерээр хийх учраас ямар ч ур чадвар шаардлагагүй гэж үзжээ. "Тулаантай киноны жүжигчны мэргэжил эрсдэл өндөртэй байдаг. Та гэмтэл бэртэл авдаг уу гэсэн сэтгүүлчийн асуултад Жет Ли "Бэртэлгүй өнгөрсөн зураг авалт гэж бараг үгүй. Ялангуяа уран бүтээлийнхээ эхэнд би их бэртэж байсан. Энэ төрлийн киноны жүжигчин, орлон тоглогчид ажлаа эрсдэлтэй шууд холбоотой гэдгийг сайн ойлгодог. Би 10 дайсантай тулалдаж байгаа хэсэгт тэднийг гэмтээх, эсвэл эсрэгээрээ өөрөө бэртэл авах магадлал их байдаг. Тиймээс би хамтран тоглож байгаа хүнээ намайг бэртээчихлээ гэж уурлахгүй нь ойлгомжтой. Бас түүнийг гэмтээсний төлөө өөрөөс нь уучлалт гуйхыг надаас шаардана гэж би боддоггүй. Эрсдэл бол бидний ажлын салшгүй хэсэг юм” гэж хариулжээ. Жет Ли 12 настайдаа кунг-фугийн төрлийн кинонд тоглохыг хүсэж продюсерт хандсан боловч татгалзсан хариу авч байсан нэгэн. Харин 17 нас хүрэхэд нь тухайн кино багийнхан дахин холбогдсоноор Шаолины гурван ангит кинонд дүрээ мөнхөлсөн юм. Жүжигчин Жет Ли Хятадын "Жанжин” кинонд тоглохоор 100 сая юанийн гэрээ хийсэн нь тус улсын киноны түүхэнд байгаагүй өндөр үнэ байлаа. Өмнө нь тэрбээр "Баатар” кинонд тоглохдоо 70 саяын гэрээ хийж байсан бол энэ удаа энэхүү амжилтаа эвдсэн юм. Хятадын хамгийн өндөр үнэтэй жүжигчний талаар "Жанжин” киноны найруулагч Питер Чан "Жет Ли бол дэлхийд танигдсан хүн. Тиймээс киноныхоо нэрийн хуудас болгохоор түүнтэй гэрээ хийсэн” хэмээн тайлбарлаж байсан юм. Уг кино 40 сая ам.долларын өртөгтэй бөгөөд энэ мөнгөний талаас илүү хувийг жүжигчдийн цалинд зарцуулсан аж. Тэр кино урлагт хөл тавих болсон шалтгаанаа Брюс Литэй холбон тайлбарладаг. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би багаасаа л Брюс Ли шиг тулааны урлагийн кино од болох мөрөөдөлтэй явсан. Тиймээс спортоо орхиж жүжигчний замыг сонгосон. Энэ нь ч буруудаагүй. Намайг 19 настай байхад Хятадын Засгийн газраас ард түмний ёс суртахууныг хурдацтай дээшлүүлэх бодлого явуулж байсан. Энэ нь надад илүү их боломж олгосон” хэмээн ярьжээ.
ЖЕТ ЛИГИЙН АМЬДРАЛААС…
Түүний хувийн амьдрал тийм ч нээлттэй биш. Угаасаа гэр бүлийнхээ тухай олон нийтэд дэлгээд байхыг хүсдэггүй нэгэн ажээ. Түүний болон гэр бүлийнх нь талаар элдэв цуурхал, мэдээ мэдээлэл их гардаг байсан ч тэрбээр үүнд ач холбогдол өгдөггүй байжээ. 1987 онд Жет Ли "Шаолины сүм” кинонд хамт тоглосон у-шугийн тамирчин Хуан Цюйяньтай гэрлэсэн боловч 1990 онд салсан байна. Тэд хоёр охинтой. Харин 1999 онд Ли Хонконгийн жүжигчин Нина Ли Читэй гэрлэж дахин хоёр охинтой болжээ. 2004 оны арванхоёрдугаар сард Жет Ли охинтойгоо Мальдивт амарч байхдаа цунамид өртсөн бөгөөд энэ үеэр түүнийг нас барсан гэх цуурхал тархсан юм. Тэр охиноо аварч яваад хөлөө хугалсан байжээ. Улмаар 2009 оноос Сингапурын иргэншилтэй болж, тэнд суурьших болсон юм. Жет Ли буддын шашин шүтдэг бөгөөд Далай ламтай уулзаж байжээ. Гэхдээ энэ уулзалтаас болж Бээжингийн удирдлагатай асуудалд орохыг хүсээгүй тул 2007 онд Түвэдийн бие даасан байдлыг дэмжигч биш гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. "Улсын хил хязгаар, үндэстний асуудал бол улс төрийн хэрэг болохоос шашных биш” гэж тэр хэлсэн байна. Жет Ли Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн бөгөөд буяны үйл хэрэгт идэвхтэй оролцдог. 2008 онд AMPAS (Америкийн кино урлаг, кино судлалын академи)-т уригдсан 105 хүний нэг болжээ. "Цус нэгт ахан дүүс” (2008) кинонд генерал Пан Цин-Юний дүрийг бүтээж "Hong Kong Film Awards”- ын "Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон юм.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл