Шарын шашины соёлыг Монголд сэргээн хөгжүүлэхэд улсаас нөхөн олговор олгоно


Шарын шашины соёлыг Монголд сэргээн хөгжүүлэхэд улсаас нөхөн олговор олгоно

 

Улсын Их Хурлын нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өчигдөр (2020.01.14) Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
 
 
 
    Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д "Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, 9 дүгээр зүйлийн 1-д "Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ " гэж, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т "Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж тус тус хуульчилсан байдаг.
 
    Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан. Судалгаанаас үзвэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байснаас 14 мянга гаруйг нь буудаж, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд хэлмэгдүүлэлтийн жилүүдэд уран барилгын цогцолборууд болох 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэжээ.
    Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалын 3.1.4.8-д "Уламжлалт Бурхны шашин соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ”, 3.1.4.9-т "Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурхны шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж заасан байдаг.
 
Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна.
 
    Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр Бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, Монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. Өөрөөр хэлбэл Монгол дахь Түвдийн шарын шашны соёлын өв болох сүм, хийдийг сэргээн босгоход улсаас нөхөн олговор гэх нэрээр санхүүжилт олгох бололтой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.