УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зэвсэгт хүчний анги, салбарт хүний амь нас хохирсон гэмт хэрэг удаа дараа гарах болсонтой холбогдуулан тус салбарын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг өчигдөр зохион байгуулсан билээ.
Уг хэлэлцүүлгээс дараах агуулга бүхий зөвлөмж, чиглэл өгөх тухай тогтоолыг гаргасан байна.
Дэд хорооны тогтоолд "Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн дэг нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдэл удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгад зөвлөмж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болгосугай” гэжээ.
Үүнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Цэргийн албаны тухай хуулиудад зохих өөрчлөлтийг оруулах, цэргийн алба хаагчийн эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох чиглэл өгсөн бол төрийн цэргийн байгууллагад хүний эрх зөрчигдсөн зөрчил удаа дараа гарсныг мэдсээр байж удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүй ЗХЖШ-ын удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөсөн байна.
Мөн хүний эрхийн зөрчилтэй холбоотой мэдээлэл авах тусгай дугаар нээх ажиллуулахыг ХЭҮК-т даалгажээ.
Сэтгэгдэл