Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 11 дүгээр сард УИХ-ын чуулганы танхимд гишүүн Ж.Мөнхбатад хандан " Хулгайч бацаан минь дуугай байгаарай. Хамаг юмыг чинь дэлгэнэ шүү. Нүүрсний хулгайч чинь” хэмээн хэлсэн удаатай. Гэвч өнгөрсөн оны сүүлээр АТГ-аас нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон хэмээн 17 хүний нэрийг зарлахад Ж.Мөнхбатын нэр байгаагүй. Тэгвэл АТГ болон Прокурор, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний хулгайн гэх хэргийг өнгөрсөн хугацаанд шалгах явцдаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэргийг сөхөн шалгаад яллагдагчаар татах тогтоол баталсан тухай өчигдрөөс эхлэн хэвлэлүүд бичиж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Хятадын компанид нүүрс худалдахаар тохиролцсон гэх хэргийг сөхөн шалгаад яллагдагчаар татахаар болсон аж.
Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын дарга Г.Занданшатарт "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гардуулав”. Тэрбээр үүнийгээ нэгт, ээжийн бие муудсан, гадаадад авч явж эмчлүүлэх шаардлагатай. Хоёрт, зохион байгуулалттайгаар хэрэгт холбогдуулж гүтгэж байгаа учраас энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэж тайлбарлаж байгаа юм. Түүний араас УИХ -ын гишүүн, НХХ - ийн сайд Т.Аюурсайхан "буухиаг үргэлжлүүлж" УИХ - ын дарга, Ерөнхий сайд нарт чөлөөлөгдөх хүсэлт гэгчээ өгөөд байна.
Харамсалтай нь дээрх хоёр гишүүний өгсөн бичиг албан баланк дээр бус А4 цаасан дээр бичигдсэн нь ямар нэгэн гэмшил хүлээх, хүндэтгэл үзүүлэх байдалгүй тоглоом шоглоом мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж, шүүмжлэл хүлээх боллоо.
Тэдний энэ үйлдлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сонгуулиас өмнө амжиж хийхээр зүтгэж буй МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон түүний багийнханд үзүүлж буй "бойкот", шантаажийн зорилготой байж болох юм гэж ажиглагчид үзэж байна.
Учир нь, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад заавал 76 гишүүн байх шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар "Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/ -аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан бөгөөд 15.8-д Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь "батлах" санал өгсөн бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсанд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ гэж бий.
Тэгэхээр Үндсэн хуульд нийт гишүүний гэж тодорхой заасан бөгөөд нийт гишүүн гэдэгт 76-г бүхэлд нь хамруулж үзэж буй юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын гаргасан хүсэлтийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүслээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэлдүүлье гэвэл нэг сайдтайгаа, хоёр гишүүнтэйгээ тохиролцохоос өөр аргагүй болох төдийгүй цаашид тохиролцохоос аргагүй гишүүдийн тоо хэд хүртэл нэмэгдэхийг таашгүй.
Харин нөхөн сонгууль явуулах асуудал яригдвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаа үлдэхгүй ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд "Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэж бий. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд "Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалт бий.
Дээрх хоёр гишүүний УИХ - ын гишүүнээс чөлөөлөгдөх, нэг сайдын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хүлээн авсан тохиолдолд нөхөн сонгууль зарлаж, тойрогт ялсан гишүүн нь тангараг өргөсний дараа ҮХНӨ хийх боломж бүрдэх юм.
https://www.newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/39001
Сэтгэгдэл