Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр олон хүн баривчлагджээ


Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр олон хүн баривчлагджээ

 

ПАРИС. /Anadolu/. 
Францын Засгийн газар тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентад санал хураалт явуулахгүйгээр батлахаар болсныг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар 500 гаруй хүнийг баривчилжээ.
 
 
 
Засгийн газар үндсэн хуулиар олгогдсон тусгай эрх мэдлээ ашиглан тэтгэврийн шинэчлэлийг парламентын доод танхимд санал хураахгүйгээр явуулахаар болсны дараа орон даяар гуравдугаар сарын 16-аас эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн байна. Шинэ хуулийн дагуу тэтгэврийн насыг 2030 он гэхэд 62-оос 64 болгож нэмэгдүүлэх юм.
 
 
 
Парист парламентын эсрэг талын талбайд эсэргүүцлийн жагсаал хийхийг хориглосон ч бямба гарагт жагсагчид тэнд болон "Champs Elysees” өргөн чөлөөний эргэн тойронд цуглажээ. Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 500 гаруй жагсагч баривчлагдсанаас 283 нь суллагдсан байна.
Үүнээс гадна зарим жагсагч Бүгд Найрамдах намын дарга Эрик Чоттикийн Ницца хот дахь ажлын байр луу халдаж, цонхыг нь хагалжээ. Тэрбээр хагарсан цонхныхоо зургийг нийтлээд, энэ халдлага нь өөрийг нь засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх асуудлаар санал өгөхийг шахах зорилготой бололтой хэмээн бичсэн байна.
Өнгөрсөн пүрэв гаргийн өглөө Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон маргаан дагуулсан хуулийн төслийг парламентад санал хураалт явуулахгүйгээр батлахын тулд Үндсэн хуулийн 49.3 заалтыг ашиглахаар шийджээ. Сенат буюу парламентын дээд танхим баталсны дараа уг хуулийн төслийн эцсийн хувилбарыг парламентаар батлуулах шаардлагатай байсан юм.
Гэхдээ Э.Макрон парламентын процессыг тойрон гарахын тулд Үндсэн хуулийн тусгай эрх мэдлийг ашиглах эсэх талаар Ерөнхий сайд Элизабет Борн болон бусад сайд нар, парламент дахь улс төрийн намуудын бүлгийн дарга нартай хэлэлцсэн гэж "Le Figaro” сонинд мэдээлжээ. Түүний дараа Э.Борн парламентын депутатуудад мэдэгдэл хийсэн байна
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.