Ш.Урьхан: Зөвхөн БЗС гэлтгүй БШУЯ өөрөө ялзарчихсан


Шагдаржавын Урьхантай Боловсролын зээлийн сангийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Таны хувьд одоо галтай сэдэв болоод буй БЗС-ийн асуудлууд гарахаас өмнө л цахим орчинд энэ талаар бичиж байсан, түүнээсээ болж дарамт шахалт авч байсан гэсэн. Та анх юу гэж бичиж байсан юм бэ?

-Танд болон танай уншигчдад энэ ярилцлагыг унших үеийн мэндийг хүргэе. Намайг Шагдаржавын Урьхан гэдэг. Би 30 настай. Математикч мэргэжилтэй. Шүлэг, яруу найраг бичдэг уран бүтээлч. Боловсролын салбарт найман жил тасралтгүй ажилласан ийм л нэг эмэгтэй. Би Монгол Улсын Боловсролын их сургуульд 2015 оноос хойш ажиллаж байгаад 2022 оны арвахоёрдугаар сараас хойш ажилгүй байна. Цахим орчин, нийгмийн сүлжээнд ялангуяа фэйсбүүк твиттерт идэвхтэй үзэл бодлоо илэрхийлдэг. Фэйсбүүктээ ихэнхдээ уран бүтээл шүлэг, яруу найргаа, харин твиттертээ бусдын л адил хувийн үзэл бодлоо бичдэг. Би эдгээр сошиал хаягуудаа яг энэ маягаар 2011, 2013 оноос хойш ашиглаж байна. Намайг Боловсролын зээлийн сангийн асуудал ярьж эхлэхээс өмнө ихэнх хүмүүс МУБИС-д ажилладаг гэж мэддэггүй байсан байх. Учир нь, би албан ажил, албаны байр сууринаас сошиалд ямар нэгэн зүйл бичиж байсангүй. Үргэлж хувийн байр суурь, хувийн үзэл бодлоо л хэвлэн нийтэлдэг байсан. Одоо ч тийм. 

2022 оны тавдугаар сард МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийг татан буулгахтай холбоотой асуудлаар хэд хэдэн үзэл бодлоо жиргэсэн. Мөн 2022 оны тав, зургадугаар сард ЭЕШ-ын статистик мэдээллүүд болон Нийслэлийн 23 дугаар сургууль дээр сурагчийн эрхийг багш зөрчсөн, улаан шугам татсан, ялгаварлан гадуурхсан асуудлаар хувийн үзэл бодлоо илэрхийлж байсан. Энэ цаг мөчөөс намайг БШУЯ-ны нэр бүхий газрын дарга нар удаа дараа сүрдүүлж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд минь халдаж байсан. Эдгээр хүмүүс намайг ална гэж сүрдүүлэх, ажлаас чинь хална гэж заналхийлэх, твиттерт жиргэхээ болихгүй бол хоолны чинь савнаас салгана, хэрхэн яаж салгах төлөвлөгөөгөө хүртэл хэлдэг байлаа.

Ийнхүү 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди өөрийнхөө ОХУ-д сурсан зээлийг чөлөөлүүлж, зээлийн барьцаанд байсан орон сууцыг өөрийнхөө гарын үсгээр чөлөөлсөн баримтыг твиттер хуудастаа жиргэсэн. БШУ-ы сайд хариуд нь боломжгүй худлаа мэдээлэл гэж хариу өгсөн. Гэвч Д.Гарди өөрийгөө зээлээс чөлөөлсөн нь үнэн байсан. Үүний мөрөөр Боловсролын зээлийн сангийн мэдээллүүдийг нягталж, шалгаж үзтэл маш олон хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн, зөвхөн УИХ-ын гишүүд, сайд дарга нарын хүүхэд сураад эргэж ирээд дэд сайд, дарга, төрийн өндөр албан тушаалд ажилладгийг мэдсэн. Эдгээр мэдээллийг үе шаттайгаар твиттерт жиргэх, БЗС-ийн даргад хариуцлага тооцохыг Боловсролын сайдаас твиттерээр дамжуулж удаа дараа шаардах болсон. Харамсалтай нь, БШУЯ энэ асуудалд хуулийн хүрээнд харицлага тооцолгүй, шүгэл үлээсэн намайг, МУБИС-ийн удирдлагуудыг дарамталж эхэлсэн. 

-Ямар, ямар дарамт шахалт ирж байв?

-БШУЯ-ны Дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга намайг твиттерт хувийн үзэл бодлоо илэрхийлж бичих бүрд өөрт минь хандаж болиулах гэж оролдох, МУБИС-ийн удирдлага, хамтран ажиллагсдыг дарамталж болиул гэж шаарддаг байсан. МУБИС-ийн тухайн үеийн захирал твиттерийн жиргээний асуудлыг хэд хэдэн удаа өөрт минь хэлэх бус өөр хүнээр дамжуулж хэлэх, болихыг шаардуулах, нийтийн хурал дээр миний жиргээнүүдийн тухай нэр ус заахгүй цохож ярих зэргээр намайг хавчиж байлаа.

Тухайлбал, 2022 оны есдүгээр сарын 30-нд МУБИС-ийн захирал "Яамнаас танай  нэг хүн яамныхаа эсрэг твиттерт жиргээд байна болиул" гэж хэлсэн тухай МУБИС-ийн бүх нийтийн хурал дээр ярьсан. Хурлын дараа маш олон хүн надаас тэр чи юу, чамаас өөр хэн ч твиттерт жиргэдэггүй шүү дээ гэж асуух, яагаад тэгсэн гэж шалгааж байсан. Ер нь БШУЯ дээр дурдсан газрын дарга надад маш олон хүнээр үг хүртэл дайлгадаг байлаа. Нэг нутгийн хүнээр, эсвэл МУБИС-д хамтран ажилладаг хүмүүсийг боль гэж хэл гэж хэлүүлэх, өөрөө залгаж боль гэж хэлэх, мессенжерээр бичих зэрэг элдэв л арга хэрэглэсэн дээ.

Ганцхан тэр хүн ч гэлтгүй БШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, БШУ-ы сайдын зөвлөхүүд ч яг ийм байдлаар надад хандаж байсан. Одоо ч ханддаг. Дөнгөж өчигдөрхөн БШУ-ы сайдын зөвлөх намайг твиттерт шантааж хийж байна гэх зэргээр элдвээр хэлж, над руу жиргэсэн. Би хэнийг ч юугаар ч шантаажилдаггүй. Энэ мэт үйл явдлуудын дараа БШУ-ы сайд өөрөө хэд хэдэн удаа намайг МУБИС-иас ажилгүй болсон хорсолдоо зээлийн сангийн асуудлыг сэвж байна, сошиалд дагагчаа өсгөх гэж БЗС-г сэвдэг гэж гэж мэдэгдэл дундаа хэлэх, нэр ус цохох, над руу ийм үгсийг твиттерээр жиргэж байсан удаатай. Би мөрөөрөө ажлаа хийгээд БЗС-гийн, БШУЯ-ны булхайг твиттерт жиргэж, шударга ёс нэхэж байгаад л ажилгүй болсон. Дуугүй болохгүй бол ажилгүй болгоно, салбарт ажиллаж байж санаа бодол нэгтэй байж чадахгүй бол явуулна гэж хэлсэндээ тэд бас хүрсэн. Ингэж үргэлжилсээр 2022 оны есдүгээр сарын 28-нд Боловсролын яамнаас гэнэт л намайг ёс зүйгүй авирласан гэдэг өргөдөл гаргаад ирсэн. Энэ өргөдлийг би зохиомол, захиалгат өргөдөл гэж харддаг. Ингээд харахаар одоо БЗС-ийн асуудал нь яригдаад байна. Яригдах нь ч зөв. Үүнийг дагаад БШУЯ өөрөө ялзарчихсан байгааг ч мөн ярих хэрэгтэй.

-Тэр дарамт, шахалт гадуурхалтын ард хэнийг байсан гэж хардаж байна вэ?

-Боловсролын сайд байгаа гэж дарамталсан хүмүүс нь хэлдэг байхад би итгэдэггүй байлаа. Намайг МУБИС-ийн захирал чи сайдтай л учраа олчих, тэр твиттерээ л больчих, бусад нь бол хамаа алга гэж утсаар ярихдаа хүртэл хэлж байсан. Боловсролын сайдын нэрийг барьж зөвлөх нь, хэвлэлийн төлөөлөгч нь, Дээд боловсролын газрын дарга нь, БШУ-ы яаманд ажиллаж байсан нутгийн минь хүнээр хүртэл элдэв үг дайлгадаг байлаа. Сайдынхаа нэрийг барьж доодох ажилтнууд нь ингэдэг үү, сайд нь ийм үйлдэл хийхийг үүрэгддэг үү гэдгийг би сайн мэдэхгүй байна. Учир нь, хэнд нь ч гэм хийгээгүй, хувийн асуудлаар ямарваа нэгэн харилцаа холбоогүй, албан ажлаар уулзах таарах үедээ уулзаж таараад л явж байсан. Тиймээс энэ асуултад ийм л хариулт өгөхөөр байна. 

-Танд одоо олон нийтэд ил болгоогүй баримт байгаа юу?

Байгаа. Би цаашид БШУЯ-ныхан яаж бусдын үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх эрх чөлөөнд халддаг, бусдыг яаж дарамталдгийг дэлгэх болно.

Би БШУЯ-ны дээд боловсролын газрын даргыг дарамталдаг гэж Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, тус асуудал баримтаар батлагдан ХЭҮК-оос БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргад хүргэгдсэн албан шаардлага, тус дээд боловсролын газрын дарга өөрийн чиг үүрэгт огтоос хамааралгүй өргөдөл, гомдлыг шийдэж, намайг ажилгүй болгохыг даалгасан албан бичиг МУБИС-ийн захиралд илгээснийг дэлгэнэ гэсэн бодолтой байна. Эдгээр баримтуудыг би твиттертээ жиргэсэн. Одоо фэйсбүүк хуудсандаа нийтлэх болно.

Шаардлагатай гэж үзвэл бусдыг гүтгэсэн хүмүүсийн өргөдөл гомдлоор МУБИС-ийн ёс зүйн хороо хүнийг яаж залхаан цээрлүүлж, 2022 оны аравдугаар сарын 8-ны амралтын өдрөөр 2022 оны аравдугаар сарын 10-нд Ёс зүйн хорооны хурал өглөө 09.00 цагт хийж, асуудлыг чинь шийдвэрлэнэ гэдэг зар тараасан. 2022 аравдугаар сарын 10-ны 09.00-15.00 хүртэл ёс  зүйн хорооны хурал тасралтгүй үргэлжилсэн. Хэлэлцсэн өргөдөл дээрх зүйлс ямарваа нэг хуулийн хөдлөшгүй баримт, нотолгоо, дуу дүрсний бичлэг, зураг зэрэг баримтаар огт нотлогдоогүй. Сүүлдээ ёс зүйн хорооны хуралд миний твиттерийн жиргээнүүд, хувийн фэйсбүүк пост, зураг, хувийн амьдрал, хувь хүний үзэл бодлыг шүүж, залхаах, хүний эрх зөрчих, сэтгэл зүйгээр үхүүлэх, дарамтлах, гүтгэх хэлбэрт шилжсэн.

Ийнхүү би өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгөх боломж үүсмэгц гэм буруугүйгээ нотлох 31 хуудас баримтыг хуулийн дагуу цахимаас цаасан хэлбэрт шилжүүлэн гаргасан. Гэвч баримттай би биш баримтгүй талд асуудал шийдэгдэж намайг хамт олныг эв эетэй байлгахыг эн тэргүүнд тавьж ажиллаагүй гэх гомдол, өргөдөлд дурдаагүй шалтгаанаар ёс зүйгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэдэг дүгнэлт гаргасан талаарх бүх баримтуудыг дэлгэнэ. Боловсролын салбарт шударга ёс, тэгш боломж, үгээ хэлсэн хүмүүсийг ёс зүйн асуудалтай болгож, дараа нь бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болгосон жишээ би ганцаараа биш. Л.Энх-Амгалангийн засаглалын үед энэ салбарт надтай ижилхэн маш олон жишээ байгаа. Тэд нэг л аргаа хэрэглэдэг. Тэр аргын процесс хэрхэн явсныг баримтаар нь дэлгэж, бичих боломжтой. 

-Та уг асуудлаар цагдаагийн байгууллага болон шүүхэд хандсан уу, процесс хэрхэн үргэлжилж байна вэ?

-Намайг ёс зүйгүй авирласан гэж гүтгэсэн өргөдөл бичсэн хүмүүсийг 2022 оны аравдугаар сарын 17-нд МУБИС-ийн ёс зүйн хороонд намайг гүтгэсэн, нэр төрд халдсан асуудлаар гомдол гаргахад миний эсрэг гомдол гаргаж байсан хүмүүст бусдын хувийн амьдрал, алдар нэр хүндэд халдсан, баримтгүй гүтгэсэн гэж үзэн ёс зүйн асуудал гаргасан тул сахилгын шийтгэл оногдуулах дүгнэлт гаргасан. 2022 оны арваннэгдүгээр сарын 8-нд Хүний эрхийн үндэсний комисст хүний эрхээ зөрчүүлсэн талаар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөдөлмөрийн харилцааны маргааны асуудлаар өргөдөл гаргасан нь өнөөг хүртэл эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй.

2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Хүний эрхийн үндэсний комиссоос БШУЯ-ны дээд боловсролын газрын дарга Х.Тамир нь миний үзэл бодлоо илэрхийлэх, хувийн аккаунт хөтлөх, хувийн үзэл бодлоо хэвлэн нийтлэх, үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх хүний эрхэд халдсан нь баримтаар тогтоогдон ХЭҮК-ийн гишүүний тус хүнд хариуцлага тооцох тухай албан бичиг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хүргэгдсэн байна. Одоо СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөдөлмөрийн харилцааны маргааны асуудал, цагдаагийн байгууллагад нэр төрд халдсан, илтэд худал мэдээлэл цацагдсан хэрэг, ХЭҮК-т МУБИС-ийн орчинд хүний эрх зөрчигдсөн асуудал шалгагдаж хариу хүлээсээр байна. 

-БЗС-ийн талаар О.Сийлэгмаа багш мөн шүгэл үлээсэн тэр хүний ярьж буй баримтуудыг та юу гэж бодож байна вэ, санал нийлэх үү. Тухайлбал, БЗС-ийн нийт гадаад зээлийн 93 хувийг төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд болон мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхэд, хамаатан садан нь зээл авдаг гэх мэтчилэн олон баримт хэлсэн шүү дээ?

-Би тэр хүнтэй дөнгөж саяхан Зариг.мн редакц дээр анх удаа таарсан юм. Түүнээс өмнө Би 2022 оны арваннэгдүгээр сард хууль бус сахилгын шийтгэл авч ажилгүй болсон талаараа, БЗС-ийн дарга Б.Гардид хариуцлага тооцох байтал түүний хууль бус үйлдлүүдийн тухай бичсэн, мэдээллэсэн, жиргэсэн намайг яагаад ингэж байгааг, МУБИС миний асуудалд хандахдаа хууль, дүрэм, журмаасаа ангид маш богино хугацаанд гэрлийн хурдаар шийдвэр гаргаж байгаа тухай удаа дараа жиргэхэд ШУА-иас яг надтай адилхан шалтгаанаар, БЗС-иас мөн л миний ажилгүй болсон шалтгаантай яг ижил шалтгаанаар ажилгүй болсон хоёр хүн над руу твиттерээр холбогдсон. БЗС-иас ажилгүй болсон хүн нь О.Сийлэгмаа багш байсан. Ингэж твиттерт жиргэснээсээ болж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтэлж, шударга ёс нэхэж шүгэл үлээснээсээ болж салбараасаа хөөгдөж, ажил хөдөлмөр эрхлэх эрхээ хязгаарлуулсан, ялгаварлан гадуурхагдсан бид 3 анх жиргээнд нэг нэгнээ олсон. Гэвч нэг ч удаа хоорондоо уулзаж байгаагүй, утсаар ярьж байгаагүй, зүгээр л твиттерт л ижил зүйл жиргэдэг гээд нэгнийгээ хараад л байж байдаг. Ингэж л би О.Сийлэгмаа багшийг мэддэг болсон.

Тэр хүний мэдээллэсэн, Заригт өгсөн ярилцлагад нь гарсан тоо, баримтууд бүгд үнэн. Би БЗС-ийн сүүлийн таван жилийн аудитлагдсан тайлан, статистикууд олж үзсэн. О.Сийлэгмаа багшийн мэдээллүүд үнэн. Хэрэв ийм аймар болтлоо завхраагүй байсан бол би жишээ нь ажилгүй болтлоо энэний тухай твиттерт жиргэж, баримт цацахгүй шүү дээ. О.Сийлэгмаа багш бол БЗС-д ажиллаж байсан юм билээ. Би гэтэл өөр байгууллагад ажилласан байсан ш үүдээ. Гэхдээ нэг зүйл дээр санал нийлдэг нь би тэр хүний мэдээлж байгаа тоо, баримтууд үнэн. 

-Ер нь та төсвийн мөнгөөр сургалтын зээл олгох явдлыг юу гэж боддог вэ. БЗС-ийн асуудал эрчээ авснаас хойш төрийн мөнгөөр оюутнуудыг гадаадын их дээд сургуульд сургах нь зөв, буруу гэж яригдах боллоо?

-Байж болно. Бүх улс манай боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлэг, тэтгэмжүүдтэй ижил үйлчилгээг иргэддээ үзүүлдэг. Тэр битгий хэл бусад орноос суралцагчдад ч үзүүлдэг. Энэ байх ёстой сан. Сангийн дуулиан гармагц хүмүүс Боловсролын зээлийн санг татан буулга л гээд байна. Тэгж болохгүй. Гагцхүү миний хувийн бодол шүү, энэ. Би боловсролын зээлийн санг зээлийн сан гэдэг зарчмаараа үйл ажиллагаа явуулаасай гэж хүсдэг. Боловсролын зээлийн сангаас зээл авах хүмүүсийн болзол, шалгуур шаардлага, хууль, дүрэм, журам нь бүх хүнд нээлттэй байж хэний ч хүүхдийг алагчлалгүй шалгуурт тэнцсэн хүмүүстээ зээл олгодог байх. Хэрэв зээл авсан л бол хэний ч хүүхэд байх, хэн байхаас үл хамааран авсан зээлээ буцаан төлдөг байгаасай.

Тэрнээс таван жил ажиллаад нийгмийн даатгалд 10 сая төгрөг төлснөө 500 саяын зээлээ чөлөөлүүлдэг ийм сонин тогтолцоогоо халах хэрэгтэй. Гадаад зээлийг тэглэдэг, чөлөөлдгөө бүр болимоор санагддаг. Дотоодын их дээд сургуульд боловсролын зээлийн сангийн зээлээр сурч төгсөгчдийн мэдээлэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдээд зээлээ төлөөд болоод л байна. Яг үүн шиг гадаад зээлдэгч нар нь ч мэдээллийн системд бүртгэгдээд зээлээ төлдөг байхад л болно. Тэрнээс угаасаа хөнгөлнө, чөлөөлнө гэж бодож авсан зээлээ хэн ч эргүүлэн төлөхгүй шүү дээ.

Дараагийн асуудал нь маш их хэмжээний мөнгийг хүүгүй зээлээр олгож байна. Жишээ нь 30 000 ам.долларыг ямар ч хүүгүй эргээд төлөхгүй гэж бодож авдаг зээлд хүмүүс хариуцлагагүй хандаж байна. Тиймээс бага хэмжээний хүүтэй, хүүгээ суралцаж байх хугацаандаа төлдөг байвал зүгээр ч юм шиг. Ер нь зээл гэчихээд хүүгүй байна гэж байдаг  юм уу даа.

Зарчим, дүрэм журмаа л алагчлалгүй, тэгш хамруулсан, хүний эрхийг дээдэлсэн болгох чухал байна. Би нэг удаа Л.Энх-Амгалан сайдад БЗС-ийн дүрэм журмаа шинэчлэх ажлын хэсэг байгуулаад ажиллавал би ажлын хэсэгт ажиллаж дүрэм, журам сайжруулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэйгээ твиттерт нээлттэй бичиж байсан. Энэ хүсэл минь ч хэвээрээ л байна. Одоогийн УИХ-ын гишүүдээс хэн нэг нь БЗС-ийн дүрэм, журмыг өөрчлөх, сайжруулах, Гадаад зээлийг эргэн төлүүлдэг болгох УИХ-ийн болон Засгийн гын тогтоолын төсөл өргөн бариасай. Ийм иргэний зоригийг тэдний хэн нэгэн гаргаасай гэж л найдаж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.