Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 797 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс “хар хурандаа” хэмээн алдаршсан оросын улс төрч Виктор Алкснисын бичсэнээс (https://t.me/s/blackcolonel/Черный полковник/) орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украины цэргийн оператив-стратегийн группын мэдээгээр бол дорнод фронтод Орос нь хүн хүч, байлдааны техникийнхээ 85 хүртлэх хувийг тогтмол алдаж байна. Асар их хүн хүч, асар их сум, байлдааны асар их зэвсэг техникийн нөөцтэй тулдаа Орос Украинд тэссээр, ганц нэг сууринг эзлэн авсан, тактикийн ийм жижиг давшилтаа том ялалт болгон тэмдэглэсээр, харин оперативын давуу байдал хаана ч тогтоож чадаагүй.
Гэвч энэ бол Оросын ард түмний дайн биш, харин В.Путин гэдэг ганц хүнийг алдаршуулж дэлхийд мандуулахын төлөө дайн, нэг үгээр зөвхөн В.Путинд таашаал өгөх, сайхан мэдээ дуулгах зорилготой, ямар ч өө сэвгүй үргэлжлэн буй, мөд “ялах” дайн ажээ. ОХУ-ын БХЯ-ны дэд сайд армийн генерал Тимур Иванов тэрбум рублийн хахуульд унаж, улмаар гэмт хэргийн үзүүр С.Шойгу руу чиглэх өдөр ойртсон тухай сайтуудад шуугиад эхэллээ. Оросын арми ялахгүй, маш олон зуун мянгаараа алагдаж шархдаж, олон арван мянган зэвсэг техник сөнөж устаж байгаад хэн нэгэн генерал буруутах ёстой бол эхний буруутнаар БХЯ-ны дээд удирдлагаас Барилгын цэргийн генералыг нь тодруулаад авлаа. Хоёр бизнесмен хамт баригдлаа. Дараагийнх нь том нөхөр (маршал Шойгу?) тодорч л таарна.
Үүнтэй холбогдуулан ОХУ энэ дайнд ялагдах магадлалтай төдийгүй ялагдаж эхлээд байгаа тухай Оросын өөрийнх нь улс төрчөөс хөрвүүлж сонирхуулъя. Энэ бол Виктор Имантович Алкснис гэх хурандаа. СССР улсын ардын депутат, мөн Төрийн Думын депутатаар хоёр сонгуулийн жилд ажилласан мэргэжлийн цэргийн хүн. Түүний бичсэн нь:
Оросын арми, флот дийлдэшгүй хүчтэй тухай үлгэр домгийг Украин үгүй хийлээ. Орос нь Киев, Харьковыг эзлэн авч чадахгүйгээр үл барам өөрийнхөө хил хязгаарыг ч хамгаалах чадваргүй байна. Яг ийм үед Кремлийн суртал нэвтрүүлгийн машиныг Шойгу өөрөө биечлэн удирдахаар шийджээ. Дайны зорилгын тухай Шойгу санаатайгаар амаа үдсэн, гэтэл оросын цэргийн давшилтыг украины цэргийн эр зориг, бас барууны зэр зэвсэг зогсоочихлоо.
Тийм ээ, барууны зэвсэг техник хамаагүй давуу, илүү гэдгээ Украины дайнаар нотлочихлоо. Өөрөөр хэлбэл Орос нь аль хэдийнээ энэ дайнд санаачилгаа алдсан, харин ч энэ өнгөн дээр АНУ-ын Конгрессоор урьд өмнөд үзэгдээгүй их цэргийн тусламжийн пакет батлагдлаа.
Нэгэнтээ санаачилгаа алдсан учраас оросуудын итгэл үнэмшил гээгдлээ, одоо бидэнд кремлийн пропагандын шинэ өгүүлэмж хэрэгтэй болж байна. Энэ нь юу вэ гэвэл Украин нь Орос руу довтлоод түүнээс болж байлдсан гэж дэлхий дахинд итгүүлж харуулж байснаа орвонгоор нь эргүүлж ойлгуулах тухай юм. Энэ нь юуг харуулав гэвэл Кремлийн стратеги бүтэлгүйтэж паниктлаа гэдгийг дахин нотлон харуулав.
Украин руу анх халдахдаа Оросын зорилго нь денацификац (нацизмыг устгах), демилитаризац (цэрэг армигүй болгох), мөн десуверенизац (бүрэн эрхт байдлыг нь хасах) гэж байсныг эргэж сануулъя. Украинд эдгээр зорилгынхоо ганцад нь ч Путин хүрч чадсангүй.
Миний олон уншигч захиалагчид ганц л зүйлд итгэлтэй байна, тэр нь ОХУ Украинд ялагдлаа гэхэд Орост ямар ч ноцтойгоор тусахгүй гэдэгт. Орос олон дайнд ялагдаж байсан. Орос нь дайн болгонд ялж ирсэн гэдэг домог худлаа. 1853-1856 оны Крымын дайнд ялагдсан, 1904-1905 оны Орос-Японы дайнд ялагдсан. Гэвч эцсийн бүлэгт Орос тэсч тогтоод л ирсэн. Энэ удаа ч Орос тэсч тогтоод л өнгөрнө.
Орос ялагдлаа гэхэд яах вэ? Тийм ээ, Крым, Донбасс, Запорожийг Херсонщинтой нь Украинд буцааж өгч таарна. ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу эдгээр нутаг дэвсгэрийг ОХУ бүрэлдэхүүнд оруулчихсан, гэтэл гадаад улсад шилжүүлэх нь төрөөс “урвасан” хэрэг болно. Тэгэхлээр ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, “шинэ нутаг дэвсгэр”-үүдийг ОХУ-ын бүрэлдэхүүнээс хасч таарна. Тийм ээ, цэргийн тусгай ажиллагааныхаа явцад нураасан сүйтгэснээ сэргээн босгоход Украинд олон зуун тэрбум долларын нөхөн төлбөр бид төлнө. Мэдээж байлдагчдаас эхлээд генералуудыг хүртэл цэргийн гэмт хэрэгтнүүдийг Хаага дахь Олон улсын цэргийн шүүх рүү илгээх болно. Цаашлаад оросын эдийн засгийг демилитаризац (цэрэгжүүлэхээс чөлөөлөх) болгоно, энэ хүчирхэг армиасаа татгалзана, манай цөмийн зэвсгийг олон улсын хяналтад өгнө. Тэглээ гээд Орос эх орон маань үлддэгээрээ л үлдэнэ.
Энэ бүхнийг бид тэсвэрлэхгүй гэж бодож байна уу, эрхэм ноёд оо? Үгүй тэсвэрлээд л гарна. Манай дайснууд олон зуун жилд анх удаа “Оросын асуудал” гэдгийг эгнэгт хаах бодит боломжин дээр ирчихлээ. Зуун зуунаар тэд Оросын төртэй тэмцэлдсэн, тэр дарамтнаасаа салах нь байна.
Бид Украинд ялагдал хүлээж, тэгээд манай эрх баригчид тэр фактыг албан ёсоор хүлээн зөвшөөрвөл Орос орон хэдэн арван улсуудад хуваагдаж сална гэсэн үзэл бодол байдаг. Орос орон нэгдмэл төвлөрсөн төр улс байснаа алга болж мэднэ. Ингэж салж бутрахыг хүсэгчид ОХУ-ын дотоодод хангалттай олон байна. Ялангуяа үндэсний БНУ-ууд хамгийн түрүүн тэгж хүсдэг. Тэгээд ч зогсохгүй 1990-ээд оны Россель гэдэг губернаторын Уралын БНУ, өнгөрсөн зууны 1920-иод оны Алс Дорнодын БНУ гэж байсныг эргэж саная.
Барууныхан энэхүү салан тусгаарлахыг маш чухал ажил болгон бэлтгэж байна. Энэ бол яадгаа алдсан русофоб-улс төр судлаачдын дэмийрэл биш шүү. Энэ бол дээд тушаалын түшмэдүүдийн танхимд нам дуугаар яригдаж хэлэлцэгдэж байгаа сэдэв. Одоо албан ёсоор зарлан мэдэгдэх рүүгээ дөхөж очсон. Гэхдээ Орос орон үлдэнээ.
2024 оны хоёрдугаар сарын 29-нд Европарламент Оросын сөрөг хүчнийг дэмжих тухай тогтоол батласан. Тогтоолд ийм үг өгүүлбэр явж байсан. “Украины шийдвэрлэх ялалт нь ОХУ-ыг үндсээр нь өөрчлөхөд хүргэнэ. Тухайлбал ОХУ нь ДЕИМПЕРИАЛИЗАЦ (империализмгүй болгох), ДЕКОЛОНИАЛИЗАЦ (колоничлох бодлогоос нь татгалзуулах), РЕФЕДЕРАЛИЗАЦ (Холбооны улсыг дахин шинэчлэх)-д орно. Энэ бол Орост ардчиллыг ялуулж ардчилал тогтоох зайлшгүй нөхцөл байх болно” гэжээ. Тогтоолыг Европарламентад 506 саналаар үнэмлэхүй олонхиороо дэмжиж, 9 нь эсэргүүцэж, 32 нь түтгэлзэж байсан. Гэтэл Европарламентын тэр тогтоолыг дэмжиж, Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейгаас саяхан Оросыг “деколонизац” болгох нь чухал болох тухай тогтоол батлалаа.
Та бүхэн хэл л дээ, евродепутатуудын солиорлыг тоох хэрэггүй юү? Тэд бол ердөө л Европын Холбооны удирдагчдынхаа улс төрийн захиалгыг биелүүлж байна гэж үзэх үү? Оросыг деимпериализац, деколонизац, рефедерализац болгоход Кремлиэс ямар хариу үзүүлэх нь вэ гэж сорихоор ийм бөмбөлөг хийсгэсэн гэж үзэх үү? Кремльд энэ тухайд одоо болтол амаа үдсэн хэвээр, уг нь барууны ямарваа нэг ханиалгад хариу өгдөг дөө, байдаггүй.
Үнэндээ дээр бичсэн аюул маш ноцтой нь бүхнээс харагдаж байна. Гэвч бүрэлдэн бий болсон нөхцөл байдлыг бид мэдэхгүй байна. Хоёр жилийн өмнө 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Ерөнхийлөгч В.Путинээс улс үндэстэндээ хандаж хэлсэн Цэргийн тусгай ажиллагаа “хуучин” Оросын нутаг дэвсгэрт явуулах нэг ч зорилго нь биелээгүйгээр үл барам одоо Оросын нутагт шилжээд ороод ирлээ. Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд бэлэн байгаа тухай Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэж, түүнийг нь төрийн тэргүүний пресс-төлөөлөгч Дмитрий Песков ТВ-ийн нэгдүгээр сувгаар зарлахдаа энэ бол энх тайванч санаачилга биш гэлээ. Ингэж будлиулах хэрэг юу билээ?
Украины байр суурийг дэлхийн ихэнхи улс орнууд дэмжээд байна гэдгийг Ерөнхийлөгч Путинд илтгэдэггүй юм уу? Тэд хэлэлцээнийхээ үндсийг 1991 оны Украины хилээс Оросыг гаргаж явуулсны дараа гэж нотлоод түүнийг нь дэлхийн ихэнхи улс дэмжчихээд байна. Өөрөөр хэлбэл Украинд тэр Крым, Донбасс, Запорож, Херсоныг нь бид буцааж өгнө гэсэн үг. Манай талд, Орост ашигтайгаар байр сууриа эргүүлэх боломжгүй гэдгийг дэлхийн олон арван улс орон бидэнд итгүүлэх гэж ядаж байна. Тиймдээ ч Орос орон олон улсын харгис хатуу ганцаардалд орчихоод байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч ийм нөхцөл байдалтай эвлэрэхэд бэлэн биш байна гэж үү? Гал зогсоосон шугамын дагуу эвлэрэл тогтоох “Солонгосын хувилбар” бүтэхгүй гэдэгтэй би санал нэг байна.
Хэрэв тэгэх аваас Донецкийн БНУ-ын гуравны хоёр нь, мөн Луганскийн БНУ-ын үлэмж хэсэг нь Украины хяналтад үлдэнэ. Бас Запорож, Херсон мужийн үлэмж нутаг дэвсгэр Украиндаа үлдэнэ. Манай Үндсэн хуулийн нөгөө заалт яах вэ?
Ерөөсөө Украинтай хэлэлцээ хийнэ гэж байнга чалчихаа болих хэрэгтэй. Украинд бид ялахгүйгээр шатрын шалаанд нүүдэлгүй орчихоод байна, манай ямарваа алхам болгон нөхцөл байдлыг улам муутгаж байна–Виктор Алкснис бичжээ.
Opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл