Мэддэг, чаддаг зүйлээ бусадтай хуваалцаж, хамтдаа өсөлтөд тэмүүлнэ гэдэг хамгийн сайхан.
Сурагчийн ширээнээс холдож, их сургуулийн амьдралд хөл тавьсан шинэхэн оюутнууддаа зориулан ХААН Банк сангаас “Rise” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг энэ жил анх удаа Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь 2024 оны 10-р сарын 26-нд Залуучууд театрт болох бөгөөд ЭНЭ холбоосоор бүртгүүлэх боломжтой.
Залуусын хот гэгдэх Дархан-Уул аймагт болох гэж буй “Rise”-д салбар салбартаа манлайлж буй чадварлаг залуус өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаас хуваалцах бөгөөд энэхүү зочдоосоо бид "18 настай өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?" хэмээх сонирхолтой асуулт тавьсан юм. Ингээд тэдний хариултыг хамтдаа сонирхоцгооё.
Н.Лүдэвдорж
Эмч, “Tsahim Fitness emch” контент бүтээгч
“Зөвхөн өөрийн мэргэжлийнх гэж хязгаарлалгүй аль болох олон талын мэдлэг эзэмшихийг хичээгээрэй. Дан ганц англи хэл гэлгүй бусад хэлийг ялангуя хөрш 2 орныхоо хэлийг сурч эхлээрэй. Мэдэхгүй зүйлсээ асуухаас бүү ай. Бүх зүйлд зоригтой байгаарай. Асуусан хүн хормын тэнэг, асуугаагүй нь үүрдийн тэнэг гэдгийг санаж яваарай”
Sustainable Mongol подкастын хөтлөгч
“Аливаад сониуч байж, дуртай зүйлсээ олж мэдэхийн тулд илүү тууштай байгаарай. Хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовохгүйгээр хүссэн зүйлээ хийж, өөрийн үнэт зүйл, үзэл бодлынхоо төлөө зоригтой дуугарч, өчигдрөөсөө илүү өөрийгөө бүтээхийг хичээгээрэй”
Х.Цогтбилгүүндарь
"unnu.news" гүйцэтгэх захирал, "Сэхээтэн подкаст"-ын хөтлөгч. АНУ-ын Миннесотагийн их сургуулийн төгсөгч
“Чи ертөнцийн төв биш, гэхдээ чи өөрөө ертөнц юм шүү.
Чи хамгийн сайн нь, хамгийн мундаг нь биш. Гэхдээ бас хамгийн их зовж, эсвэл хамгийн болж бүтэхгүй байгаа нь ч биш. Хүн бүр онцгой. Хүн бүрийн түүх, туршлага, замнал өөр. Бид бүгд ертөнцийн олон тал гэдгийг санаж яваарай”
“Гэгээнмөр” сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч
“Өөрийгөө олох гэж хийж байгаа аяллаа тултал нь мэдрээрэй. Би аяллаа зөв хийж байгаа болов уу? Би алдаа гаргаж байгаа болов уу? гэж бүү эргэлз. Аялал гэдэг шинэ даваа, таамаглаагүй зүйлтэй учрахын нэр. Чиний хийж байгаа бүх алхам чамд шинэ ойлголт, ухаарлыг авчрах болно.
М.Маргадмөн
ХААН Банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал
“Зорилгоо тодорхойлоод түүндээ тууштай зүтгэж байгаа хүнд боломж хэзээ нэгэн цагт заавал гарч ирдэг. Зөв газар, зөв цагийг хүлээхгүйгээр зорилгынхоо төлөө тууштай зүтгээрэй.”
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Сэтгэгдэл