Монгол хүний мөн чанар гэдэг зүйл даяаршихын хэрээр устаж байна. Өнөөдөр монгол хүн олон боловч тэр дунд хүн чанартай хүн ховорхон болжээ.
Хотынхон нь хөдөөний хүмүүсийг ялгаварлаж тэднийг мэддэг хэдэн гадаад үгээрээ доромжлох нь энэ нийгмийн энгийн л нэг үзэгдэл болжээ. Бид уг гарал угсаагаа хөөгөөд үзвэл нүүдэлчин соёлтой боловч түүнийгээ умартсан бололтой. Аливаа зүйл нэг зүгрүүгээ хэт туйлширвал мөхөхийн шинж гэж үздэг.
Эх орныхоо газар шороог харийн хэн нэгэнд худалдаж, ард иргэдээ хайхралгүй өөрийгөө бодсон улстөрчид нь олширч, аймшигт гэмт хэргүүд ар араасаа гараад л. Нэгэн цагт азийн цагаан дагина хэмээн алдаршиж явсан Улаанбаатар хот нь одоо "Утаанбаатар" гэдэг нэрийг зүүчихээд байна. Болж бүтэхгүй асуудлуудыг хөнддөг, шүүмжилдэг хүн олон байдаг хэдий ч шийдвэрлэдэг хүн байдаггүй нь харамсалтай.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хэлэхдээ "Хүн чанар алга болж байна гэдэг дээр би малгайгаа аваад мэхийн ёсолмоор байна. Хүн чанар гэдэг чинь ерөөсөө л ухаан юм. Хүн чанарын талыг нь эхээсээ авч төрдөг. Үлдсэн хэсгийг нь өөрөө олдог” гэх энэ үгийг бид санууштай. Хэн байснаа хэзээ ч бүү март гэж бид ярьдаг хэрнээ өөрсдөө мартаж сууна уу даа.
Өнөөдрийн бидний гэдэс цатгалан, мөр бүтэн байгаа нь өвөг дээдэсээс уламжлагдан ирсэн монгол хүний мөн чанартай салшгүй холбоотой. Хурдацтай хөгжиж байгаа эрин зуунд амьдарч байгаа бид хөгжих нь ойлгомжтой гэхдээ хэт их хөгжиж байна гээд хүн чанар, өв соёл гэдэг зүйлээ хөлөндөө гишгэвэл үр хүүхэддээ бахархаад ярих түүх, баярхаад хэлэх зүйл үлдэхгүй л болов уу...
Жаргал даахгүйн зовлон гэж байдаг. Гадна талаас нь харахад сүрлэг сайхан модыг дотор талаас нь өмх идэн гундуулан доройтуулдгийн адил гаднаас нь харахад юугаар ч дутаагүй, харц булааж хайр татам залуусын хүн чанарыг дотор талаас нь сэхүүн амьдралын хөгц идэж сэвтүүлсэн байдаг нь халагламаар.
Хэтэрхий тансаг амьдралд хүн чанараа өгөршүүлэн чадал бололцоондоо эрдэж яваа залуу хүн бүр санаж бодож явууштай. Алган дээх бэлхнээ чулуудаад өгсөн аз жаргал хэтэрхий аюултай. Бага залуудаа "ёстой хөөрхөн хүүхэд” байснаа өнгө мөнгө, эрх мэдэлд хууртан хүн чанараа гээж орхин томорсоор "ёрын муухай амьтан” болох тохиолдол ч бий. Мөнгө гэдэг адтай. Архи ахиу хүртдэг хүмүүс архинд донтдогийн нэгэн адилаар мөнгөнд хэт шунавал донтож хүн чанараа алдах аюултай. Мөнгөнд шунан дурлаж, олсон хэдийгээ буруу зүйлд заран замхарвал хүн чанар сэвтэх зам руу хальтран гулсан орох болно. Өчигдөрхөн сайн хүмүүжилтэй, боловсон мэт байсан хүмүүс араатны шинжтэй, шуламын төрхтэй, хуурч дээрэмдэхэд бэлэн этгээдийн дүрд нүд ирмэх зуур хувилах нь хүн чанараа алдсаны шинж. Тэд нүдний өмнө цатгалан ихэмсэг царайлан төрөл арилжиж, нүглийн эзэд болон тодрох нь харамсмаар.
Сэтгэгдэл