Монголын улстөрчид, улстөр идэвхтэй сонирхогчид 1937 оны түүхэнд үлдсэн аймшигт баривчилгаа, улстөрийн хэлмэгдүүлэлт шиг л долоо хоног алгасахгүй гэр орон, ажлынхаа байран дээрээс баривчлагдаж, ээлж дараалан гараа шилэндээ авцгаасаар байна.
Жаахан түүх сөхөж, сонингийн шарласан хуудас эргүүлбэл өнөөдрийн толгой дараалсан баривчилгаа 2012 оны дөрвөн сарын 13-ны үүрийн 06:00 цагт Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт дайран орсон тусгай хүчнийхэн "Гараа шилэндээ ав” хэмээн хашхиралдаж байснаас эхлэн хүчээ авсан гэж дүгнэж болно. Тухайн үед Н.Энхбаярын гэрт дайран орсон тусгайгийнхан "Гараа шилэндээ ав” хэмээн хашхиралдаж байсан нь моодонд орж өнөөдөр байнга шахам хэрэглэгддэг хэлц үг болов.
Хамгийн сүүлд 2015 оны аравдугаар сарын 30-нд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн гарыг шилэнд нь авхуулж, гэрээс нь баривчилсан. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг саатуулсан бөгөөд тэднийг Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байх үедээ мөнгө завшсан хэргээр шалгаж байгаа.
Тэднийг буруутгаж байгаа үндэслэл нь "Монголын Төмөр Зам” болон "Samsung СТ” гэх компанийн хооронд хийсэн 483 сая ам.долларын өртөгтэй гэрээний санхүүжилтээс 134 сая ам.доллар дутаж, БНСУ-ын банк руу оруулсан хөрөнгө эргээд Монголын таван хүний дансанд шилжсэн хэрэг юм.
Уг
нь Б.Батзаяагийн "босс” УИХ-ын гишүүн Х.Баттулга "Энэ бол зохион
байгууллалттай дайралт, удахгүй учир нь олдоно” хэмээн албатаа өмгөөлж
байсан ч 14 хоноод суллагдсан даруйд нь буцаан хоёр сараар хориод байгаа
нь Б.Батзаяа, Ли Жон Гёл хоёрын гар тийм ч цэвэрхэн байгаагүйг баталсан
хэрэг юм.Түрүүч нь 1-р нүүрт
Магадгүй
дээрх хоёрын гарыг бохиртой лавхан хутгалдуулсан эзэд нь ч тун удахгүй
"Гараа шилэндээ авах”-ыг үгүйсгэх аргагүй. Ухаа худаг-Гашуун сухайтын
төмөр замын шуугиан намжаагүй байхад энэ сарын 04-ны орой Эрүүл мэнд,
спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан.
Түүнийг авлига авсан хэмээн буруутгаж ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа бөгөөд хорих хугацааг нь мөн л хоёр сараар сунгаад байгаа. Эх сурвалжууд хээл, хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлэн баривчилсан тухай мэдээлэл цацсан. Г.Шийлэгдамба сайдын энэхүү баривчилгаа МАХН-д томхон цохилт болсон нь тодорхой. Дээрх баривчилгаануудын дараа Монголын нийгэм "Гараа шилэндээ ав” гэсэн хахир үгийн талаар багагүй ойлголттой болоод байгаа.
Уг нь "Гараа шилэндээ ав” хэмээх аймшигтай үгс нь чанга дэглэмтэй шоронд хоригдож байгаа онц аюултай гэмт хэрэгтнүүдэд хэрэглэдэг төрийн төмөр нударга болсон хатуу чанд тушаал гэдэг.
Тэгвэл АТГ-ын удаа дараагийн дуудлагын хариуд бүдүүн зүрх гарган гүрийж сууснаараа гар нь загатнасан шинэхэн дарга нарынх нь дургүйг хүргэсэн Ерөнхийлөгч асан гутлаа ч өмсөж чадалгүй "гараа шилэндээ авсан” нь ч сайн харагдаж үзэгдэлгүй хэдэн талаасаа өргүүлж, чирүүлсээр битүү тортой машинд чихүүлж аваад талийж одсоноос хойш гурван жил гаруйн хугацаа өнгөрч, сүүлийн үед энэ үг ихээхэн эрэлт хэрэгцээтэй болоод байна.
Манайханд 1937 оны хэлмэгдүүлэлт гэдэг аймшигтай хар дарсан зүүд шиг ойлголт, айдас харамсал дагуулсан он жилүүд дурсагдаж байдаг. Байхаас ч аргагүй. Хамаг л сор болсон сайхан хүмүүсээ шөнө дөлөөр орон гэрээс нь барьж аваачаад буудчихсан юм чинь. Тийнхүү шөнө дөлөөр баривчлахаар очихдоо " Дээл малгай, дулаан хувцсаа өмс” хэмээж ямар ч байсан хувцсыг нь өмсгөөд авч явдаг байсан юм билээ.
Харин одоо бол ихэвчлэн шөнө оройн цагаар орон гэрээс нь юмуу, ажил дээрээс нь баривчдахдаа дулаан хувцасны талаар төдийлөн анхаардаггүй болсон мэт. Одоо хамгийн гол "Гараа шилэндээ авах” дараагийн аз, од нь хаясан нөхөд хэн байх бол гэсэн нэг талын хүлээлт, нөгөө талын айдас дагуулсан асуулт Монголын нийгэмд үүсээд байгаа. Учир нь Н.Энхбаярын сүрт баривчилгаагаар эхэлсэн "Гараа шилэндээ авах” ажиллагааны дараа Монголын нийгэмд яг л 1937 оны их хэлмэгдүүлэлтийн өмнөх шиг аймшигтай нам гүм ноёлж, "Дараагийнх нь хэн бэ” гэсэн битүүхэн хүлээлт үүссэн юм.
Н.Энхбаярын араас АМГ-ын дарга асан Д.Батхуяг, ”Анод” банкны гурав, тэдний араас МИАТ-ийн экс удирдлагууд болох Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Г.Саранчимэг, Р.Бат-Эрдэнэд, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтоход нарын нөхөд "Дайны эрсдлийн сан”-гийн мөнгө завшиж, улсад 10- хэдэн тэрбумын хохирол учруулсан хэргийнхээ лай ланчгийг үүрч "аавынх” руу ачигдаж байсан. "Цагаан захтан”-уудын лай ланчиг, идсэн, уусан үүгээр дуусаагүй.
Улаанбаатарын
утааг бууруулах зорилготой "Цэвэр агаар” сангийн мөнгөнөөс долоон
тэрбумыг хулгайлаад идчихсэн экс захирал Н.Хүрэлсүх нарын 11 хүн дээд
тал нь 8 жилийн ял аваад явж өгсөн. Тэдний араас "зөвлөх асан” Л.Гансүх
нар гараа шилэндээ авсан. Магадгүй мөдхөн Монголын шорон цагаан захтай
ялтнуудаар дүүрч хорихийн хахир хатуу төмөр хаалга хяхтнан дуугарах
аймшигт дуун тасрахгүй үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй юм.
Гагцхүү "гараа шилэндээ авах” дараагийн ялтан хэн бэ. Магадгүй Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн ярьснаар Архангай аймгийн Тариат сумаас Солонгын даваа хүртэлх замд будлиан үүсгэсэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын "Монроуд” компани 2012 оны зургаадугаар сард "Анод” банкинд 17 тэрбум төгрөгийн өртэй байснаа 2012 оны сонгуулийн дараа өргүй болчихсон асуудал босч ирэхийг ч үгүйсгэх аргагүй.
Мөн сүүлийн өдрүүдэд Монголын нийгэмд дуулиан дагуулаад байгаа "Чингис”,”Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсэг мэдээллээ хийх үед бондын мөнгөнөөс завшигчид, Хөгжлийн банкны мөнгөөр хүүдэгнэгсэд "Гараа шилэндээ авах” цаг ойртож байж ч болзошгүй. Ер нь сонгууль ойртох тусам АН, МАН, МАХН-ын томчуудын идсэн уусан, хулгайлсан зувчуулсан асуудлууд эхнээсээ ил болж эхэлж байгаа нь "Гараа шилэндээ авах” хүмүүсийн тоо огцом нэмэгдэхэд нөлөөлж таарна.
Тэгээд
ч өнөөдрийн ороо бусгаа цагт яруу найрагч М.Цэдэндорж агсны хэлснээр
"Болно болно, болохгүй юм гэж хорвоод үгүй” гэдэг л болж байна. Ер нь юу
ч болж мэднэ. Харин "цагаан захтнууд” болгоомжтой л байх хэрэгтэй. Ямар
ч гэсэн авлигачид, төсвийн мөнгөнөөс хулгайлагчдын гарыг шилэнд нь
авхуулдаг "хурдан галт тэрэг” хөдөлсөн шүү. Их баривчилгааны "хурдан
галт тэрэг” хаана очиж зогсохыг, "гараа шилэндээ авах” үйлт өдөр хэзээ
дуусахыг "чөтгөр” л мэдэх байх.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл