Өмнөговь аймгийн Ханбогд суманд үер буусны улмаас нүүрс тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон талаар олон нийтийн сүлжээгээр иргэд мэдээлсэн.
Энэ талаар Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазараас тодруулахад "Энэ сарын 14-ний шөнө маш хүчтэй аадар бороо орж, үер буусан. Үерийн улмаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын далан нурж, эвдрэл үүссэн тул түр хаагаад буцааж нээсэн байгаа" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг ням гарагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хааж, нүүрс тээвэрлэлтийг зогсоосон байсныг өнөө өглөөнөөс нээжээ.
"Үерийн улмаас замын 127 хэсгийн хөвөө сэтэрсэн. Эвдрэл гарсан хэсгүүдэд зохицуулалт хийгээд машинуудыг зорчуулж байгаа” хэмээн "Гашуун сухайт авто зам” компанийн деспитчер О.Эрдэнэцэцэг хэллээ. Замын эвдэрсэн хэсгүүдэд тэмдэглэгээ тавьж, хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа бөгөөд яаралтай засах аж.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8,700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийж буй. Монгол-Хятадын хилийн автозамын Гашуунсухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт 85-95 тонн жинтэй 400-1,100 автомашин хилээр нэвтэрдэг байна.
Б.Жаргалмаа, IKON.MN
Сэтгэгдэл