Уруулдаа ботокс шахуулсан тэмээнүүд "Гоо тэмээ" шалгаруулах тэмцээнээс хасагджээ


Уруулдаа ботокс шахуулсан тэмээнүүд "Гоо тэмээ" шалгаруулах тэмцээнээс хасагджээ

 

Саудын Арабт жил бүр зохиогддог Абдулазиз хааны нэрэмжит тэмээний наадам дээр хөгжилтэй дуулиант явдал болжээ. Тус наадмын "Гоо тэмээ" шалгаруулах тэмцээнээс ботокс хэрэглэсэн, косметик "засвар" хийлгэсэн шалтгаанаар 40 гаруй оролцогч тэмээ хасагдсан аж. 

Энэ үйл явдлын тухай сонссон хүн бүрийн толгойд "Уучлаарай, яасан гэнэ ээ?" гэх асуулт орж ирэх нь дамжиггүй. Тэгвэл тус наадамд оролцож буй тэмээчид үнэхээр энэ аргыг хэрэглэсэн нь шалгалтаар тогтоогдсон байна.

Зургаа дахь жилдээ зохиогдож буй Абдулазиз хааны нэрэмжит тэмээний наадам нь энэ төрөлдөө дэлхийн хамгийн томд тооцогддог бөгөөд Персийн булангийн бусад орнууд, АНУ, Орос, Францаас хүртэл тэмээ үржүүлэгчид ирж оролцдог аж. 

 

 

2021 оны тэмээний наадам энэ сарын 1-нд эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 12 хүртэл үргэлжлэх юм байна. Гэвч эхлээд удаагүй байтал санаанд оромгүй асуудал гарч ирсэн нь гоо сайхны мэс засал хийлгэсэн тэмээнүүд тэмцээнд оролцсон явдал юм.

"Гоо тэмээ" шалгаруулах тэмцээний шүүгчид малын эмч нартай хамтран орчин үеийн технологиор шалгалт хийсний үр дүнд булхайцсан 40 гаруй оролцогчийг илрүүлж, тэмээг нь тэмцээнээс хассан байна.

 

 

Тодруулбал тэдгээр тэмээчдийн зарим нь тэмээнийхээ уруулыг том харагдуулахын тулд коллагентэй филлер шахуулсан байсан бол зарим нь гормоны тусламжтай булчинлаг болгох, резин утсаар биеийн өө сэвийг нь дарах гэх мэт заль хэрэглэсэн байжээ.

Гэхдээ тус наадамд ийм асуудал гарч буй анхны тохиолдол энэ биш юм. 2018 онд тэмээчид малын эмчийг хөлсөлж тэмээнийхээ чихийг тайрч багасгах гэх мэт мэс засал хийлгэж байсныг Арабын нэгдсэн Эмиратын "The National" сонин ил болгож байв. Мөн мэс заслаас гадна тэд тэмээнийхээ уруулыг өдөр болгон гараараа сунгаж татах аргаар урт болгодог байжээ.

 

 

"Гоо тэмээ" шалгаруулах тэмцээний шагналын сан 90 сая долларт хүрдэг болохоор тэмээчид ялахын тулд чадах бүхнээ хийдэг бололтой. Үүнээс гадна тэмээ үржүүлэг нь Саудын Арабт асар их мөнгөөр хэмжигддэг зах зээл тул тэмээчдийн хувьд тэмцээнд амжилттай оролцох нь цаашдын олон ашигтай бизнесийн үүд болдог байна. Тухайлбал "Гоо тэмээ"-гээр тодорсон тэмээ наадмын дараа шууд дуудлага худалдаанд орж, олон сая долларын үнээр зарагдах нь түгээмэл.

 

 

Ямар тэмээг гоо үзэсгэлэнтэйд тооцдог вэ?

Тэмцээнд оролцох тэмээний хамгийн гол шалгуур нь зузаан, унжсан уруултай, мөн дээд уруул нь тэгш хэмтэй сэтэрхий байх ёстой аж. Урт хар сормуустай, эрүүний яс нь тод харагддаг бол сайн.

Харин биеийн хувьд урт нарийн хүзүүтэй, ширээ бөхтэй, хүзүү болон бөхний хоорондох зай ихтэй, толгой биеийн харьцаа зөв эсэхийг харгалзаж үзнэ. Түүнчлэн зүс нь аль болох цайвар, жигд, "гялалзсан" байх тусмаа ялах магадлалтай ажээ.

 

https://www.caak.mn/view/8289166/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.