Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VIII хуралдаан боллоо. Хуралдаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс болон харьяа алба, хэлтсүүдийн дарга нар оролцов.
Хуралдаан 62,8 хувийн ирцтэйгээр эхэлж
-
Төрийн дээд шагналд уламжлах тухай
-
Богдхан уулын дархан цаазат газраас тус дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх товчоо, Хүрхрээ орчмын газрыг тусгай хамгаалалтаас гаргах тухай
-
Түр хамгаалах байр байгуулах тухай
-
Хороодын Хамтарсан багт санхүүжилт олгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хэлэлцсэн асуудлаас онцолбол, Баянзүрх дүүрэг хүүхдийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр Хүүхэд түр хамгаалах байр байгуулах, Хамтарсан багт санхүүжилт өгөх асуудал байлаа.
Баянзүрх дүүрэгт анх удаа Хүүхэд түр хамгаалах байр байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжив. Нийслэлийн хамгийн олон хүн амтай, гэр хорооллын эзлэх хувь өндөр гэдэг утгаараа хүүхдийн хүчирхийллийн дуудлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байна. Гэтэл Баянзүрх дүүрэг өмнө нь Хүүхэд түр хамгаалах байргүйгээс 108 дуудлагын төвийн байрыг ашиглаж байсан ч засварт орж бусад дүүргийн хамгаалах байранд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээ хувааж байрлуулах зэргээр асуудлаа шийдвэрлэсээр ирсэн. Тиймээс дүүргийн төсвийн хөрөнгөөр 1800 мкв байрыг худалдан авч, засварласан. Одоо тухайн байранд ажиллах орон тоо, шаардлагатай урсгал засвар, төсөв хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг ДИТХ-ын Төлөөлөгч нарын олонхын саналаар дэмжиж шийдвэрлэлээ.
Мөн Хороо бүр дээр Засаг даргаар ахлуулсан нийгмийн ажилтан, цагдаа, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, төрийн бус байгууллагын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй Хамтарсан баг үйл ажиллагаа явуулдаг. Энэ баг нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Эдгээр мэргэжилтнүүд 108 утасны дуудлагаас гадна далд хэлбэрээр гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэгдэж байгааг илрүүлэх чиглэлээр мөн үйл ажиллагаа явуулдаг. Хүчирхийлэл үйлдэгдсэн айл өрхүүдээр явж ажиллахаас эхлээд шатахуун, тайлан гаргахад шаардлагатай бичгийн цаас, утасны нэгж зэргийг шийдвэрлэх санхүүжилтийг өмнөх жилүүдээс нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг Төлөөлөгч нар гаргаж, энэхүү асуудлыг дэмжсэн нь хүүхэд хамгааллын чиглэлээр хийж буй бодит ажил гэдгийг онцоллоо.


Сэтгэгдэл