Хүүхдээ хөсөр хаядаг хүмүүст хатуу хариуцлага тооцъё


Хүүхдээ хөсөр хаядаг хүмүүст хатуу хариуцлага тооцъё

 

Жилээс жилд асрамж, халамжийн төвүүдэд эцэг, эхтэй хүүхдүүд ирж асран халамжлуулах нь нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар асрамж, халамжийн төвүүдэд улсын хэмжээнд нийт 976 хүүхэд асруулж буйгаас нийслэлийн хэмжээнд 336 буюу 43.5 хувь, орон нутагт 107 буюу 53 хувь, үүнээс эцэг эхтэй хүүхэд 443 буюу 45.5 хувийг тус тус эзэлж байна.

Асрамжийн газар байгаа хүүхдүүдийн тал орчим хувийг хүүхэдтэй эцэг, эхчүүд эзэлж байгаа нь үнэхээр харамсмаар. Хүүхэдтэй болсноор хүн илүү хариуцлагатай, зорилготой болдог атал харин ч эсрэгээрээ улсын халамжид авчирч орхиод өөрийн дур зоргоор амьдрагсад олширч байгаа нь аймшигтай. 

Дотор нь үүсэж, доороос нь унасан нялх үрсээ тэвэрсэн эхчүүд ихэвчлэн зовлон тоочсоор дээрх хүүхэд асрах газруудыг зорьдог байна. Магадгүй  төрүүлсэн үрээ гөлөг төөрүүлж байгаа юм шиг хаядаг эдгээр хүмүүст тооцох хариуцлага сул болохоор улсын халамж бараадуулан үрсээ орхих хүмүүсийн тоо нэмэгдэж байж магадгүй юм. 

Нөгөө талаас эдийн засаг хүндхэн, амьдралын түвшин доогуур, ажлын байр олдохгүй гэх зэрэг шалтгаанаар төрүүлсэн үр хүүхдээ бүтэн нойртой, бүлээн хоолтой газар өсөг гэсэндээ асрамжийн газар бараадуулдаг байж болох ч дахин дахин төрж, үр хүүхдээ ноосоо тушааж байгаа юм шиг  асрамжийн төвүүдэд орхиод байгаа эцэг, эхийг ойлгоход үнэхээр бэрх. Тиймээс төрүүлээд л халамж, асрамжийн газар бараадуулж орхиод дур зоргоороо амьдардаг эцэг эхчүүдтэй илүү хатуу хариуцлага тооцдог болох цаг болсон бололтой.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.