
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзлаа.
У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж буйг уламжлахыг Ван И-гээс хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ:
Ши Жиньпин даргатай гүн гүнзгий нөхөрлөл, харилцан итгэлцэл тогтоож, нягт харилцаа холбоогоо хадгалан, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжүүлж байгаадаа баяртай байна. Монгол Улс, БНХАУ нь бүс нутгийн улс орнуудын харилцааны үлгэр жишээ болж байна. Хоёр улс харилцан ойлголцож, бие биедээ итгэн, тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж ирсэн бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж байна. Энэ онд хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэх төлөвтэй байна. БНХАУ бол Монгол Улсын мөнхийн сайн хөрш бөгөөд БНХАУ-тай найрсаг харилцаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм.
Монгол Улс БНХАУ-ын байр суурь, анхаарал хандуулж буй асуудлыг ойлгож, хүндэтгэдэг бөгөөд Нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Тайванийг БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг. “Тайванийн тусгаар тогтнол”-ын аливаа хэлбэрийг дэмжихгүй бөгөөд Хонконг, Төвөд, Шиньжянтай холбоотой асуудлыг БНХАУ-ын дотоод хэрэг гэж үздэг. Монгол Улс бусад улс оронтой харилцах харилцаанаасаа үүдэн БНХАУ-ын ашиг сонирхолд хохирол учруулах аливаа үйлдэл хийхгүй.
Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлал болон дэлхийн дөрвөн санаачилга нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн ард түмний ашиг сонирхолд нийцэж байна. Монгол Улс дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн гол үзэл баримтлал, санаачлагуудыг идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд олон улсын болон бүс нутгийн асуудлаар БНХАУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна гэв.
Ши Жиньпин дарга У.Хүрэлсүхэд чин сэтгэлийн мэндчилгээ илгээснийг Ван И уламжлав.
БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ:
БНХАУ, Монгол Улс нь уул усаараа хаяа нийлсэн, хувь заяа нэгтэй мөнхийн хөрш бөгөөд иж бүрэн стратегийн түншүүд юм. Хоёр улсын төрийн тэргүүний стратегийн удирдлага дор БНХАУ, Монгол Улсын харилцаа хөгжлийн эрч хүчээ хадгалсаар байна. Хоёр тал энх тайван зэрэгцэн орших, харилцан туслалцах, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан БНХАУ-Монгол Улсын хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулахын төлөө хүчин чармайлт гаргахаар тохиролцсон.
БНХАУ энэхүү зөвшилцлийг бодит бодлого, практик арга хэмжээнд хэрхэн хэрэгжүүлэх талаар Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нөхөрлөлийн суурийг улам бататган, хамтдаа хөгжин цэцэглэж, орчин үеийн шинэчлэлд хүрэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Ван И цааш нь хэлэхдээ:
Монгол Улсад хэрэгжүүлж буй БНХАУ-ын бодлого нь тогтвортой бөгөөд залгамж чанартай байдаг. БНХАУ нь Монгол Улстай харилцах харилцааны хөгжлийг хөрш орнуудтайгаа хэрэгжүүлж буй дипломат бодлогынхоо чухал байр сууринд авч үздэг бөгөөд Монгол Улсын найдвартай хөрш, итгэлт найз, хөгжлийн түнш байх хүсэл эрмэлзэл, боломж чадавхтай юм.
БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монгол Улсын бие даан сонгосон хөгжлийн замыг дэмждэг. “Холын хамаатнаас ойрын хөрш дээр” хэмээх зарчмыг эрхэмлэдэг.
Монгол Улс БНХАУ-тай харилцах харилцааны хөгжлийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож байгааг БНХАУ өндрөөр үнэлж байна. Энэ нь Монгол Улс болон Монголын ард түмний үндсэн ашиг сонирхолд бүрэн нийцэж байна гэж үзэж байна.
Бид хоёр улсын төрийн тэргүүний хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэхэд бэлэн байна. Түүнчлэн дэд бүтцийн холболт, эрчим хүч, ашигт малтмал, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулж, чухал ашигт малтмал, ногоон хөгжил, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгоход бэлэн байна.
Мөн Хятад-Орос-Монголын хамтын ажиллагаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт тавцангийн хүрээнд Монгол Улстай эв санааны нэгдэлтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн өмнөдийн орнуудтай нэгдэн өөрийгөө хүчирхэгжүүлж, илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход БНХАУ бэлэн байна гэв.
БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийж буй айлчлалынхаа үеэр мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Сэтгэгдэл