Ерөнхийлөгч уулзалтын эхэнд "Миний санаа ганц утааг биш ажилгүйдэл, ядуурлыг хамтад нь арилгая гэж байгаа. Гэхдээ ярихаас илүүтэй иргэдээ түлхүү сонсох зорилгоор уулзаж байна” гэв. Мөн иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн үүргээ биелүүлнэ. Миний бие төрийн хоёр яаманд сайдаар ажиллаж, хөгжлийн бодлого боловсруулж, ажил хэрэг болгохын төлөө зүтгэж явсан. Томоохон бодлогын асуудлуудыг би мэдэж байгаа. Улсаа хөгжүүлэхийн тулд цаашид хийх ажлынхаа том газрын зургийг энэхүү уулзалтаараа тодруулж яваа гэдгээ тэмдэглэв.
Иргэдийн байр суурийг хүргэе.
Баянгол дүүргийн иргэн Ж.Гадинжид:
-Эрх баригч МАН бүх амлалтаасаа буцлаа. Худлаа ярьж, хүн хуурсан хүнд эрүүгийн ял шийтгэл хүлээлгэх хэрэгтэй. УИХ-ыг тараах ёстой. Иргэдээ татвараар дарамталж, дээрээс нь шатахууны үнэ нэмж, өдөр тутмын хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж байна. Оффшорын мөнгө, Оюутолгойн мөнгө, Тавантолгойн мөнгийг авч ирэхэд татвар нэмэхгүй байх боломжтой. Үүнд анхаарч өгнө үү.
Баянзүрх дүүргийн иргэн Б.Төмөр:
-Улс оронд утаа, түгжрэл, гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурал гамшиг боллоо. Төр, засагт байгаа хүмүүст ард түмэн хамаагүй болжээ. Утаа, түгжрэлийг багасгана гээд мөнгө хүүлэхээ боддог. Татвар нэмж өөрсдөө хөрөнгөжих замыг хайдаг. Энэ байдлыг цэгцэлж өгөөч.
СХД-ийн II хорооны иргэн Д.Сүхээ:
-2016 оны сонгуулийг хууль бусаар хийж МАН 65 суудал авсан. Гарч ирээд олон төрлийн татвар нэмж, ард түмнийг доромжилж байна. Бид юугаа өгөх юм бэ, яаж амьдрах юм бэ. Хууль бус УИХ-ыг тараая, хууль бус УИХ-аас эрх авсан томилогдсон Засгийн газрыг огцруулъя.
Хан-Уул дүүргийн иргэн н. Жанчивдорж:
"Монгол Улсын төр засаг бузартжээ. Түшээд нь хүчингийн хэрэгт орооцолдож, "бандааш” ярьдаг боллоо. Төрөө цэвэрлэж, төрөө ариусгах хэрэгтэй. Улсынхаа голомтны хойморт гарч суучихаад ийм байж болохгүй. Үүнд анхаарал хандуулж өгнө үү.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч иргэдийн хэлсэн, ярьсныг тэмдэглэж авч, боловсруулж байгаа. Ерөнхий сайдтай зарим асуудлаар санал солилцсон. Хуулийн төслүүд өргөн барина. Улс төр хамаагүй, нам харгалзахгүй улс орноо хөгжүүлж, иргэдээ ажилтай, орлоготой болгож, эрүүл аюулгүй орчинд амьдруулах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Ямар ч үед би ард түмнээ сонсоно гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл