Манай сонин УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо хэрхэн ажиллав, түмэн олныг төрд төлөөлөх үүргээ биелүүлсэн үү, сонгогчдодоо өгсөн амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн үү, нэр цэвэр, төрийн хар хүн гэж үзэж болох уу гэдгийг “Сонгууль-2020“ буландаа хөндөж буй. Энэ удаа Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүдийг онцолж байна.
БОЛОМЖ БҮРИЙГ АШИГЛАСАН Ц.ГАРАМЖАВ
Монголын хамаг л алтны ордыг хамж цуглуулаад авчихсан “Монполимет” хэмээх компанийн захирал гэдгээр нь олон нийт мэддэг Ц.Гарамжав хатагтай гэнэт улс төр рүү улайран зүтгээд эхэлсэн нь хөгжил буурай Монгол Улсаа өөд нь татаж, ядуу зүдүү түмэн олныг энэрэн, хайрлах гэсэн өрөвч нинжин, эх оронч сэтгэлийн дуудлага гэж бодсон хүн 2016 оны сонгуулиар түүнийг дэмжиж саналаа өгсөн хүмүүсийн дунд үгүй байх л даа.
Гэхдээ арай ч бизнес хийх хугацаандаа хуримтлуулсан хэдэн зуун тэрбумаар яригдах өр, зээлээ арилгахаас эхлээд гэр рүүгээ зам тавиулах хүртэл бүх боломжийг тултал ашиглаж, төсвийн мөнгийг түмпэн түмпэнгээр “идэх” зорилготойгоор хууль тогтоох дээд байгууллага руу зүтгэж буй гэж төсөөлөөгүй биз ээ. Түүнийг биеэ зассан, бизнесээ зассан, юм үзэж нүд тайлж, ховдог хомхой зан нь дарагдсан нэгэн гэж итгэсэн хүн харин нэг бус байсан болоод УИХ-д сонгосон болов уу.
Харин Ц.Гарамжав УИХ-ын гишүүнээр сонгогдсон хугацаандаа юу хийж бүтээв. Түүнийг УИХ-д ороод удаагүй байтал Монголбанканд төлөх ёстой 10 гаруй тэрбум төгрөгийн өрөө Эрсдэлийн нөөцийн сангаас төлүүлсэн гэсэн сенсаац дэгдэв. Лавшруулан сонирхвол оргүй худал зүйл биш байх нь тэр. Ц.Гарамжав УИХ-ын гишүүн болонгуутаа 2007 оноос эхлэлтэй, Монголбанканд төлөх ёстой 10 гаруй тэрбум төгрөгийн хэргээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээх хаалгаж, өрөө Монголбанкны эрсдэлийн сангаас төлүүлсэн байдаг.
Ингээд зогсохгүй “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээр “Хөгжлийн банк”-наас авсан 111 тэрбум төгрөгийн зээлээ хаалгахаар оролдсон тухай ч сөхөгдөж байв. Түүнчлэн, нийслэлийн төсвийн зардлаар өөрийн амьдардаг байр болон хамаарал бүхий компанийн оффисын байр руу авто зам тавиулсан. Мөн хүргэн Ч.Алтаннарыгаа “Оюутолгой” компанийн Монголын талыг төлөөлөх гурван хүний нэгээр сонгоход нөлөөлсөн гэлцдэг. Ийнхүү Ц.Гарамжав УИХ-д сонгогдсон дөрвөн жилийн хугацаандаа ашиглаж болох бүх боломжийг ашиглан, хувийн ажлаа амжуулжээ.
Хууль тогтоох чиглэлд юу хийсэн бэ гээд харвал олигтой юм үгүй. Ичиж зовохоо мартаж, улайм цаймдаа гарсан үйлдлийг нь илчилдгийнх нь төлөө сэтгүүлчдэд тун дургүй тэрбээр сэтгүүлчдийг Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шийтгэх заалтыг батлуулахад л идэвхийлэн оролцсон байдаг юм.
САЙНЫГ НЬ СУРАХААСАА ТҮРҮҮЛЭЭД СААРЫГ НЬ СУРЧИХСАН Н.УЧРАЛ
Баг өмсөж, өөрийгөө Тимон гэж нэрлээд “Байртай юу, байртай бол хайртай юу” хэмээн дуулж явсан хүү юүдэнтэй цамцаа ажил хэрэгч хослолоор сольж, УИХ-ын танхимд суугаад дөрвөн жилийг үдэж байна. Түүнийг өнгөрсөн дөрвөн жилд хувь, хувьсгал аль аль талдаа муугүй ажилласан гэж дүгнэж болно. Карьер хөөж, алсыг харж яваа залуу улстөрчийн хувиар тун идэвхтэй ажилласан. Басхүү улстөрчийн буурь хурдан сууж, улс төрийн гал тогооноос сайныг нь сурахаасаа түрүүлээд саарыг нь сурчихсан харагдсан. Олон жилийн өмнөөс шүүмжлэлд өртөж, “төгөлдөр хуур тоглох” гэсэн егөөдсөн нэршилтэй болсон эзгүй гишүүдийн өмнөөс санал өгч, хууль баталдаг муу жишгийг энэ парламентад Н.Учрал тэргүүтэй залуус үргэлжлүүлсэн.
Үүнээс ч онцгүй түүх намтартаа нэмж амжсан нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан явдал. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой байсан тэрбум шахам төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг түүний хамаарал бүхий этгээд буюу аав нь авчихсан юм. Энэ тухай мэдээлэл цацагдмагц залуу гишүүн ихэд сандран “Аав зээл авсныг мэдээгүй. Энэ зээлийг одоохон төлчихье” хэмээн мэдэгдсэн билээ. Уг нь тэр энэ зээлийг авахаасаа өмнө нэрээ бодож, ёс зүйгээ баримталсан имиж, карьерт нь их л хэрэгтэй байх байв.
“ОЛОН НАМЫН ТОГТОЛЦООТОЙ АЙЛ”-ЫН ХҮҮ ОЛИГТОЙ АЖИЛЛАСАНГҮЙ
Нэг хүү нь МАН, нөгөөх нь АН, өөр нэг нь МАХН-аас нэр дэвших хүмүүсийн тоонд нэрлэгдэж буй Долгорсүрэн гуайнхыг шооч монголчууд “Олон намын тогтолцоотой айл” гэсэн байна билээ. Олон намын тогтолцоотой айлын хөвгүүдээс төрд түмэн олныг төлөөлөх үүрэг түрүүлж хүлээсэн нь Д.Сумъяабазар. Үндэсний бөхийн аварга цолтой түүнийг улстөрч болно гэхэд тийм ч итгэлтэй байгаагүй. Гэтэл тэр УИХ-ын гишүүнээр сонгогдоод зогсохгүй УУХҮ-ийн сайдын албыг хашиж суугаа. Д.Сумъяабазарын хувьд сайд болсноос өөр шовхорсон юмгүй дөрвөн жил өнгөрөв. “Эрдэнэс Таван толгой”-н IPO гаргах ажил олигтой үр дүнгүй, хариуцлагагүй уул уурхайг цэгцлэх амлалт нь ч гийгүүлсэн юмгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байна.
ДАМПУУРУУЛДАГ Б.УНДАРМАА
“Бишрэлт”-ийн Б.Ундармаа гэж бизнесмэн эмэгтэйн сураг гардаг л байсан. Гэхдээ тэр сайнаар ч, муугаар ч тодорч байгаагүй юм. Харин улс төрд орсноосоо хойш нэг л биш болоод явчихсан, УИХ-д сонгогдоод бүр хамаг булхай нь илэрлээ. ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан зээл авсныхаа төлөө хэрэгт татагдаж, бүрэн эрхийнх нь асуудал яригдахаас эхлээд түүний хувьд дэлхий буруу эргэж эхэлсэн. Б.Ундармаа ЖДҮХС-гаас 800 сая төгрөг авсан бөгөөд тэгэхдээ 2017 онд мөн уг сангаас зээл авсан “Доктор мейк” ХХК-ийнхаа “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр байгуулах” төслөөр дахин зээл гаргуулсан нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон.
Мөн түүний хувьцааг нь эзэмшдэг “Капитал” банк дампуурснаар Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг салхинд хийсээд буй. Энэ банкны харилцагчдын болон бусад төсөл хөтөлбөрүүдийн хохирлыг хэрхэн барагдуулах нь одоогоор тодорхойгүй байгаа билээ.
ШУДАРГА БАЙЖ ЧАДСАН УУ, Х.НЯМБААТАР АА
Тэр бол өөртөө шударга гэсэн нэр наачихсан, хөдөлгөөнтэй, олби оготно шиг таван залуу гишүүний нэг. Туулах урт замынхаа дөнгөж эхэнд зогсож байж, цаашид юутай таарч, хэрхэн давах, бүдрэхээ мэдэхгүй байж юун ч эрт өөрсдийгөө тодорхойлдог юм билээ. Залуу улстөрчийн анхны парламентын дөрвөн жилийг харвал шударга гэдэг үг хэтэрхий гоёдохоор санагдана.
МАН-аас бор халзан хонь ч дэвшсэн сонгогдохоор байсан 2016 онд нэр дэвших боломж олдсон нь түүний хувьд азтай явдал байв. Хэний ч танихгүй залуу УИХ-д орж ирээд чамлаж, басахааргүй популист гэдгээ харуулсан. Тэгээд зогсохгүй хотын даргын суудал руу санаархаж “Хэрвээ намайг сонгиночууд дэмжвэл би хотын дарга болно” гэж хэлээд, Су.Батболдоос “Хот бол мөнгө биш шүү, Х.Нямбаатар аа” гэх хорон үг сонсоод авсан. Нам нэгт ах нь түүнийг мөнгөний төлөө зүтгэж байна гээд хэлчихсэн хэрэг. Түүнийг нь батлах мэт залуу гишүүн ЖДҮХС-гийн хэрэгт нэр холбогдсон.
ХОВХОРДОГГҮЙ, ШОВХОРДОГГҮЙ Д.ТЭРБИШДАГВА
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон зургаан гишүүн дотроос хамгийн ахмад, туршлагатай нь тэр. 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээс тасралтгүй ажилласан тэрбээр өнгөрч буй дөрвөн жилд тэгтлээ тодорч гялалзсангүй, бас бүр сураг нь тасарчихсангүй. Д.Тэрбишдагва УИХ-аас байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, “Оюутолгой” төсөл барьцаанд тавигдсан байна” гэх мэтийн сүржин мэдэгдлээрээ олны анхааралд бишгүй орсон. Харин түүний хийсэн шалгалт, гаргасан санал дүгнэлт ажил хэрэг болоогүй л байна.
Тэр бас ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлээс хувь хүртэхээс хоцроогүй. Түүний хамаарал бүхий “Арвай хүрд” ХХК 900 сая, “Хөх үзүүр” ХХК 250 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. ХХААХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас ЖДҮХС-гийн 2018 оны зээл, төслийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн шалгалтаар “Арвай хүрд” ХХК-тай холбоотой ноцтой зөрчил илэрсэн. Тус компани 2016 онд “Үхрийн ферм” төсөлд зориулан арилжааны банкаар дамжуулан 450 сая төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд уг зээлийнх ньүлдэгдэл 320 сая төгрөг байхад нэмж 900 сая төгрөг ЖДҮХС-гаас авсан гэсэн мэдээлэл байна.
ЭХ СУРВАЛЖ: Х.УЯНГА, Npоst.mn