Тавантолгойг хувааж идэхээр АН-ын фракциудын дотоодын дайн улам ширүүсч байна. Энэ дайны хөлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар болон зарим нөхөд лав үрэгдэх бололтой.
Нөгөө талаар түүх давтагдлаа. Давтагдахдаа улс эх орон, ард түмэнд гашуунаар давтагдаж байна. 1996-2000 онд Ардчилсан нам төрийн эрх барихдаа ийнхүү дөрвөн Засгийн газар унагаж, ард түмний амьдралыг элгээр нь хэвтүүлснийг уншигч та санаж байгаа. Эдийн засгийн байдлын тухайд ч дурдаад хэрэггүй биз. 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан “Шинэчлэлийн” хэмээх Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр жил хугацаанд эрх бариад АН-ын дотоодын дайнд огцорсон. Ингээд “шийдлийн” хэмээх Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байсан ч нэг жилийн нүүрийг ч үзэж чадсангүй, огцрох нь.
Гэтэл эх сурвалжийн хэлж байгаагаар бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн асуудлаас болж унаж байгаа юм байх. Учир нь АН-ын дотоод фракцууд стратегийн том орд газраа булаалдаад бие биенээ дэгээдээд байгаа нь энэ гэнэ. Ямартай ч МҮАН-ын дарга М.Энхсайханд Тавантолгойн асуудлыг даатгаж өгөөд Ч.Сайханбилэг нар ар талд нь тохироо хийчихсэн байсан. Ерөөсөө хэзээ мөдгүй урагшаа хөдөлгөх санаатай байсан төслийг УИХ-ын дарга З.Энхболд тас эсэргүүцээд байсан. Ард түмэнд ашиггүй гэрээ гэх мэтээр хориод байв. Үнэн хэрэгтээ ард түмэнд бус өөрийнх нь фракцид ашиггүй байсан бололтой.
Гэтэл Тавантолгойн төслийг М.Энхсайханаас хуу хамж аваад С.Баярцогтод даатгаад өгчихсөн. С.Баярцогтын хувьд бол туршлагатай хүн. Оюутолгой хэмээх том төслийг ард түмэн, улс оронд ашиггүйгээр, өөрсдийн талд хийсэн нөхөр. Оффшор дансанд мартчихсан их мөнгө бол энэ гэрээний хаялга гэдэгтэй хэн маргах билээ. Тэгэхээр С.Баярцогт бол Тавантолгойг өлхөн залгичих туршлагатай гэдэг нь харагдана.
Ингээд Ч.Сайханбилэг нар туршлага бүхий нөхөртөө төсөл атгуулчихаар ах нарын уур дүрс хийж таарна биз дээ. Тавантолойгоос ахиухан хувь хүртэхийн тулд л сандал ширээ булааладж байгаа нөхөд юу гэж Ч.Сайханбилэг нарт зүгээр өгчих билээ дээ. Ямар нэг арга бодож таарна биз дээ. Тиймээс өнөөдрийн Засгийн газар огцорч байна. Харин тэр арга нь МАН-ыг засгаас шахах байв. Түүнээс биш хамтрагч МАН-аа засгаас гаргаж байна гэсэн удаа дараагийн мэдэгдэл бол зүгээр шоу төдий юм. Аливаа зүйлд шалтгаан байж хөдөлдөг жамтай юм хойно доо. МАН-аар халхавч хийгээд Ч.Сайханбилэгийг авч хаях нь л дээ.
Энэ мэттэй дөрөө харшуулсан хүн нь Н.Алтанхуяг. Засгийн газраа огцруулсан хонзон нь илааршаагүй байсан Н.Алтанхуяг энэ асуудлыг хамгийн түрүүнд уухайлсан. АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн” хэмээх хэсэг сайн дурын уран сайханчид З.Энхболдоос эхлээд бүгдийг огцруулчих гээд яваад байв даа. Сүүлдээ бүр засагт хамтарсан МАН-ыг засгаас гарахыг хүртэл шаардсан. Энэ бол Н.Алтанхуягийн гар хөл байв. Түүнээс бус энэ хэдэд өөрийн толгой, өөрийн бодол гэж үгүй. Ингээд МАН-ын нэрийг барьж Ч.Сайханбилэгийг авч хаях нь тодорхой болчихлоо.
Н.Дөл
АН МАН-ын нэрийг барьж Ч.Сайханбилэгийг авч хаях нь
2015/07/08 10:07
Сэтгэгдэл