
УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийн өөрчлөлтийг
хэлэлцэхийг дэмжив. Товчхондоо энэ хууль батлагдахаар шуударсан гэсэн
үг. Монгол Улсын аюулгүй, дархан байдал, хил хамгаалал, хилчдийн
нийгмийн асуудал гэх мэтээр олон асуудлыг шийднэ хэмээн хууль
санаачлагчид УИХ-ын гишүүдийн асуултад гоё ганган хариулт өгч байна.
Гэвч
үнэн хэрэгтээ хуулийг өөрчлөх болсон гол зорилго нь хилийн хамгаалалтын
бүсэд байгаа байгалийн баялгийг ухаж, ашиг олох гэсэн хэсэг бүлгийн
сонирхол. Хуулийн төслийг санаачилсан, Хуульзүй дотоод хэргийн сайд
С.Бямбацогт, түүний "хамсаатан” ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн, УИХ-ын
чуулганы танхимд дэмжиж буй хэдэн гишүүд гээд лобби бүлгийнхэн аль
хэдийнэ ашгаа тоочиглоцон суугаа биз.

Хилийн
хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү хилийн
хамгаалалтын бүсийг 100 км байгааг 15 км болгох тухай ч яригдаж байгааг
"Ийм л арчаагүй юм хийж байгаа байхгүй юу” хэмээн илт дургүйцлээ
илэрхийлсэн. Тэрбээр "Монгол Улс өнөөдөр гуравхан сая хүн амтай. 100 км
дотроо хамгаалалттай байдаг тэр боломжийг үгүй болгоод алтыг нь
хулгайлах гээд өнөө Асгат энэ тэр чинь үүн дотор ашиг сонирхлын
зөрчилтэй л яваад байгаа байхгүй юу. Асгатыг хэн авсныг та нар мэдэж
байгаа. Асгат хилийн бүс дотор байдаг болохоор л нөхдүүд ийм зүйл хийж
байна” хэмээн эсрэг байр суурь илэрхийлсэн цөөхөн гишүүдийн нэг болов.
Ерөнхийдөө
бол хилийн хамгаалалт, хилчдийн асуудлыг шийдэхийн тулд энэ хуулийн
өөрчлөөгүй. Харин хилийн хамгаалалтын бүсэд орчихоод байгаа газрын
баялгийг чөлөөлж, цөлмөх гэсэн санааг гоё сайхнаар халхалчихаад байгаа
нь энэ.
Ардчилсан
намын эрх барьж байх үед Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумын нутагт
орших Талын мэлтэс, Хатан суудлын алт, зэсийн ордыг ухахын тулд тусгай
хамгаалалтаас гаргахаар албан бичгээ бэлдчихсэн байсныг та бүхэн санаж
буй. Тухайн үеийн сөрөг хүчин болох МАН болон нутгийн иргэдийн
эсэргүүцэлтэй тулгарснаар уг асуудал намжсан. Харин өнөөдөр МАН-ынхан
эрх баригч болчихоод ухахаар эргэж дайрч байна. Хилийн зурвасаас 20
км-ийн зайд оршдог тус ордуудыг ухахын тулд Хилийн хуулийг хүртэл
өөрчлөхөөр улайрч байна.

Зарим
хэвлэлд бичсэнээр бол хилийн бүсэд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувь
эзэмшдэг "Сауд гоби блэк голд", Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Ц.Дашдоржийн "Говь тулга" компани уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа
явуулах эрхтэй гэнэ. Үүгээр бол хуулийг батлуулахаар лоббидож суугаа
нөхөд парламентын танхимд суугаа бололтой.
Засгийн
газрын 100 хоногийн ажлыг тайлагнах үеэр Хил хамгаалах байгууллагын
удирдлагууд хийсэн ажил дундаа 0168 дугаар анги буюу Сулинхээрийн
отрядыг Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу нүүлгэн шилжүүлсэн тухайгаа
дурдаж байв. Хоёр тэрбум төгрөг зарцуулан байж шилжүүлсэн шалтгаан нь
хилчдийн аж амьдралыг сайжруулсан хэмээн тайлбарлаж байв. Үнэндэ бол
Сулинхээрийн отрядын байрлаж байсан газар алтны орд илэрсэн, өнөө ч
хилийн цэргүүд хамгаалж байгаа гэсэн мэдээлэл байна.
Өөрөөр
хэлбэл газрын баялгаа ухаж, ашиг олохын тулд эх орны аюулгүй, дархан
байдал, бүрэн бүтэн байдлыг үл хайхардаг байх нь. Хилийн зурвасын 100
км-т байгаа алтны ордыг хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөтэй хүнд хуулиар
бэлэглэх шунаг, долдой хүмүүс парламентад сууж байгаа нь харамсалтай.
Тэд өнөөдөр хуулиа өөрчилж, орд газрыг ухуулах гэж байна. Харин маргааш
хуулиа шинэчилж, хил орчмын газар нутгаа Хятад, оросуудад бэлэглэхийг ч
үгүйсгэхгүй. Хувийн шунал, эрх ашгийн төлөө эх орон, газар нутгаа
худалдахыг бид харах нь. Ирэх долоо хоногт энэ хууль батлагдана. Ирэх
жилийн энэ өдрүүдэд хилийн хамгаалалтад байсан газар нутаг ухсан нүх,
овоолсон шороо болон үлдэхийг үгүйсгэх аргагүй.
В.Хэрлэн
http://www.shuud.mn/content/read/476602.htm