Хойд Солонгосоос ирсэн Америк цэргийн цорын ганц таних тэмдгийг үр хүүхдэд нь гардуулжээ


Хойд Солонгосоос ирсэн Америк цэргийн цорын ганц таних тэмдгийг үр хүүхдэд нь гардуулжээ

Өчигдөр Пентагон Солонгосын дайнд амь үрэгдсэн эцгийнх нь армийн таних тэмдгийг (dog tag гэдэг) түүний үр хүүхдүүдэд гардуулан өгчээ.

 

Өнгөрсөн сард Хойд Солонгос дайнд амь үрэгдсэн Америк цэргүүдийн 55 хайрцаг шарилыг АНУ-ын талд хүлээлгэж өгөхөд ганцхан ширхэг таних тэмдэг дагалдаж ирсэн юм.

Уг ажиллагаа нь зургаадугаар сарын 12-нд Сингапурт АНУ-Хойд Солонгосын удирдагч нар уулзахдаа тохиролцсон асуудлуудын нэг нь юм. Металл таних тэмдэг нь АНУ-ын армийн ахлах түрүүч Чарльз Хоберт Макданиелынх байжээ.

Түүний хүүхдүүд болох бага Чарльз Макданиел, Ларри Макданиел нар өчигдөр Виржиниа мужийн Арлингтонд болсон арга хэмжээний үеэр эцгийнхээ таних тэмдгийг хүлээн авсан юм.

Тэд 1950-1953 онд болсон дайнд сураггүй болсон олон мянган Америк цэргийн дотроос хамгийн анх танигдсан хүн аав нь болсонд сэтгэл хөдөлж байгаагаа сэтгүүлчдэд хуваалцжээ.

Гэхдээ сая Хойд Солонгосоос ирсэн 55 хайрцагтай шарил дунд тэдний эцгийн шарил байгаа гэсэн баталгаа байхгүй юм. Арга хэмжээний дараа Ларри Макданиел ДНХ-ийн дээжээ мэргэжилтнүүдэд өгсөн байна. Ирсэн шарилнуудыг таниулах ажиллагаа Хавайд эхэлсэн бөгөөд үр дүн нь хэдэн сарын дараа гарах юм.

Ахлах түрүүч Макданиел нь АНУ-ын армийн 8 дугаар явган цэргийн ангид харьяалагддаг байсан бөгөөд 1950 оны аравдугаар сард Хятадын цэрэг гэнэтийн довтолгоо хийх үеэр амиа алдсан юм байна.

АНУ-ын 7,700 орчим цэргийн шарил Хойд Солонгост байгаа гэж Пентагон тооцоолдог ажээ.

 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.