Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэргээс үүдэж, яам болон агентлаг, нийслэлийн ЗДТГ-т Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шалгалт хийв.
Архины халууны улмаас нэгэндээ өш хонзон санаж, үхтэл нь зодож танхайрсан балмад хэрэг үнэндээ нийтийг цочирдуулсан юм. Эндээс харахад төрийн албанд ч архидалт байдаг юм байна гэсэн ойлголтыг төрүүлсэн.
Тиймээс яам болон агентлагуудад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгаж дүгнэлтээ танилцуулж мэдээлэл хийсэн билээ.
Шалгалтаар олон жил архи илрүүлэхээс гадна, төрийн албаныхны ажлын байдал, үнэн төрхийг нь илчлэв. Олон зөрчил илрүүлэв.
Тухайлбал, ЭХЯ, ЭМЯ, УУХҮЯ нь иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх талаар хангалтгүй ажилласан, хуулийн хугацааг 7-30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч шийдвэрлээгүй нь илэрчээ. Мөн БОНХЯ, ХНХЯ батлагдсан тоогоо 2-23 хүртэл хүнээр хэтрүүлж гэрээгээр ажиллуулсан, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч томилсон нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, төрийн албаны бүтэц нь хэт данхайсан байдлыг дээрх хоёр яамнаас харж болох нь.
Мөн яамдад гадаад, дотоодын өндөр зардалтай олон томилолтын тайлан, илтгэх хуудас бичээгүй байсан гэнэ. Төрийн ажил ийм л замаар явж байгаа юм.
Төрийн тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд шалгалт хийхэд архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11 шатамхай бодис илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Удирдлагууд нь албан өрөөндөө нийлж, архиддаг, ажлаа хийдэггүй, төрийн ажлыг цалгардуулдаг гэдэг нь бараг үнэний ортой болж байгаа юм. Тиймээс ч төрийн албыг цалинтай өдөр өнжүүлэх гэж нэрлээд буй. Ингэж л ажил хийдэггүй, хийдүүлж, цалингаа авдаг байх нь.
Сая хийсэн шалгалтын дүнгээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Төрийн албан хаагчдын дунд сахилга хариуцлага, дэг журмыг улам илүү чангатгах шаардлага байна. Яам, агентлагууд албан хаагчдын цаг ашиглалтыг хурууны хээгээр бүртгэж, цалингийн системтэй холбон хариуцлага тооцох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, үүрэгт ажлаа чанар, үр дүнтэй гүйцэтгэх ёстой.
Төр, төрийн албан хаагч нар ард түмэнд үйлчлэх хэрэгтэй гэдгээ ухамсарлан ажиллахыг анхааруулж байна” гэлээ.
О.Сайхан
Сэтгэгдэл