УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар өчигдөр ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналаа өргөн барилаа. Өнгөрсөн хавраас хойш яригдсан ч гишүүдийн гарын үсэг бүрдээгүйн улмаас хүлээгдэж байсан асуудал ингэж албан ёсоор өргөн баригдаж буй юм.
Холбогдох хуулийн заалтаараа бол гишүүдийн 4/1 нь ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнээр чуулганаар хэлэлцэх учиртай. Чуулган ердийн олонхоор шийдвэрээ гаргана. Тэгэхээр арайхийж цугласан 20 гишүүний гарын үсгээр эхний даваагаа туулсан огцруулах бичиг чуулганаар хэрхэх нь тодорхойгүй юм.
Түүнчлэн 20 гишүүний гарын үсэг зурсан огцруулах санал өргөн баригдсан даруйд Р.Амаржаргал гишүүн нэрээ хоёр сарын өмнө татсан болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Мэдээж гарын үсэг зуруулаад явчихсан цаасыг дахин шинэчлэх аргагүй тул гишүүдийн тоог 20 хүрсэн хойно өргөн барьсан бололтой. Өөрөөр хэлбэл, Р.Амаржаргал гишүүн нэрээ татсан ч 19 гишүүн огцруулах санал өргөн барих эрх нь хэвээр үлдэх юм.
Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана. ҮЗХ-ноос өмнө нь ерөнхий сайдыг огцруулах дэмжсэн гишүүнийг намаасаа ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ ч мэдэгдсэн. Энэ удаагийн хурлаар ирэх сонгуульд хэрхэн, яаж оролцох болон намын дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүний татварыг нэмэх, сонгуульд ИЗНН, МҮАН-тай хамтарч оролцох, ротацаар нэмэгдсэн шинэ гишүүдийг батламжлах, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Мэдээж үүн дээр ерөнхий сайдыг огцруулах санал өргөн баригдсантай холбогдуулан нам саналаа нэгтгэж, эсрэг кноп дарсан гишүүдэд ногдох хариуцлагыг ойлгомжтойгоор сануулна.
Өөрөөр хэлбэл, одоо засгийн газрын эрүүл тунх байдал З.Энхболдоос бүрэн хамаарна гэсэн үг. З.Энхболд бүлгийн 35 гишүүнээс гадна ИЗНН, МҮАН-ын нөхдийг ерөнхий сайдыг огцруулахгүйн төлөө конп даруулах гол чигийг тодорхойлохоор харагдаж байна. АН-ынхан дотооддоо эв нэгдэлтэй байж чадаж гэмээн олонх болж, Ч.Сайханбилэг суудалтайгаа үлдэнэ. Нөгөө талаас АН ирэх сонгуульд хэнтэй хамтрах нь мөн асуудалд нөлөөллөө үзүүлнэ. Яг ийм эгзэгтэй цаг үед АН-ын ҮЗХ хуралдаж, Ч.Сайханбилэг сонгууль хүртэл засаг тэргүүлэхээр харагдаж буй юм.
Олон нийтийн харж буй өнцөгөөс бол одоо засгийн газрыг Ч.Сайханбилэг тэргүүлж буй онц биш болчихоод байна. Хамгийн гол нь тогтвортой байдал. Орон сууцны ипотекийн зээлийн асуудал сая нэг дөрөө олж магадгүй болж, Оюутолгой урагшлах нь тодорхой болсон. Тэгэхээр үлдсэн таван сарын хугацаанд дахин нэг засгийн тэргүүн гаргаж, танхимаа бүрдүүлэх халаа сэлгээний асуудлаар оролдуулж байхын оронд одоо хийж буй ажлууд нь үргэлжлэхийг харахыг хүснэ.
Үнэхээр бодох л асуудал. Таван сарын хугацаанд шинэ засгийн газрын тэргүүн ажиллууллаа гээд бид юу хожих бэ? Тэр тусмаа эдийн засаг, нигймийн амьдралын асар эгзэгтэй, эмзэг үед төрийн сэлгээ хийх нь хэнд ашигтай юм. Эсрэгээрээ энд ард түмэн л хохирохоор харагдаж байгааг тэмдэглүүштэй.
Ж.Мядагбадам
Сэтгэгдэл