Цэргийн төв эмнэлгийнхэн 500 гаруй хүний эмзэг мэдээллийг алдсан гэв үү


Цэргийн төв эмнэлгийнхэн 500 гаруй хүний эмзэг мэдээллийг алдсан гэв үү

 

Батлан хамгаалах яам (БХЯ)-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт хүний эрх зөрчигдөж, хувийн мэдээлэл нь алдагдчихаад байхад удирдлага нь хав дарж буй нь харамсалтай.

Угаасаа болсон асуудлыг дарахдаа гарамгай байгууллага л даа. 2024 оны аравдугаар сарын сүүлчээр тус эмнэлэгт ДОХ-ын халдвартай иргэн нас барж, дараа сард нь хэвлэлээр шуугьсан ч Цэргийн төв эмнэлгийнхэн “Бусдад халдварлаагүй” гэсэн мэдээлэл хийж, тэгсхийгээд мартагдсан билээ. Тэгвэл тухайн нас барсан иргэний өвчний түүх нь тэр үедээ Цэргийн төв эмнэлгийн архивт ороогүй байснаа сүүлд буюу 2024 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хариуцсан албан тушаалтан нь ч биш, өөр хүн илгээсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл өдгөө Цэргийн төв эмнэлгээс эмчилгээ, үйлчилгээ авсан 500 иргэний эмзэг мэдээлэл алдагдсан гэх хэргийг хууль сахиулах байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Цэргийн төв эмнэлэгт юу болоод байгаа талаар дэлгэрүүлэн хүргэе.

Хүний эрх зөрчигдсөөр байхад ус балгасан мэт сууна Цэргийн төв эмнэлгийн албан тушаалтан Б.Б-г ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол батлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Түүнийг хүний хувийн мэдээллийг бусдад задруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй аж. Тодруулбал, 2025 онд Цэргийн төв эмнэлгээр үйлчлүүлсэн 500 гаруй хүний хувийн эмзэг, нууц мэдээллийг задруулсан гэж буруутгаж буй гэнэ.

УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд баталж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4.1.12-т “Хүний эмзэг мэдээлэл гэж үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн, эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг ойлгоно” гэж заасан. Тэгэхээр Цэргийн төв эмнэлгээс алдагдчихаад буй 500 гаруй хүний эмзэг мэдээлэл компьютерт файл хэлбэрээр хадгалагдаж байсан нь бусдын гарт оччихсон гэсэн үг. Тус эмнэлгийн албан тушаалтан Б-д Эрүүгийн хуулийн 13.11-2-2 дахь хэсгийн “Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан” гэх үндэслэлээр шалгаж буй бөгөөд холбогдогч нь үүнийг зөвшөөрөхгүй байгаа гэнэ.

Үүнээс улбаалаад Цэргийн төв эмнэлэгт удаа дараа хууль зөрчигдөж байхад БХЯ, холбогдох албан тушаалтнууд, тэр дундаа Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар нь ус балгасан мэт суугааг эх сурвалжууд мэдээлэв. Учир нь тус эмнэлгийн зарим албан тушаалтан нь хууль, журмаа мөрдөж ажиллах талаар удирдлага, эрх бүхий хүмүүст шаардлага тавьж байж. Гэтэл үүнээсээ болж удирдах албаны хүндээ зодуулж ч байсан гэнэ. Тодруулбал, 2022 олны аравдугаар сард хошууч Д.Банзрагч нь удирдлага дороо ажилладаг эмэгтэйд гар хүрсэн үйлдэлд нь Зөрчлийн хуулийн дагуу шүүх хариуцлага тооцсон гэнэ.

Энэ асуудлаар Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатарт хандан албан бичиг хүргүүлсэн ч хав дараад өнгөрчээ. Гэтэл тэнд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, үүнд нийцүүлэн Цэргийн төв эмнэлгээс гаргасан журам дүрэм зөрчигдөж, тухайн эмнэлэгт нас барсан болон яаралтай тусламжийн хуудас зэрэг баримтыг архивтаа цаг тухайд нь өгдөггүй явдал ч гарах болж.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 2023-2025 онд хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн зарим бүртгэл, цахим болон эх хувийн аль аль нь архивтаа хадгалагдахгүй байгаа асуудал хөндөгдөх болжээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 3-нд Цэргийн төв эмнэлэгт нас барсан иргэний өвчний түүхийг цагдаагийн байгууллага шалгахаар хандаж, прокурорын албан бичиг ирүүлсэн ч архиваас нь гаргаж өгөх боломжгүй байсан нь тэнд хууль зөрчигдөж буйн тод илрэл гэлтэй. Үүнийгээ нэгдүгээр сарын 12-нд нөхөж хийн, цагдаагийн ажилтан хүлээж байгаад авсан нь үнэхээр хачирхалтай. Ийм тохиолдол нэг бус гарсныг эх сурвалжууд баталж байна. Хулгайч орж, гал гарсны дараа ажил сайжруулах үүрэг өгсөн ч байдал дээрдсэнгүй юү Цэргийн төв эмнэлэг бол Зэвсэгт хүчний 027 дугаар анги гэсэн статустай, удирдах албан тушаалтнууд болон эмч нар нь цэргийн цолтой байдаг. Тиймээс өмнө нь Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын шууд удирдлага дор ажилладаг байсан юм.

Харин сүүлд БХЯ-ны мэдэлд шилжсэн түүхтэй. ЗХЖШ-ын удирдлагад байхад нь буюу 2009 онд тус ангид шалгалт хийж, архив, албан хэрэг хөтлөлт нь хөсөр хаягдсаныг илрүүлж, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгож байж. Тухайн үед 1983-2002 онд тус эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсийн өвчний түүхийн архив нь шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа нь дууссан байранд байрладаг. Тэнд нь удаан хугацаагаар буюу 70-аас дээш жил хадгалах материалууд байсан агаад нэг өдөр хулгайч орсноос гадна гал гарч, хадгалж байсан бичиг баримтууд шатжээ. Түүгээр ч зогсохгүй архив, албан хэрэг хөтлөлтийн горим алдагдаж, хавтасгүй, хаяг, товьёог хийгээгүй баримтууд тоос, шороонд дарагдаж, чанар, аюулгүй байдал нь муудсан байж.

 Тиймээс ЗХЖШ-аас шалган туслах ажил хийж, үүрэг чиглэл өгч, овоо цэгцрээд байтал сүүлийн жилүүдэд ийнхүү байдал бишдэж эхэлжээ. Уг нь Цэргийн төв эмнэлэг хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулахаас гадна хадгалж, хамгаалах үүрэг хуулиар хүлээсэн байгууллага. Гэтэл ийнхүү 500 гаруй хүний эмзэг мэдээлэл алдагдаад тогтохгүй, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль зөрчигдөх болж. Энэ хуулийн 26.3.3-т “Архивын аюулгүй байдлын баталгааг хангасан, баримтын хадгалалт, хамгаалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн байх” хэмээн хуульчилсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтнууд нь хуулиа зөрчөөд байгаад холбогдох байгууллагынхан анхаарлаа хандуулах ёстой бус уу. Тус эмнэлгийн албан тушаалтнууд нь архивтаа хүний эмчилгээ, үйлчилгээ авсан баримт, яаралтай тусламжийн хуудасны эх хувь бус, хуулбарыг нь өгсөн нь анхаарал татах асуудал биш гэж үү.

 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой гомдлыг шийдвэрлэхгүй дарсаар байна Цэргийн төв эмнэлгийн албан тушаалтан нь удирдлага дороо ажилладаг эмэгтэйд гар хүрсэн үйлдэл болон ажлын байрандаа архидан согтуурсан асуудлаар Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатарт хандсан гомдол, мэдээлэл усанд хаясан чулуу мэт алга болоод буй. Энэ нь арга ч үгүй бололтой. Тус эмнэлгийнхэн Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийг үл ойшоосон гэхээр жирийн ажилтны гомдол бол хад мөргөсөнтэй адил гэсэн үг. Уг нь гомдолдоо “Тус эмнэлэгт энэ мэт хууль зөрчсөн ажиллагаа удаа дараа гарч байгаа тул анхааралдаа авч, хяналт шалгалт хийн, нэр бүхий албан тушаалтнуудыг сэлгэн томилуулах талаар арга хэмжээ авна уу” гэжээ.

Цэргийн төв эмнэлгийн тасгийн дарга, хошууч болон сувилагчаар ажиллаж байсан хүмүүс хээл хахууль өгсөн, авсан хэргийг АТГ-аас шалгаж, улмаар мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлээд зогсохгүй тус эмнэлэгт гарч буй авлига, ашиг сонирхлын зөрчлийг хянан шалгаж, урьдчилан сэргийлэх талаар 2024 онд зөвлөмж хүргүүлсэн юм. Шалгалтаар бусдад давуу байдал олгосон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, 19 төрлийн эмчилгээ, үйлчилгээнд 263 иргэнээс хураан авсан үнийн дүн нь 80 000 хүртэлх төгрөгийн зөрүүтэй байсан, хүний нөөцийн бодлого алдагдаж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуягийн тушаалаар 65 хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон нь мэргэжлийн бус, албан тушаалын тодорхойлолтод заасантай нийцээгүй гэх зэрэг олон зөрчил илрүүлсэн байдаг. Тухайлбал, тус эмнэлгийн дарга асан, хурандаа Б.Энх-Од гэхэд эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаал хашсан байх шалгуурыг хангаагүй атал дээрх генерал томилчихсон. Хурандаа Б.Энх-Од нь ахлах нягтлан бодогчийн албан тушаалд Б.Цэнд-Аюуш гэх хүнийг томилсон нь бас л шаардлага хангаагүй. Тэтгэвэрт гарсан, мэргэжлийн бус Д.Рэнцэндорж гэх хүнийг хяналт шалгалт, дотоод аудитын ахлах мэргэжилтнээр томилсон гэх зэргээр зөрчил удаа дараа гаргасан юм даг. АТГ-ынхан уг хяналт шалгалтыг хийж, зөвлөмж өгөхдөө “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тухайлан заасан Эрүүл мэндийн тухай хуулийг чанад мөрдөх”-ийг зөвлөсөн аж. Үүндээ “Цэргийн төв эмнэлэг нь батлан хамгаалах салбарын тусгай статус бүхий зэвсэгт хүчний 027 дугаар анги байгууллага учраас БХЯ-ны Ёс зүйн хорооноос дэд хороог эмнэлгийн дарга, ерөнхий эмчийн тушаалаар томилжээ. Тус эмнэлгийн ажилтан У өөрийн нэгжийн удирдлагыг ёс зүйн алдаа гаргасан гэж гомдол гаргасан бөгөөд дэд хороо нь хуралдаж, “Зөрчил тогтоогдоогүй” гэж дүгнэн БХЯ-ны Ёс зүйн хороонд хүргүүлсэн байна. БХЯ-ны тус хорооноос ямар нэг хариу өгөөгүй” гэсэн байв. Яг үүнтэй адил Цэргийн төв эмнэлгийн өнөөгийн удирдлагын талаарх гомдлыг БХЯ-ны холбогдох албан тушаалтанд энэ оны нэгдүгээр сард хүргүүлсэн ч ямар нэг хариу өгөөгүй нь АТГ-ын зөвлөмжийг үл ойшоож буй хэлбэр гэлтэй.

Түүнчлэн тус эмнэлэгт ашиглаж буй “Аксис системс” ХХК-ийн боловсруулсан цахим бүртгэлийн систем нь аюулгүй байдлын баталгаагүй. Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой мөрддөг хууль, журам, төлөвлөгөө, тайлан, холбогдох байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авсан баримт мэдээлэл ч байхгүйг АТГ-ынхан тогтоосон аж. Харамсалтай нь, үл хэрэгжүүлснээс үүдэн 500 гаруй хүний эмзэг, нууц мэдээлэл алдагдсан хэрэг гарч, цагдаагийн байгууллага шалгаж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 9.4 дэх хэсгийн “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд тагнуулын байгууллагаар, эсхүл түүний зөвшөөрснөөр энэ хуулийн 9.1-д заасан хуулийн этгээдээр мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэнэ” гэх зэрэг заалтыг хэрэгжүүлээгүйгээс ийм асуудал гарсан гэхэд хилсдэхгүй нь.

 

https://www.livetv.mn/p/315835/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.