Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн таван жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоонд хамруулахаар болсон. Тус үзлэг, оношлогоог аравдугаар сарын 01-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас 18-с дээш насны даатгуулагч бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Даатгуулагч Эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрагдах юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон насны ангиллын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт "Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийг ЭМД-д даатгуулагч иргэн бүрт ЭМД-аас санхүүжүүлэн зохион байгуулж байна. Товлолыг ЭМД-ын үндэсний зөвлөлийн хуралдаанаар хоёр удаа, ЭМС-ын зөвлөлийн хуралдаанаар гурван удаа хэлэлцүүлж шийдвэрлэсэн юм.
Ингэхдээ дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулах юм байна. Аль ч насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийх аж. Мөн үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах юм байна.
Даатгуулагчид 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад: БЗДХ, Сүрьеэгийн илрүүлэг үзлэг орно. Мөн 40-өөс дээш насны даатгуулагчид нийт найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийнэ. Ингэснээр "Зонхилон тохиолдох халдварт бус өвчин”-үүд болон хорт хавдарыг эрт илрүүлж, эмчилэх боломжтой. Хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, нас насанд тохирсон эрүүл мэндийн эрт илрүүлгийн багц үзлэгт хамрагдан, 2030 гэхэд хорт хавдрын нас баралтыг 35 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байна.
Шинжилгээ, оношлогоонд хамрагдах иргэд харьяа эрүүл мэндийн төвд хандах юм.
П.УРНАА
Сэтгэгдэл