БНСУ-ын сэтгүүлчид Монгол Улсад айлчилж байна
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Пак Чон Рюль тэргүүтэй 11 төлөөлөгч МСНЭ-ийн урилгаар манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хоёр дэд ерөнхийлөгч багтжээ.
МСНЭ, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоотой 2014 оны нэгдүгээр сард хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын хооронд албан ёсны харилцаа тогтоосон юм. БНСУ-ын төлөөлөгчид энэ сарын 15-ныг хүртэл Монголд айлчлах бөгөөд өчигдөр Блүүмбэрг телевиз болон бусад хэвлэлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна. Харин өнөөдөр тэд Хөвсгөл аймагт ажиллаж буй бөгөөд тус аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар хүлээн авч уулзжээ. Мөн эл өдөр Солонгосын төлөөлөгчид Хөвсгөл аймаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах юм.
Хоёр тал сэтгүүлч солилцооны аяллыг 2014 оноос зохион байгуулж буй бөгөөд Солонгост уламжлал болгон зохион байгуулдаг Дэлхийн сэтгүүлчдийн уулзалтад монголын төлөөлөгчдийг оролцуулж эхэлсэн байна. БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо нь 10 мянган гишүүнтэй бөгөөд сэтгүүлчдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
montsame
Сэтгэгдэл