Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар нар өөрсдийн 100 хувь эзэмшдэг компаниуддаа төсвөөс санхүүжиж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь тодорхой болсон тухай мэдээлсэн билээ.
Анх энэ мэдээлэл нийгмийн сүлжээнд тарах үеэр ЖДҮХС-г хариуцдаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мөн эхнэр Л.Отгонжаргалынхаа "Тээвэр ачлал" компанид зээл авсан тухай мэдээлэл тараад байсан юм.
Энэ тухай Б.Батзориг сайд нэр бүхий хэвлэлүүд өгсөн ярилцлагадаа "Надад тийм компани байхгүй. Манай эхнэрт тийм компани байхгүй" гэж мэдэгдээд буй. Тэрбээр мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой гэж байлаа.
Харамсалтай нь Б.Батзориг сайдын ярьсан худал болох нь хэд хэдэн эх сурвалжаар батлагдаж байна.
Барим нэгт, ЖДҮХС-ийн сайтад зээл авсан компаниудын жагсаалт бий.
Энэ жагсаалтад "Тээвэр ачлал" компанийн нэр байгааг бид мэдээлсэн. Тэгвэл энэ компанид хувь эзэмшдэг эсэх тухайгаа Б.Батзориг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй ч "Тээвэр ачлал" компанийн нэг захирлаар түүний эхнэр Л.Отгонжаргал ажилладагийг Монголын Хөрөнгийн Биржийн албан ёсны сайт мэдээлжээ.
Ядахад "Тээвэр ачлал" нь өөрөө хувьцаат компани бөгөөд мэдээллээ ил тод болгох үүрэгтэй. Тус компанийн тухай танилцуулгад Лхүндэв овогтой Отгонжаргалыг нэг захирлаар нь ажилладаг болохыг бичжээ.
"Тээвэр ачлал" ХК-ийн эзэмшлийн тухай хөрөнгийн зах зээлийн мэдээлэл түгээдэг "Маркет инфо" сайтын санд ч дараах мэдээлэл байх ажээ.
Баримт хоёр.
Энэхүү дуулиан дэгдсэнтэй холбогдуулан ЖДҮХС-ийн Тамгын газрын дарга Ш.Сугар хэвлэлд тодруулга өгсөн байдаг. Тэрбээр "Тээвэр ачлал" компани Л.Отгонжаргал гэж хүнтэй холбогдолгүй биднийг зээл өгөх үед тус компанийн захирал нь н.Баттулга гэж хүн байсан гэж мэдээлсэн юм.
Энэ тухай ярьсан бичлэгийг ЭНД дарж үзэх боломжтой. Гэтэл Монголын Хөрөнгийн Биржийн сайтад "Тээвэр ачлал" компанийн захирлаар Д.Баттулга ажиллаж байсныг 2017 оны IV улирлын тайланд тодорхой дурджээ.
Ингэснээр "Тээвэр ачлал" компанид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгогдсон нь үнэн. Харин энэ компанийн захирлаар Д.Баттулга ч ажилладаг нь үнэн. Мөн Л.Отгонжаргал захиралтай ч нь үнэн болж таарч байна.
Харин Л.Отгонжаргал нь Б.Батзоригийн гэргий үнэн болохыг нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж баталлаа.
Ингэснээр УИХ-ын дөрвөн гишүүн, Засгийн газрын хоёр ч гишүүн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлээс авсан болох нь батлагдаж байна.
Угтаа энэ зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Харин татвар төлөгчдийн төсвийг зөв зарцуулж, тэдний өөрсдийнх нь сайн сайхны төлөө ажиллах амлалт авсан гишүүд маань өөрсдийнхөө бизнесийг тэтгэх хэрэгсэл болгож байгаа нь ийнхүү баримтаар батлагдлаа.
ЖДҮХС-ийн зээл нь гуравхан хувийн хүүтэй, хэн хүссэнд нь олгогддоггүй, тун боломжит нөхцөлтэй 300 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээл билээ.
Одоо Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шударга ёсны илд хэрхэн далайхыг л үзэх үлдлээ.
Холбоотой мэдээ:
УИХ-ын ГУРВАН ГИШҮҮНИЙ эзэмшдэг компани ТӨРӨӨС ДЭМЖЛЭГТ ЗЭЭЛ АВСАН НЬ ТОДОРХОЙ БОЛОВ
IKON.MN
Сэтгэгдэл