Томууны дэгдэлтийн үеэр нэг ч хүүхдийг коридорт хэвтүүлээгүй


Томууны дэгдэлтийн үеэр нэг ч хүүхдийг коридорт хэвтүүлээгүй

 

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Уушгины хатгалгааны эсрэг вакцин”-ыг 2016 оноос эхлэн нийслэлийн дүүргүүдэд үе шаттай нэвтрүүлэх ажлыг Эрүүл мэндийн яам зохион байгуулсан. Ирэх онд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан гэнэ. Тухайлбал, Уушгины хатгалгааны эсрэг вакцинд 2018 оны 11 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор Нийслэлийн 9 дүүргийн 72,264 хүүхдийг хамруулжээ.

Тус яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор томуугийн эсрэг дархлаажуулалтад 117,215 хүнийг вакцинжуулж, хамралт 94 хувьтай байна.

Мөн улсын хэмжээнд 5 хүртлэх насны 390,000 хүүхэд, 40,200 хөхүүл эхэд А аминдэм, 4,819 жирэмсэн эмэгтэйд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, 5 хүртэлх насны 416,000 хүүхдэд урьдчилсан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор цайрын бэлдмэл түгээх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Д3 аминдэмийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч, эмзэг бүлгийн 22,300 жирэмсэн эмэгтэйд түгээсэн.

Түүнчлэн агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг “2018 оны 12 дугаар сарын 15-аас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоох” саналыг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-нд тавьж, бидний ажлыг дэмжиж тус хорооны 2018 оны аравдугаар сарын 13-ний өдрийн 18 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс БСШУСС-ын 2018 оны А/747 дугаар тушаал гарснаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2,3,4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг өөрчлөн баталсан юм.

Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн Сан, Ватерлоо Их сургууль, Азийн Хөгжлийн Банктай хамтран “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” сэдэвт 4 жилийн хамтарсан хөтөлбөрийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хийх сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийт, төрийн бус байгууллагын санал, санаачилгыг  дэмжин ажиллаж байна.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр 1,426 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 75 хувь нь амьсгалын замын халдвартай хүүхдүүд эзэлж, хүүхдийн орны ачаалал 46 хувиар хэтэрсэн байгаа хэдий ч орны зохицуулалт хийх ажлыг шуурхай зохион байгууллаа. Үүнд насанд хүрэгчдийн 244 орыг хүүхдийн оронд шилжүүлж, зөөврийн 214 орыг нэмэлтээр нөөц орон зайд байрлуулан нийт 458 ороор нэмэгдүүлэх зохицуулалт хийжээ.

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн эмнэлгийн ачаалал нэмэгдэн өдөрт 120-160 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж, 20-25 хүүхдийг шинээр эмнэлэгт хэвтүүлж байгаатай холбогдуулан хүүхдийн поликлиник, өрхийн 30 эмчийг дүүргүүдийн хүлээн авах тасагт 22 цаг хүртэл нэмэлтээр ажиллуулах зохицуулалт хийснээр нэг ч хүүхдийг коридорт хэвтүүлээгүй байна.

Хөнгөн, дунд хэлбэрийн уушгины хатгаагаар өвчилсөн хүүхдийг дунджаар 5 хоногт эмчлэхэд 260,000-300,000 төгрөгийг, хүнд хэлбэрийн уушгины хатгаагаар өвчилсөн хүүхдийг дунджаар 8-10 хоногт эмчлэхэд 500,000-700,000 төгрөгийн зардлыг тус тус  зарцуулж байна.

Эрүүл мэндийн салбар дараахь ажлыг хийхээр төлөвлөөд байна.

  • Агаарын бохирдлын өртөлтөөс сэргийлэхэд иргэдийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхитэй оролцоог дэмжих, иргэдийн дунд сургалт, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулах;
  • Улирлын чанартайгаар агаарын бохирдолтой хавсран дэгдэлт хэлбэрээр тохиолдож буй амьсгалын замын тогтолцооны өвчний үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангаж, иргэдэд тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлэх ;
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эдийн засгийн хувьд үр ашигтай, эрүүл мэндийн хувьд аюулгүй технологийг хэрэглэж буй аж, ахуйн нэгж, байгууллагыг хөхүүлэн дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.