Иргэдийнхээ аз хийморийг төр засаг сорьж үзэж байна


​Манай улсад хоёр жилийн өмнөөс ард иргэдийнхээ азийг сорьж эхэлсэн. Хамгийн эхэлж, Буянт-Ухаа орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн дунд сугалаа явуулж, газартай болий гэсэн чинь бас л сугалаанд азийг минь үзүүлэхээр болсон.

Одоо хүртэл нийт таван удаа цахим газрын бүртгэл болоход миний аз хийморь дутаад газартай болж чадаагүй байдаг. Энэ жилээс та татварынхаа 20 хувийг буцаан авч 1000 төгрөгийн талх аван сугалаанд оролцон 100 сая төгрөг хожих боломжтой хэмээн Ерөнхий сайд маань зурагтаар хэлсэн билээ. Өнгөрсөн гурван сарын хугацаанд өдөр болгон 1350 төгрөгөөр талх авлаа 100 сая төгрөг байтагуй, 20 мянган төгрөг хожоогүй байна. Зарим азтай хүмүүс нь газартай болж, 20 сая төгрөг хожлоо гэх юм. Аз хийморь нь дутаад байгаа юм болов уу хэмээн өөрөөсөө заримдаа асууна.

Засгийн газраас ард иргэдээ хямт орон сууц түрээслэх боломж олгосон. Өнөөдрийн байдлаар 27 мянган иргэн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Үүний дотор миний бие багтахаар ТОСК руу хөлгийн жолоо залав. Гэтэл ТОСК-ийн хашааг тойрон бөөн дараалал, 14 хоногийн дотор түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэж дуусна хэмээн албаны хүмүүс нь мэдээлсэн учир дараалал багасах үеэр бүртгүүлэхээр болов.

Гэтэл ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга "Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 27 мянган иргэн байгаа ч орох байр нь 350 айл. Тиймээс иргэдийн хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хийсний дараа сугалаагаар тодруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, 27 мянган иргэний дунд сугалаа явуулж 350 иргэн нь түрээсийн орон сууцанд хамрагдана. Энэ бол хамгийн шударга хуваарилалт болно гэж үзэж байгаа. Иргэдийн хувьд хөтөлбөрт хамрагдах шалгуурыг хангах хэрэгтэй байгаа. Шалгуур хангасан нь сугалаанд оролцож, хангаагүй нь хасагдана гэсэн логикоор явна. "Буянт-Ухаа 1” хороололд хамрагдах иргэдийг сугалаагаар тохируулсан журмаар явна гэсэн үг л дээ” хэмээн цахим хуудсандаа мэдээлсэн байв.

Ингээд ард иргэдийнхээ аз хийморийг манай төр засгийн тэргүүнүүд ямар нэгэн байдлаар сорих санаатай байх юм. Үнэхээр хямд өртөгтэй орон сууцанд мөнгийг нь төлөөд амьдрах чин хүсэлтэй ч сугалаанд одгүй хүн бол хамрагдах боломжгүй болж таарах шиг байна.

Нэгэн цахим хэрэглэгч "Орой эхнэр Yes, No гэсэн хоёр сугалаа гаргаж ирээд "за сугал" гэдэг боллоо” хэмээн жиргэжээ. Улаанбаатар хотынхоо иргэдэд хандаж хэлэхэд гандан болон бөөд очиж, хийморийн сан тавиулахгүй бол газаргүй ч, байргүй ч, 100 сая төгрөг ч үгүй хоцрох гээд байна. Сонгуулийн үеэр саналаа сугалаагаар өг хэмээвэл яанаа бусад нь ч яахав.

Т.Буянаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.