ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР


 

 
Элгээрээ хэвтсэн эрүүл мэндийн салбарыгхаръяалах эзэн, хариуцах эмчтэй болгож өгөөч Ерөнхий сайд аа

Улс орны хамгийн чухал салбар бол Эрүүл мэнд. Гэтэл манай эрүүл мэндийн салбар сайдгүй явсаар нилээд удлаа. Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэн хорьсноос хойш дөрвөн сар өнгөрсөн ч салбарын сайдаар хэнийг томилох нь тодорхойгүй хэвээр байна. Хуулиндаа сайд огцорсон эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоог 30 хоногт хийх ёстой гэсэн хуулийн заалт бий. Гэтэл сайдыг томилох хугацаа хэдийн өнгөрөөд 3 сар боллоо.

Энд намууд талцаж, улс төрийн шоу хийж байхад тэнд эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, улаанбурхан өвчний аюул нүүрлэж эхэллээ.Улаанбурхан 2015 оны 3 дугаар сараас эхлэн эргэн бүртгэгдэж 2015 онд 19427 хүн өвдсөн бол 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 гаруй хүүхэд уг өвчний улмаас амиа алдаад байна хэмээн Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэдсэн холбооноос мэдээлсэн. Тэдний дийлэнх нь 0-8 сартай нялх хүүхдүүд. Учир нь вакиныг зөвхөн 9 сар хүрсэн хүүхдэд хийж эхэлнэ гэснээр 9 сар хүртэлх хүүхдүүд нас барагсдын дийлэнхийг эзэлж байна.

Он гарсаар Улаанбурхан өвчнөөр 10 гаруй хүүхэд амиа алдлаа

Халдвартын эмнэлэг 530 ортой ч 600 хүн хэвтэж эмчлүүлж байна. Хүүхдийн эрчим эмчилгээний тасаг ачаалал нь хэтэрч нэг орон дээр 2 хүүхэд хүчил төрөгчийн аппаратаа хувааж, хяналтын аппарат нь 6 хүүхдийн дунд нэг байх жишээтэй.

Улаанбурханы тархалтаас үүдэн эмнэлгийн ор төдийгүй өрөө, тасгууд хүрэлцэхээ больж, эх, хүүхдүүд хонгилд хэвтэж байна. Бяцхан үрс нь өвдөж зовоход аврал тусламж хайн эмчийг, эмнэлгийг зорьсон эцэг, эхчүүд арга барахдаа эмнэлгийн орчин нөхцөлтэй эвлэрэн хонгилоор эвхдэг орон дээр эмчийн аврал эрэн хэвтэж байна.

Энэ нөхцөл байдлыг удаан үргэжлжлүүлэхгүйн тулд Эрүүл мэндийн сайдыг мэргэшсэн хүнээр хурдан томилох цаг болжээ. Элгээрээ хэвтсэн эрүүл мэдийн салбарыг харъяалах эзэн, хариуцах эмчтэй болгож өгөөч....

Times.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.