БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраас “Говийн гайхамшигт зургаа” болоод зэрлэг амьтдын хамгаалал зэрэг цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.
-Та өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймагт болсон “Говийн гайхамшигт 6” зөвлөгөөнд оролцсон. “Говийн гайхамшигт 6”-гаар дамжуулан говь нутгийн экосистемийг давхар хамгаалах зорилго бүхий энэхүү санаачилгын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Говийн гайхамшигт зургаад Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөн ордог. Эдгээр амьтныг хамгаалах үржүүлэх, тэднээр дамжуулан хүрээлэн буй орчны экосистемийг нь сайжруулах, хамгаалах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгааг БОАЖЯ болон холбогдох байгууллагууд өндрөөр үнэлж байгаа. Өнгөрсөн намар болсон “Говийн гайхамшигт 6” III зөвлөгөөнөөс “Эхийн голын тунхаг” бичиг гаргасан. Энэ тунхагаар булаг уст цэг, нарны энергийн өргүүртэй худгийг гаргах, сэргээн засварлах, амьдрах орчинд учирч болзошгүй цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцож, шаардлагатай тохиолдолд хүн, малаас үзүүлэх нэмэлт дарамтыг бууруулах, нэн шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлэх, эрчимжүүлэхээр тунхагласан. Яамны зүгээс төдийгүй миний хувьд энэхүү арга хэмжээ нь маш үр дүнтэй, зөв санаачилга болж, тодорхой үр дүнгүүд гарч байгааг онцлон хэлэх хэрэгтэй. Эдгээр зургаан амьтны цогц хамгаалал нь Монголын говь цөлийн экосистемийг цогцоор хамгаалах боломж бүрдүүлж буйгаараа онцлог юм. Говийн гайхамшигт зургаан амьтны амьдрах орчин цөл, цөлөрхөг хээрийн бүсийн 23.4 хувь нь улсын тусгай хамгаалалтад орсон ч энэхүү өвөрмөц экосистем хүний нөлөөнд өртөн хумигдсаар байгаад яамны зүгээс анхаарч, тодорхой шийдвэрүүд гаргахаар ажиллаж байна. “Говийн гайхамшигт 6” арга хэмжээний ирэх жилүүдэд хийх, санаачлах ажлуудыг салбар яамны зүгээс бодлогын хүрээнд бодитойгоор дэмжин хамтран ажиллана.
-БОАЖЯ болон бусад байгууллага зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлд сүүлийн үед ямар ажлууд хийж байна вэ ?
-Зэрлэг амьтан тэр дундаа нэн ховор, ховор амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр дараах ажлыг яам болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллагаас 2018, 2019 онд хийлээ. Нэгдүгээрт, “Монгол бөхөнгийн төлөв байдал, цаашдын хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын байгууллагыг оролцуулсан хэлэлцүүлгийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд хийж, монгол бөхөнг тархац нутгийг тусгай хамгаалалтад авах, сэргээн нутагшуулах газар боломжийн талаарх санал зөвлөмжийг боловсруулан, тархац нутгийн экологийн үнэлэмжийн талаарх судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон тус яамны захиалгаар зөвлөх үйлчилгээний баг хийж гүйцэтгэлээ. Дээрх судалгааг үндэслэн цаашид монгол бөхөнгийн тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт авах, тусгай хамгаалалттай газар нутгийн зэрэглэлийг дээшлүүлэх, тухайлбал, Шаргын говийн нөөц газрын зэрэглэлийг дээшлүүлэх, өргөтгөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөн ажиллаж байна. 2019 оны гуравдугаар сард энэ талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Мөн цоохор ирвэсийн хамгаалал, судалгааг хийж байгаа байгууллага болон тус яамнаас цоохор ирвэсийн тархац нутаг бүхий газар нутгийн гурван ландшафтын хүрээнд хамгааллын менежментийн төлөвлөгөөг боловсруулахаар судалгаа хийж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас баруун таван аймгийн хэмжээнд цоохор ирвэсийн төслийг хэрэгжүүлж байна. Цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг байгууллагуудыг хамруулсан үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, хурлыг 2019 оны тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн нэн ховор, ховор амьтныг сэлгэн нутагшуулах хүрээнд ховор амьтан болох халиун бугыг Орхон аймгийн Орхон сум, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Халиун сумын Хантайширын нуруунд, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт нийт 40 толгой буга сэргээн нутагшуулахаар зөвшөөрөл олголоо. Үүнээс гадна идлэг шонхор шувууны тоо толгой, тархац нөөцийн судалгааг монгол орны хэмжээнд хийж, тайланг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн хурлаар хэлэлцэж, хүлээж авлаа. Тус судалгаанд үндэслэн идлэг шонхор шувууны цаашдын хамгаалал, өсгөн үржүүлэлт, ашиглалтын бодлогыг тодорхойллоо.
-Мялзан төст өвчний улмаас монгол бөхөнгийн тоо толгой эрс цөөрсөн. Бөхөнгийн тархац нутаг болоод тоо толгойн талаарх сүүлийн үеийн ямар мэдээлэл байна вэ?
-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас өнгөрсөн оны 4-5 дугаар сард хийсэн тооллогоор 4000 орчим бөхөн тоологдсон. Монгол бөхөн нь Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хоёрдугаар хавсралтад орсон байдаг тул конвенцийн нэгдүгээр хавсралтад оруулах хүсэлтийг энэ онд болох конвенцийн талуудын бага хуралд хэлэлцүүлнэ.
-Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх чиглэлээр багагүй санаачилгатай ажиллаж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?
-Манай яамнаас 22 газрын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөл, зэрэглэл дээшлүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар танилцуулж, хаврын чуулганд хэлэлцүүлэх эрхээ аваад байна. Дээрх 22 газраас 12 газар нь нэн ховор, ховор амьтны үндсэн байршил тархац нутаг тул тусгай хамгаалалтад авах, өргөтгөх, тусгай хамгаалалтын зэрэглэлийг дээшлүүлэх зэрэг нэн ховор, ховор амьтны хамгааллын гол арга хэмжээ юм. Тухайлбал, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн өргөтгөлийг хийснээр Монгол оронд устаад байсан тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах, олон улсын болон Монгол Улсын Улаан номонд орсон ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалаад зогсохгүй, цаашид байгалийн үзэсгэлэнт газрууд, ховор амьтад, түүх соёлын дурсгалыг түшиглэн хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх, ТХГН-ийг орлогын өөр эх үүсвэртэй болоход нь дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг орон нутгийн эдийн засгийн түшиг тулгуур болгоход чиглүүлэхэд ач холбогдолтой. Мөн цөлийн өвөрмөц экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалахад гадаадын тусламж, дэмжлэг, хөрөнгө оруулалтыг татах, хил дамнан нүүдэллэдэг зүйлүүдэд зориулсан коридор нутаг байгуулах боломжтой, гадаад хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж нээгдэнэ. Нэн ховор тахиас гадна Монголд төдийгүй дэлхийд ховордож буй хулан, хар сүүлтий, янгир ямаа болон цоохор ирвэс, ногоон бах зэрэг амьтад, хойлог, ахууна, хахилаг, ёл, идлэг шонхор, бүргэд, ятуу зэрэг олон зүйлийн ховор шувуудын харьцангуйгаар нөлөөлөлд бага өртсөн (сүүлийн амьдрах орчин) амьдрах орчныг хамгаалах улмаар тухайн зүйлүүдийг хамгаалж үлдэх гол нутаг юм. Зүүн гарын говийн нүүдэллэдэг туурайтан амьтдын сүүлчийн голомт нутгийг (өвөлждөг) хамгаалах шаардлагатай байна.
-Өнгөрсөн өвөл биотехникийн аргаар зэрлэг амьтдыг тэжээх, асрах ажил хэр хийсэн бэ?
-Монгол орны өнгөрсөн өвөл хэмжээгээр цас бага, дулаан өвөлжсөн. 2018 оны арваннэгдүгээр сард зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авсан. Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай зэрэг найман аймгаас биотехникийн арга хэмжээнд нийт 55.5 сая төгрөг аймгийн төсвөөс, 20 гаруй сая төгрөгийг агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчаас, олон улсын байгууллагаас таван сая төгрөг гарган зэрлэг амьтанд өвс тэжээл, хужир мараа тавих зэргээр биотехникийн арга хэмжээ авсан. Харин зарим аймгийн нутгаар цас их орж, өвс тэжээл тааруу байгаагаас хаваржилт хүндэрч байна. Иймд хаваржилт хүндрэлтэй байгаа Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймагт зэрлэг амьтанд зориулсан биотехникийн арга хэмжээ авахад шаардлагатай санхүүгийн туслалцааг яамнаас үзүүлэхээр болоод байна.
-Зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр бүх амьтны асуудлыг нэгтгэн нэгдсэн хурал, зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Үүгээр бодлогын ямар баримт, зөвлөмж ажлуудыг гаргахыг зорьж байна вэ?
-Монгол бөхөнгийн хамгаалал, өсгөн үржүүлэлт, тоо толгой, тархац нутаг, сэргээн нутагшуулалтын талаар төрийн болон төрийн бус олон улсын байгууллага, эрдэмтдийг оролцуулсан хуралдааныг ирэх гуравдугаар сард хийхээр төлөвлөж байна. Тус хурлаар монгол бөхөнгийн тоо толгой өвчний улмаас эрс цөөрсөн, амьдрах орчин доройтож байгаа зэргийг харгалзан тархац нутгийн тусгай хамгаалалтын зэрэглэлийг дээшлүүлэх, өргөтгөх, сэргээн нутагшуулах газрыг сонгох талаар хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн цоохор ирвэс, амьдрах орчны хамгаалал, судалгааны талаар үндэсний хэмжээний хурлыг тавдугаар сард зохион байгуулна.
Х.Ананд
Сэтгэгдэл