Төрийн нууцын үнэтэй Ц.Нямдоржийн залруулга-2


ЗГХЭГ-ын дарга, залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэтийн асуудлаар гадаадад уулзалтууд болж байгаа гэсэн мэдээлэл гүйцэтгэх ажлын шугамаар надад ирсэн” гээд хэлчихэж байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн 7 хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр, “Надад С.Зоригийн хэргийн төлөө явсны төлөө таван хэрэг үүсгэсэн байгаа. Гүйцэтгэх ажил, шүүн таслах, мөрдөн байцаалтын ажилд хөндлөнгөөс оролцохыг оролдсон гэсэн” гэв. Үүнээс жилийн өмнө Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Бясман, “Сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх үйлдэлд холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгаж байгаа” гэсэн мэдээлэл өгч байв. Бүр үүнээс ч өмнө Ц.Нямдоржийг Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үеэрээ улсын нууц задалсан гэх үйлдэлд холбогдуулан тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн. Энэ тухай Төрийн нууцын үнэтэй Ц.Нямдоржийн залруулга материалаас уншиж болно. Эдгээрийг оролцуулбал нээрээ ч тав болж байх шиг байна.

Одоо бид хоёр дахь цувралыг хүргэе.

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны гуравдугаар сарын 27-нд Засгийн газар хуралдаж хошууч генерал Жаалхүүгийн Баатарт холбогдох 346143 дугаартай хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргажээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаартай шийтгэл тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2004 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 89 дугаартай магадлалыг ил болгосон байна. Нууцаас гаргасан мэдээллийг ил болгох ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тэр үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэлд даалгасан нь энэ. 95 дугаартай энэхүү Засгийн газрын тогтоол гарсныг нууцалсан.

Хэрэгт юу байдаг вэ

Маш товчхон дурдвал, Ж.Баатар генерал нь Улсыг аюулаас хамгаалах газрын даргаар ажиллаж байхдаа Ц.Нямдоржийг Хятадын тусгай албанд элссэн тухай мэдээллийг 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабандид дуулгаж байж. Бас холбогдох тэмдэглэл, гэрэл зураг, баримтыг хүргүүлжээ. Энэ тухай хэвлэлээр шуугиж, эсрэгээрээ Ж.Баатар улсын нууц задалсан, бусдыг гүтгэсэн зүйл ангиар шийтгүүлж долоон жилийн хорих ял авсан. Энэхүү хоёр шатны шүүхийн шийдвэрийг тухайн үед төрийн нууцад хамааруулсан. Учир нь, хэргийн материал дотор гүйцэтгэх ажилтны мэдээллээс авахуулаад тагнуулын байгууллагын явуулсан ажиллагаа бий. Ц.Нямдорж 2017 онд Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо дээрх нууцад хамаарах анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зурагтаар олон нийтэд үзүүлсэн. Мөн гүйцэтгэх ажилтны мэдээллийг харуулж, өөрөө уншиж сонсгосон. Энэ явдал нь түүнийг улсын нууц задруулсан гэмт хэрэгт шалгах шалтгаан болсон юм.

Үр дагавар

Засгийн газрын тогтоолоор Ж.Баатар генералыг шийтгэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүн Ц.Нямдоржийн задруулсан нууцыг нууц биш болгов. Үр дагавар нь төрийн нууцад хамааруулсан мэдээлэл ил болж, Ц.Нямдоржийн гэмт үйлдэл хуулиар өршөөгдөх тал руугаа явж байх шиг. Нууцаас гаргах асуудлыг Засгийн газар шийдэхийн давуу талаар нууц задалсан Засгийн газрын гишүүн хариуцлагаас мултарч байгаа юм уу даа. Нууц байхад нь задалсан үйлдэлд нууцаас гаргасны дараах баримт яаж нөлөөлөхийг хуулийнхан шийднэ.

Энд нэг л зүйл бий. Гүйцэтгэх ажил, нууц мөрдөх ажиллагаа нууц. Ажиллагаанд оролцож байгаа ажилтнууд нууц. Ажиллагааны төсөв, төлөвлөгөө нууц. Үр дүн бас нууц. Нууцалсан зүйлийг мэдээлэлд ойр нэгэн ам халаад ч юм уу, албаар ч юм уу нийтэд мэдээлэх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бөгөөд Төрийн болон албаны нууцын тухай хуулиар хориотой.

Гэтэл Ц.Нямдорж сайд өөрийгөө өмгөөлөхдөө гүйцэтгэх ажилтны нэрийг ил зарлаж, нууц тогтоолыг олонд дэлгэж байна. ЗГХЭГ-ын дарга, залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэтийн асуудлаар гадаадад уулзалтууд болж байгаа гэсэн мэдээлэл гүйцэтгэх ажлын шугамаар надад ирсэн” гээд хэлчихэж байгаа юм. Сингапурт Монголын тагнуул үүрэг гүйцэтгэж байгааг тэндэхийн сөрөх тагнуулынханд мэдээлж, тусгай албадаа эрсдэлд оруулж байгаа юм. Төрд нууц байдаг бол хадгалж явах улс нь хайхрамжтай хандаасай гэсэндээ үүнийг бичив.

Г.Улсболд

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.