Нөхөрт гарсан халх эмэгтэй хүн үсээ хоёр хувааж, дугуйруулан дэрийлгэж хавчих болсноор түүнийг тогтоох толгойн боолт, үсний хавчаар, үсний гэр зэрэг хэрэглэгдэхүүнүүд үүсч түүнийгээ цалин цагаан мөнгөөр уран нарийн хийцтэйгээр урладаг болжээ. Бэл бэнчингээсээ хамааран 5-20 килограмм хүртэл мөнгө хэрэглэдэг байжээ.
Эхнэр үcний домог: Эртээ урьдын нэгэн цагт уудам талд Монгол хэмээх нүүдэлчин ард түмэн аз жаргалаар дүүрэн, энх тунх амьдарцгаадаг байжээ. Харин тэгтэл нэг өдөр харь нутгийн хорон санаатнууд уудам цэлгэр тал нутагт нь шунаж, эзэгнэн суухаар шийдэж, удтал маргалдсаны эцэст ийм нэгэн арга сэдэж гэнэ - Хорон санаатнууд түнэр харанхуйн эзэнт гүрний харуул болсон махчин дөрвөн хэрээнээс тусламж гуйж талын монгол орныг өөрийн болгохоор зэхжээ.
Ингээд хоёр элчээ түнэр харанхуйн эзэнт улс руу хэл хүргүүлэхээр явуулсан юмсанж. Холын замдаа алжаасан хоёр элч амрахаар шийдэн, саглагар модны дор түр саатан суусан байна. Амрах зуур махчин дөрвөн хэрээний тухай, мөн талын Монгол нутгийг хэрхэн эзэгнэх тухай хүүрнэн суухдаа тэднийг яриаг сэм сонссон бяцхан шаазгайг анзаарсангүй.
Шаазгай хэзээний ховч нэгэн болохоор санаандгүй сонссон зүйлээ тааралдсан болгондоо хэлэхээр яаран нислээ. Шаазгайн яриаг сонссон монголчууд тал нутгаа хамгаалан аян дайнд мордохоор болов. Гэхдээ ард үлдэж буй эхнэр, хүүхдээ яах тухай хэлэлцэж гэнэ. Тэдний дундаас нэгэн мэргэн буурал "Бид шувуудын хаан хурмастын эзний дүрийг бүтээвэл түнэр харанхуйн харуул дөрвөн хэрээг номхруулж чадах бус уу" гэсэн санааг дэвшүүлж гэнэ. Тиймээс тэд эхнэрүүдийхээ үсийг шувууны хаан хангарьдын далавч мэт болгохоор шийдэв.
Тогоо дүүрэн цавуу буцалгаж эхнэрүүдээ цуглуулан үсийг нь далавч адил дэргэр болгохоор бэлдлээ. Тогоотой цавуу дундрах тутам хангарьдынх шиг гэзэг нэмэгдсээр байв. Ид шидийн цавуу дуусахад эхнэрүүд бус жигүүртний хаад цугласан мэт санагдахаар байлаа. Маргааш өглөө нь ургахын улаан нарнаар эрчүүд нь хорон санаатнуудыг хөөхөөр аян замд гарч, эхнэрүүд нь сүүн цацлаа өргөн үлдэж гэнэ. Төд удалгүй өнөөх аймшигт дөрвөн хэрээ цэлмэг тэнгэрийг харанхуйлан нисэн ирж гэнэ. Эхнэрүүд хэсэгхэн зуур айн тэвдсэн ч зориг гарган хэрээний зүг хартал аймшигт шувуунууд хаан хангарьд байна хэмээн эндүүрч, үнхэлцгээ хагартал айн зугтжээ. Энэ цагаас хойш эхнэрүүд үсээ хангарьдын далавч маягаар янзалдаг болсон нь халх эхнэрийн хатан зориг, буурлуудын саруул ухааны илрэл болсон гэдэг.
Сэтгэгдэл