ЖДҮ-ийн зээлийг дээрэмдсэн 50 гаруй нөхөр Үндсэн хуульд гар дүрж байна


УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хаалт өнөөдөр болно. Залгуулаад УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн төсөлд өөрийн саналаа тусгуулахаар судалж байна, Тиймээс хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Түүний энэхүү санал дэмжигдсэн тул ийн наадмын дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр болж байгаа юм.

Хамгийн сонирхолтой нь өнөөгийн парлментад суугаа 50 гаруй нөхөр УИХ-ын гишүүн гэх эрхэм алдраа ашиглан ЖДҮ-ийг сангаас зээл авсан. Энэ асуудал аль өнгөрсөн жилээс эхлэн нийтэд ил болсон. Зарим нь аваагүй гэж гүрийсэн, нөгөө хэсэг нь төлчихлөө гэж томорсон, бүр мартчихсан гэх нэг нь байхад дэргэдэх эрдэнээ мэдээгүй явсан гэх нь ч байсан.

Энэ асуудлыг хууль, шүүхийн байгууллагынхан шалгаж байна, УИХ-ын гишүүдийг шалгуулна гэх зэргээр сөрөг хүчин ч багагүй шуугьж байгаад таг болсон. Түүнчлэн цөөнгүй санг татан буулгахаар болсон гээд тоочвол багагүй арга хэмжээ авч, зохицуулалт хийсэн.
Бүр ЖДҮ-н сангаас зээл авах журамд өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн сард ЖДҮС-гаас зээл хүссэн төслүүдийг хүлээн авах зэргээр олны анхаарал тэгсхийгээд намжсан, намдсан.
Өнөөдрийн халуун сэдэв нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болчихсон байхад нээрээ ч хэн ЖДҮС гээд дэвхцэж байх билээ. Энэ утгаараа хөөгөөд үзвэл өөрсдийн сонгогчдынхоо өмнүүр албан тушаалаа ашиглан бага хувийн хүүтэй зээлийг нь булааж байгаа хүмүүс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэл өөрчлөлт оруулна гээд зүтгэж сууна.

Мэдээж нэмэлт өөрчлөлтийн төслийг хүн бүр өөр, өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа. Сайн, муу олон зүйл, заалт бий. Гэсэн ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэж байгаа тул Ерөнхийлөгч дургүй байна гэж байгаатай агаар нэгтэй асуудал үүсэх болов уу.

Тодруулбал, төрийн мөнгөнөөс хулгай хийсэн нөхдүүд өөрсдийнхөө арьсыг хамгаалах зүйл, заалтыг оруулахгүй гэх баталгаа байхгүй. Тэгээд ч парламентын хувьд аливаа нухацтай хандах асуудлыг иргэдийн анхаарал өөр зүгт чиглэсэн баяр, ёслолын эсвэл бүр ажлын цаг дууссан үеэр алх цохин шийдвэрлэдэг. Тэр ч утгаараа хэдий олон нийтэд танилцуулж, санал авч байгаа ч нэгэнт спикер алх цохьсон бол хэсэгтээ л аль нэг УИХ-аас өөрчлөлт хийнэ гэдэг "лөөлөө” болно. Тиймээс л баяр наадмын дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх нь дээр биз.

Бүр тодорхой жишээ нь дордуулсан долоон заалтаас хойш бүтэн 18 жилийн дараа л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Тэгэхээр дараагийн удаа гэдгийг хэн ч тааварлахад хэцүү болов уу

Б.Отгонзаяа 

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.