“IT park”-ын захирлыг мерит зарчмаар томилох ёстой


Мэдээлэл, технологийн үндэсний паркын /МТҮП/ үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ. Тус  парк сүүлийн 6 жилийн дотор 5 захирал сольсон, 2013 оноос хойш харьяалал нь харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас боловсролын яам дараа нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжсэн. Бодлого үйл ажиллагааны ийм тогтворгүй байдлаас байгууллагын хувь заяа тун бүрхэг байдалтай болоод байна. Шинэ цагийн МТҮП 2001 онд байгуулагдаж Монгол Улсад олон зуун гарааны компаниудыг амжилттай бойжуулсан нь өнөөдөр улсын төсөвт их хэмжээний татвар төлж, гадаад дотоодын зах зээл дээр амжилттай ажиллаж байна. Парк нь харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын харьяанд байхдаа салбарын бодлоготой уялдаж, гадаад дотоодын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татаж ажилладаг байсан. Гэтэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас захирлын томилгоог нь хийж, төлөвлөгөөг нь баталж үйл ажиллагааг нь хянадаг болсноос хойш салбарын байгууллагын хяналт, уялдаа ерөнхийдөө суларсан. Цаашдаа парк нь харилцаа холбооны агентлагаас захирлаа томилж, чөлөөлдөг, ажлаа дүгнүүлдэг хуучин зохицуулалтаа сэргээх шаардлагатай. Үгүй дээ л паркын захирлыг харилцаа холбооны газраас санал дэвшүүлж томилох ёстой. Урьд өмнөх бүх жишиг ийм байсан. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр манай салбар, манай паркид огт мэдэгдэхгүйгээр захирлын томилгоог шийдэх гээд явж байна.  Сонгууль хүртэл үлдэж байгаа багахан хугацаанд тус парк дахиад ажлаа мэдэхгүй шинэ захирлыг сургаж, танилцах дадлагын талбар болох учиргүй. Төрийн ажлын огт туршлагагүй, салбарын байгууллагууддаа танигдаагүй, гадаад түншүүдэд дахин хүлээлт үүсгэх, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүнийг ийм далд аргаар томилох нь буруу. Захирлаар томилогдохоор яригдаж байгаа хүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл ирж байна. Хувь хүний асуудал учраас хүндэтгээд орхьё. Шаардлагатай бол дахин хэвлэл мэдээлэлд хандах болно.  Бид байгууллагын хувь заяа, ирээдүйг бодож тус байгууллагын онцлогоо мэддэг, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, салбарын байгууллагууд болон гадаад түншүүддээ бүрэн танигдсан хүнийг мерит зарчмаар харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын саналаар томилж богино хугацаанд үр дүнтэй ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү шаардлага, хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байна. Манай ажилтнууд 100% дэмжсэн гарын үсэг зурсан байгаа. Аливаа нэг бүлэглэл, улс төрийн нөлөөллөөс ангид мерит зарчмаар асуудлыг шийдэх нь одоогийн засгийн газар, Засгийн эрх баригч МАН-ын барьж байгаа зарчим гэж ойлгож байна. Тийм болохоор бидний хүсэлтийг хүндэтгэн шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна.  Бидний хүсэлт үр дүнд хүрэхгүй бол паркынхаа ирээдүйн төлөө тэмцлийн зам хэлбэрийг сонгохоос өөр аргагүй болж байна гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.