Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэх гүтгэлэг


УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр С.Зоригийн хэрэгт яллагдаж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахын тулд гудамжинд гарч жагсана гэдгээ мэдэгджээ. Тэд С.Зоригийн хэргийн яллагдагчдыг суллуулахаар УЕП-т шаардлага хүргүүлсэн байна.

Тэд энэ удаа “Хэргийг шалгасан ажлын хэсэг Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн хэрэгт гүтгэсэн. Тиймээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой” гэв.

Сануулахад дээрх 500 сая төгрөг гэдэг нь бүр 2000-аад онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байх үед С.Зоригийн хэргийг илрүүлэхээр Засгийн газраас тогтоол гаргаж, хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөгийн шагнал амласан байдаг. Харин Ц.Содномдаржаа нь таксины жолоочийн амийг хөнөөсөн хэргээр шоронд ял эдэлж байх хугацаандаа “С.Зоригийн хэргийн алуурчдыг мэднэ, мэдээлэл өгнө” хэмээн ШШГ байгууллагаар дамжуулан ажлын хэсгийнхэнтэй холбогдсон тухай уг хэрэгт хяналт тавьж байсан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат ярьсан нь бий.

Мэдээж Засгийн газраас амласан 500 сая төгрөгийн шагнал Ц.Амгаланбаатарыг ийм үйлдэл хийхэд хүргэсэн байж болох ч уг хэргийг шалгаж дууссаны дараа тэр энэ шагналыг авах боломжгүй гэдэг нь тодорхой. Учир нь уг шагналыг гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэнд амласан болохоос биш, хэргийг хамтран үйлдсэн этгээдэд өгөх боломжгүй нь тодорхой. “Эрүүдэн шүүсэн” гэх асуудал босч ирсний дараа Ц.Амгаланбаатарын мэдүүлгээсээ буцсан шалтгаан ч мөн энэ байж болно.

Хэрэг явдал ийм тов тодорхой байтал УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Ажлын хэсгийнхэн Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэсэн” хэмээн өнөөдөр ярьж байгаа нь харин ч жинхэнээсээ гүтгэлэг болж байна. Гэхдээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахаар чармайж буй УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд нартай Ц.Амгаланбаатар нэг тал болсонд бас өөрийн гэсэн шалтгаан бий. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний зүгээс Ц.Амгаланбаатарын ялыг хөнгөлж, хоригдох хугацааг нь наашлуулж өгнө хэмээн амласан гэдэг. Гэвч энэ ч бас хуулийн хувьд боломжгүй.

Учир нь Ц.Амгаланбаатарыг энэ хэрэгт яллагдах үед ялын дээд хэмжээ цааз, эсвэл 25 жил хорих байсан бөгөөд анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн ял оноосон /Ц.Содномдаржаад мөн 25, Т.Чимгээд 24 жил/ байдаг. Давж заалдаад явж байх хугацаанд буюу 2017 оны долдугаар сарын 1-наас Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөж бөгөөд 2017 оны наймдугаар сарын 4-нд Хяналтын шатны /УДШ/ шүүхээс шинэ хуулийн дагуу тэдний ялыг 20 жил болгон бууруулсан юм байна.

Өөрөөр хэлбэл, ялын дээд хэмжээ авсан хэрэгтний ялыг нэг удаа хөнгөрүүлсэн тохиолдолд дахин хөнгөрүүлэх буюу хорих хугацааг багасгах боломжгүй. Тэгэхээр Ж.Батзандан, Л.Болд нарын Ц.Амгаланбаатартай хийсэн тохироо ч бас хуурмаг зүйл болж байна.

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.