-300 мянгын хулгайч ял авч, 17 тэрбумыг идсэн Г.Дэнзэн, 4 сая доллар авсан Д.Дорлигжав нарын авлигачид аврагдсаар байх уу-
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хулгайч байх ашигтай ч юм шиг. 4 сая доллар эсвэл 17 тэрбумыг хулгайлж 2 сар хоригдож үзээд л хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд баяжиж болдог” гэх постыг цахим хуудсандаа бичжээ. Үнэхээр ч жирийн иргэн 300 мянган төгрөгөөс дээш хулгай хийсэн, энэ хэмжээний хохирол учруулсан бол Эрүүгийн хэргийн яллагдагч болж, 3-5 жилийн хорих ял авч байхад Төрийн албан тушаалтан шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж, улсад их хэмжээний хохирол учруулчихаад гэм буруугүй гэж цагаадаж байгаа нь шүүх үйл ажиллагаагаа шударгаар явуулж байна гэж итгэхэд бэрх.
Ингэж хэлэхийн учир нь мөнгө олох зорилгоор схем зохиосон нэг нөхрийн яриаг зөвхөн сонссоныхоо төлөө НИТХ-ын дарга асан Ц. Сандуй намын нөхрийнхөө хамт 4 жилийн хорих ял авсан. Уг нь Ц.Сандуй, А.Ганбаатар нар Д.Дорлигжав, Г.Дэнзэн нар шиг бусдаас авлига аваагүй үл бүтэх нөхрийн яриаг сонссоныхоо төлөө яллуулж байхад яагаад улсад өчнөөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан нөхдүүд ялгүй өнгөрч эрх чөлөөтэй байна вэ. Тиймээс л шүүхэд итгэх итгэл алдарлаа гэж олон нийт ярьж буй хэрэг. Хэрвээ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Д.Дорлигжавт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайг мэдээлээгүй байсан бол өдийд энэ хэрэг хав дарагдаад өнгөрөх байв.
Өөрөөр хэлбэл, шүүх засаглалынхан улстөрийн зорилготойгоор хэн нэгнийг ялладаг гэдгийг ийнхүү харуулав. Тодруулбал, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж хэвлэлээр зарлаад, сүр дуулиантайгаар баривчлагдан хоёр сар гаруйхан хоригдсон дээрх нэр бүхий хүмүүс өнөөдөр гэм буруугүй болж байна гэсэн үг. Уг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, эхнэрийнхээ “Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгч улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгээд байсан.
Харин УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, 4 сая долларыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх асуудлаар шалгаж байсан. Гэтэл тэдний хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн цагаадах болж байна. Түүнчлэн дээрх хэргүүдээс гадна "2019 оны аравдугаар сарын мэдээгээр 629 гэмт хэрэг ял зэмгүй явж байна. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэр, албан тасалгаандаа ялгүй явж байна. 30 гаруйхан хоногийн дотор Прокурор 47 хэрэг хэрэгсэхгүй болгожээ. Тун удахгүй авлигын 11 хэрэг хэрэгсэхгүй болно” гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ч хэлсэн.
Эдгээр хэрэгсэхгүй хэрэг дотор 121 тэрбумын хохирол бүхий алдарт Жастын Ш.Батхүүгийн хэрэг ч бий. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Авлига албан тушаалын хэрэг хожуу илэрдэг. Энэ үед илэрсэн хэрэг бүгд хэрэгсэхгүй болох нөхцөл үүсэж байгаа. Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох ёстой. Өдөрт 1-2 хэрэг хэрэгсэхгүй болж байна. Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тухай Х.Нямбаатар ярьж байгаа ч боломжгүй. Авлига, албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болох зүйл хийчихээд хэзээ хойно нь өөрчилсөн зүйл оруулж ирж байгаа нь хариуцлагагүй үйлдэл.
Төрд явсан албан тушаалтнууд хоёр том намаас гарсан. Гэм буруутай бол тохирсон ялыг нь үүрүүлэх ёстой. Замд нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлээр хуулийн байгууллагын ажлыг нурааж байгаад харамсч байна” хэмээсэн. Үнэхээр ч хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тухай өөрчлөлт нь одоо баталж, асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй болсон гэдгийг хуулийн хүрээнийхэн хэлдэг. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн есдүгээр сарын 17-нд өргөн барьсан байдаг. Гэвч энэ нь дээр дурдсан хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг дууссаны дараа өөрчлөлт оруулах хуулийн төсөл учраас нэр бүхий албан тушаалтнуудыг хэргээс мултлах захиалгатай гэх хардлагыг дагуулж байгаа юм.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл