“Тагнуулч” хүүхдүүдэд Канад иргэншил олгов


Оросын тагнуулч Андрей Безруков, Елена Вавилова нарын хүү 25 настай Александр, 29-тэй Тимофей нарт иргэний харьяалал олгохоор Канадын Дээд шүүх шийдвэрлэв. Тэд 2010 онд илэрч, эх орон руу нь буцаатал Канад, Франц, АНУ-д 20 гаруй жил өөр нэрээр амьдарч байжээ. Хоёр хүү нь ч хамт Орост очсон байна. Хүүхдүүд нь эцэг, эхийнхээ амьдралыг сайн мэддэггүй байв. Хөөцөлдөж байж Канадад эргэж очих эрхийг хэдэн жилийн өмнө авчээ.

Безруков, Вавилова хоёрыг Зөвлөлтийн тусгай албад элсүүлжээ. Тэгээд 1980-аад онд Д.Хитфилд, Т.Фоли (1960-аад онд Монреалд аж төрж байгаад балчир насандаа өөд болсон хоёр хүүхэд ийм нэртэй байв) нэрээр Канад руу явуулсан байна. Эх орондоо байхдаа авгай, нөхөр бололцсон хоёр тагнуулч Канадад очсон хойноо шинээр танилцаж буй дүр эсгэж, улмаар тэнд хоёр дахь удаагаа гэрлэжээ. Тимофей нь 1990 онд, Александр нь 1994 онд мэндэлсэн байна.

Безруков, Вавилова нар Францад ч амьдарч байлаа. 1999 онд АНУ-д, Массачусетс мужид шилжиж, тэгэхдээ Канадад байнга ирдэг байж. Тэд эхлээд Улсыг аюулаас хамгаалах хорооны мэдэлд ажиллаж байснаа ЗХУ бутарсны дараа Оросын Гадаад тагнуулын албанд харьяалагдах болов.

Тэд хоорондоо оросоор огт ярьдаггүй, Безруков нь зөвлөгөө өгдөг фирмд, Вавилова нь үл хөдлөх хөрөнгийн арилжаа эрхлэх газарт ажилладаг байв. Безруков, Вавилова хоёрыг Америкийн Холбооны мөрдөх товчоо (ХМТ) 2010 онд баривчлахад л тагнуулч байсныг хүүхдүүд нь мэдсэн байна. Тэднээс гадна Оросын найман тагнуулч АНУ-ын нутаг дэвсгэр дээр байхдаа илчлэгдсэн аж. Тэд бүгд буруугаа хүлээж, Америкийн эрх баригчдад улсаасаа урвасан, зэвсэг хадгалсан гэж буруутгагдсан дөрвөн орос хүнээр тэднийг солив. Эдний дотор олонд хамгийн танил нь Анна Чапман, Сергей Скрипаль хоёр байлаа. Илчлэгдсэн тагнуулчдаа эх орон нь баатрын ёсоор угтав. Андрей Безруков, Елена Вавилова хоёрыг Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Ерөнхий сайд

Владимир Путин нар хүлээн авч уулзаад “Эх орныхоо өмнө байгуулсан гавьяаны төлөө” одонгоор шагнаж, нэр хүндтэй ажил өгч, мань хоёр ч ном бичив.

Тимофей, Александр хоёр Орост ирсэн ч энд амьдрахыг хүсэхгүй байлаа. Тимофей нь Орост их сургууль төгсөөд Азид ажиллахаар явав. Александр орос дунд сургууль төгсөж, 2012 онд Канадын их сургуульд орлоо. Гэвч тийш явах зөвшөөрөл олгосноо цуцалсан тул Европын нэг улсад суралцахаар явжээ.

Александр, Тимофей хоёул Канадын иргэншил авахаар хөөцөлдөж эхлэв. Тэнд төрсөн учраас тэндхийн иргэн болох эрхтэй гэж хоёр залуу үзэж байлаа. Канадад амьдарч байсан гадаад орнуудын албан ёсны төлөөлөгчдийн гэр бүлд төрсөн хүмүүст энэ эрх хамаарахгүй гэж Оросын эрх баригчид мэдэгдэв. Александр Вавилов уг асуудлаар шүүхэд хандаж, анхан шатны шүүх дээр ялагдсан ч дараагийн шатанд ялж, эцэст нь маргаан үүссэнээс Канадын Дээд шүүх авч үзэхээр болсон байна.

2019 оны арванхоёрдугаар сарын 19-нд шүүх Вавиловын талд асуудлыг шийдлээ. Александрын эцэг, эх нь Оросын Засгийн газартай албан ёсоор хэлхээ холбоотой байгаагүй, тийм учраас гадаад улсын иргэдийн хүүхдүүдийн тухай хуулийн заалтыг түүнд хэрэглэж болохгүй гэж шүүх үзсэн байна. Мөн өөрийн эцэг, эхийн тагнах турших үйл ажиллагааны талаар Александр мэддэггүй байсныг шүүхийн шийдвэрт онцолсон байв. Канадын Дээд шүүхийн энэ шийдвэр Тимофейд ч бас хамаарах аж. Тэдний өмгөөлөгч Хадайт Назами “Хоёр залуу Канадад амьдрахаар шилжиж ирнэ” гэж мэдэгдлээ. “Эд нар бол хэт их гүрнүүдийн хоорондын том тоглоомд татагдаж орсон гэм зэмгүй хүмүүс. Түүний зэрэгцээ тэд хүүхэд байсан. Эцэг, эхийнх нь хийсэн үйлийн төлөө хүмүүсийг шийтгэдэг хуулийн заалтыг бид хэрэглэхгүй” гэж Назами хэлсэн байна.

Р.Жаргал

Эх сурвалж:  Өнөөдөр сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.