​Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Украины онгоцны сүйрэлд АНУ-ыг буруутгалаа


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гаригт “Global News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Хэрэв Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсээгүй байсан бол Иранчуудын буудаж унагасан Украины онгоцоор амь насаа алдсан хүмүүс өнөөдөр эсэн мэнд байж байх байлаа” гэж ярьжээ. 

АНУ-ын Агаарын хүчин энэ сарын 3-нд тусгай ажиллагаа явуулж Иракийн нийслэл Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудалд зорчиж явсан Ираны Кудс элит хүчний удирдагч Касем Солейманиг хөнөөсөн явдал нь Ойрхи Дорнодын бүс нутагт хурцадмал байдал үүсгэсэн билээ. Үүний хариуд Ираны тал энэ сарын 8-нд өшөө авах зорилгоор Ирак дахь АНУ-ын хоёр ч цэргийн баазад баллистик пуужингийн цохилт өгсөн юм.

Энэ үйл явдлаас хэдхэн цагийн дараа Тегераны олон улсын нисэх онгоцны буудлаас Киев хотыг чиглэн хөөрсөн Украины иргэний агаарын тээврийн онгоцыг Ираны арми АНУ-ын хариу цохилт гэж эндүүрэн пуужин харваж устгаснаар, тус онгоцонд зорчиж явсан 176 хүн бүгд амь насаа алдсан харамсалтай хэрэг явдал болсон. Ослоор амь насаа алдагсдын дунд Канад улсын 57 иргэн байсан юм.

Онгоцны ослоор амь насаа алдсан иргэдийн цогцсыг эх оронд нь хүлээлгэн өгөх ажил эхлээд байна. Ираны эрх баригчид өнгөрөгч бямба гаригт онгоцыг андуурч устгасан болохоо хүлээн зөвшөөрч, эмгэнэл илэрхийлэн, бүх хариуцлагыг хүлээхээ мэдэгдсэн. Тегераны зүгээс сүйрлийн голомтод Канад болон ослоор иргэдээ алдсан бусад улсын шинжээчдийн багийг урьж, олон улсын хамтарсан том хэмжээний бүрэлдэхүүнийг ажиллуулж байгаа билээ.

Энэ талаар Жастин Трюдо ярилцлага өгөх үеэрээ “Хэрэв хурцадмал байдал үүсээгүй байсан бол, хэрвээ сүүлийн өдрүүдэд Ойрхи Дорнодод тийм айхтар зүйл болоогүй бол ослоор амь насаа алдсан канадын иргэд өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт эсэн мэнд гэртээ байж байх байсан гэж би бодож байна. АНУ энэ бүх үйл явдлыг тодорхойлсон. Бид дэлхийн хэмжээний томоохон асуудалд олон улсын хамтын нийгэмлэг байдлаар ажиллахыг хичээдэг. Гэхдээ зарим үед бусад улсууд холбоотнууддаа огт мэдэгдэхгүйгээр хурц арга хэмжээ авдаг” гэсэн байна.

Түүний энэхүү үгсийг сүүлийн өдрүүдэд өрнөж, дэлхийн энх тайванд заналхийлж буй хурцадмал үйл явдлуудад хөрш АНУ, тэр дундаа Ерөнхийлөгч Доналд Трампыг буруутгаж буй өнгө аяс илэрхийлж байгаа талаар ажиглагчид онцолжээ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын батлан хамгаалах болон гадаад бодлогыг эсэргүүцэж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлж байсан юм.

О.Мөнхбат

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.