2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн их үдэд Азийн тэргүүн найрагч, нэрт соён гэгээрүүлэгч Д.Урианхай гуай өөрийн дотно анд Б.Лхагвасүрэн найрагч амьсгал хураахынхаа өмнө түүнд зориулан үлдээсэн ногоон шилтэй дарсны тухай сэтгэл сэмэрч, өр өрөвдөм нэгэн дурсамжийг өчүүхэн надад хуучилсан билээ. Энэ явдал Гахай жилийн Шинийн нэгэнд Б.Лхавасүрэн найрагч"номын агаарт шингэн амирласан" тэр өдөр эмгэнэл илэрхийлэхээр их найрагчийн гэрт очиход тохиосон юм билээ.Д.Урианхай гуай их уй гашуунд автан сууж байхад нь найрагчийн гэргий Баасан эгч хүүдээ:"Аавынхаа үлдээсэн зүйлийг Урианхай ахдаа бариарай" гэхэд нь чухам юу юм бол хэмээн гайхаж суутал өмнө харж байгаагүй, өвөрмөц ногоон шилтэй задалсан архийг гарган барьсан байна.Б.Лхавасүрэн найрагч "Амьсгал отголсны дараа миний дотно анд Д.Урианхайд үүнийг барьж, хамтдаа хүртэж байна гэж бодон тогтоогоорой " хэмээн захиж, ногоон шилтэй дарс үлдээсэн байна.Энэ бол агуу найрагчийн хамгийн дотно нөхөрлөсөн анддаа барьсан сүүлчийн хундага байжээ.Үнэхээр агуу, нинжин хэрнээ насан туршийн үнэнч нөхөрлөлийн тод жишээ гэж үүнийг хэлэх байх.Ялангуяа залуус бидэнд ч ухаарал хайрласан холч ухааны цараа хэмээн ойлгож болно. Үүний дараа Д.Урианхай найрагч "СҮҮЛЧИЙН ХУНДАГА" хэмээх гайхам сайхан шүлгийг их найрагчид зориулан туурвисны учрыг бибээр сүүлд ойлгосон билээ. Энэхүү шүлгийг нүүр номын элгэмсэг найзуддаа толилуулахаар шийдлээ.Энэ түүхийг ярьж суухдаа Д.Урианхай найрагч үе үе өмөлзөн, аньсага чийгтэй хуучилсан юм шүү..
.....
СҮҮЛЧИЙН ХУНДАГА
Анд Б.ЛХАГВАСҮРЭНД /реквием/
Гэрийн тоонон дээгүүр
Гэрэлтэн нумарсан зуун өнгийн солонгоноос
Гэнэхэн, ногоон өнгө нь ганцаар тасраад
Архины лонхонд нуугдаад үлдчихсэн шиг харагдах
Ариун идээний дээжээс нэгэн хундагыг
Нулимсаа залгин байж балгалаа
СҮҮЛЧИЙН ХУНДАГА!
Сүн далайн давалгаанаас
Ам жишилж байгаа шиг
Хороож барагдахгүй
СҮҮЛЧИЙН ХУНДАГА!
Хонгор залуугаас сэтгэл сэтгэлээ түшилцэж өндөрлөсөн
Хосгүй билигт найрагч Бавуугийн Лхавасүрэн
Аргын 2019 он, Билгийн Шороон Гахай жил, Шинийн нэгэнд
Амьсгал татахынхаа өмнө өөрөө балгахаар задлуулж
Андын ёс бодож, надад зориулж үлдээсэн
Амсраар хальж мэлтгэнэх
СҮҮЛЧИЙН ХУНДАГА!
Гал залгисан мэт түлэх
СҮҮЛЧИЙН ХУНДАГА
Газраа үүрсэн мэт ядраах
СҮҮЛЧИЙН ХУНДАГА!
Уухад ч гачлантай гашуун
Ард, түвд Бавуу аавын зоргоор хүү Лхагвасүрэн
Амьсгал отголохынхоо янар хундаглуулж
"Цугтаа ууж байна" гэж "бясалган"
Цус шиг буцламтгай
Цөс шиг омогшилтой
СҮҮЛЧИЙН ХУНДАГА!
Бөмбөрөн өнхрөх нулимс
Бутанд зувах бүжин шиг
Арьс руу шурган нуугдавч
Хацар шир-шир зүсэх нь ч
Атаатны сум хавахаас дор өвтгөх нь
Хашгирч босоод буурал толгойгоороо
Хана руу түс-няс мөргөм тамлах нь ч
Юутай хорлонтой!
Боржигоны бор талд
Босоо төрж
Бодлын цагаан арслан болж үсэрсэн
Монголоо доргион хүрхэрсэн
"Агуу" гэж хэлэхэд дэндүү цөөдөх
Хүсэхүйн чинад эрэмгий шүлгүүдээрээ
Хүний гараар бус БУРХАДЫН мутраар ургуулсан
Үгэнд багтахгүй андаас хагцахад
Үлэмжийн баян ДЭЛХИЙ
Юутай хоосон!
Зэлний унага шиг налалцаж
Зэрэгцээ хоёр хайрхан шиг ханхайн
Тэрэгний буулга шиг эртний
Тэнгэрийн хэл шиг энгшийн, нууцлаг
Амгалангийн орон-Монголын найрагт
Амьдралаа хуу зарлаа ЧИ БИДЭН
Далай нь хүртэл давсаар дутдаг дэлхийдээ
Даваа нь хүртэл чамд навтайж өгдөг Монголдоо ч
Даанч цөөхөн ургадаг
Даамай гүн найргийн
Галбараасан байлаа чи минь
Анд зоноо цугааранг нь уйлуулж одох
Алдар, гавьяа чинь миний найз,аа
Мөнх бус орчлонд мөнх ч
Мөддөө лав дүүрэхгүй зай үлдээсэн чинь
Он жил элэх тусам
Од, мичид шиг тодрох нь
Олон давтагдахгүй түүх биз,ээ
Очих газар чинь ойрхон-Тэнгэр ч
Орох үүд чинь дэлгээтэй-Диваажин ч
Бэтгэртлээ санаж хүлээх Монголдоо
Билүү чулуу нь зөөлхөн "ӨНЖҮҮЛ"-дээ
Хурдан буцаад ирээрэй!
Хурмастад даатгаж, УЙЛЖ ГУЙЯ найз нь.
2019.02.12-ны 15 цаг дор
АЛТАН ТЭВШИЙН ХӨНДИЙ
Сэтгэгдэл