Исламын улс бүлгийн гишүүнтэй холбоотой маргаанаас болж Норвегийн засгийн газар задарлаа


Исламын улс бүлэгт элссэн эмэгтэй болон түүний хоёр хүүхдийг Ойрх Дорнодоос буцааж ирүүлэх эсэх асуудлаар маргалдсан Норвегийн засгийн газар задрахад хүрсэн байна. Норвегийн Прогресс Нам өчигдөр энэ асуудлаар санал нийлээгүй тул эвслийн засгийн газраас гарч байгаагаа мэдэгджээ.

“Бид террорист байгууллагад сайн дураараа элссэн хүмүүстэй зөвшилцөхийг эсэргүүцэж байна. Энэ бол манай эцсийн байр суурь” гэж Прогресс намын дарга Сив Йенсэн мэдэгдсэн байна.

Тус намгүйгээр ерөнхий сайд Эрна Солбэргийн засгийн газар парламентад олонх биш болно. Гэхдээ тэр ерөнхий сайд хэвээр үлдэх юм байна.

Пакистан гаралтай Норвегийн иргэн, 29 настай эмэгтэй Исламын улс бүлэгт элсэхээр Ойрх Дорнод руу явж, тус бүлгийн гишүүн хоёр эрэгтэйтэй дараалан гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон юм.

Эмэгтэй өнгөрсөн Баасан гарагт бага насны хоёр хүүхдийн хамт Норвегид буцаж ирээд баривчлагджээ. Хүүхдүүдийнх нь нэг болох таван настай хүү өвчтэй байгаа тул эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Эмэгтэй одоогоор хүүхдээ сахиж байгаа гэнэ. Эвслийг бүрдүүлэгч намуудаас гурав нь эх, хүүхдүүдийг Норвегид хүлээж авахыг дэмжсэн бол ганц Прогресс нам хүүхдүүдийг нь авч үлдээд, эхийг нь буцаах байр суурьтай байжээ. 

Норвегийн эрх баригчид эмэгтэйг сайн дураараа Сири рүү явж, террорист байгууллагад элссэн гэж үзэж байгаа. Харин эмэгтэй өөрийгөө албадлагаар явсан гэж тайлбарлаж байна.

Өнгөрсөн онд Сири, Иракт тогтож байсан Исламын улс бүлэг нуран унасны дараа гадаадаас тус бүлэгт очиж элссэн олон хүн, тэдгээрийн хүүхдүүдийн асуудал дэлхийн олон улс оронд асуудал үүсгэсэн юм. 

НҮБ-ын тоо баримтад өгүүлснээр одоо Сири дэх хуаранд гадаадын террористуудын 28,000 орчим хүүхэд хоригдож байна. Өнгөрсөн долоо хоногт НҮБ хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс өөрийн иргэдийн хүүхдүүдийг эхийнх нь хамт буцааж авахыг улс орнуудад уриалсан юм.

Р.Төмөр 

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.